8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Ган-Эрдэнэ: Боловсролын үнэлгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр судалгаа хийж байна

2018-12-07 15:40:20

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

- Ирэх оноос сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-аа өгсөн дариудаа дүнгээ харах боломжтой болно гэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Элсэлтийн ерөнхий шалгалтыг 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт нийт 50 төвд зохион байгуулдаг. Ирэх жил элсэгчдийн тоо цөөн учраас 40 орчим төв дээр шалгалтыг зохион байгуулна. 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн дариудаа дүнгээ мэдэх боломжтой болж байгаа. Шалгалтаа аваад дууслаа, хянагч багш шалгуулагчдын материалыг хурааж аваад сурагчид хамтдаа тусгайлан бэлтгэсэн өрөөнд очиж шалгалтын материалыг машинд уншуулж дүнгээ шууд мэднэ.

Сурагчид шалгалтаа өгөөд материалаа багштайгаа хамт хяналт тавиад явчих учраас ямар нэгэн хардлага, сэрдлэг төрөхгүй. Шалгуулагчдын өөрсдийнх нь нүдэн дээр материалыг машинд уншуулаад дэлгэцэн дээр гаргана.

Өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан. Одоо бол шууд дүнгээ харах учраас сурагчдын хувьд ямар нэгэн эргэлцээ байхгүй. Нэг төв дээр хамгийн ихдээ 1500 орчим хүүхэд шалгалт өгнө. 1500 хүүхдийн материалыг  1 цагийн дотор засагч машин уншиж дүнг нь гаргах бүрэн боломжтой. ЕБС-ийн 12 жилийн шилжилттэй холбоотойгоор  ирэх жил 16.000 хүүхэд сургуулиа төгсөж байгаа. Тиймээс өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин бага хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр байгаа учраас илүү богино хугацаанд дүнгээ мэдэх боломжтой юм.

- ЭЕШ-ын дүнг шалгалт авсан дариу элсэгчдийн өмнө дэлгэцэн дээр харуулснаар ямар нэгэн дүнтэй холбоотой хардлага гарахгүй болов уу?

- Хуучин бол төвлөрүүлээд нэгдсэн журмаар засалтыг явуулдаг байсан. Тухайлбал, Баян-Өлгий аймгаас шалгалтын материал ирэх гэж маш их хугацаа орноШалгалтаа өгсний дараа элсэгчид 14 хоногийн  дараа дүнгээ мэддэг байлаа. Тиймээс сурагчид, эцэг эхчүүдийн хувьд эргэлзэх, янз бүрийн яриа гардаг байсан. Одоо сурагчид шалгалтаа өгсөн дариудаа дүнгээ шууд харах учраас энэ бүх эргэлзээ арилж байгаа. Сурагчид ЭЕШ-ын засалтад итгэх итгэл бүрэн дүүрэн байна гэсэн юм.

нэ жил Ховд, Орхон аймагт зохион байгуулсан шууд засалтаас харахад ч  сурагчид болон эцэг эхчүүд сэтгэл хангалуун байсан. Нөгөөтэйгүүр ЭЕШ шударга, ил тод нээлттэй болж байгаа талаасаа маш өндөр ач холбогдолтой юм. Мэдээллийн технологийг ашиглаад аливаа ажлыг шударга, шуурхай, ил тод зохион байгуулж болдог юм гэдгийг харуулна гэсэн зорилготой байгаа. Одоогийн байгаа техник, тоног төхөөрөмжийн хувьд үүнээс өөрөөр ил тод явуулах боломжгүй байна. Тэгэхээр засагч машины тусламжтайгаар ямар нэгэн гаднын нөлөөгүй сурагчдын дүнг засах бүрэн боломжтой болж байна.

- Улс орон даяар ЭЕШ өгч байгаа нийт элсэгчдийн дүнг шууд гаргах юм байна. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?

- Бэлтгэл ажлын хүрээнд 11 дүгээр сарын 23-нд засагч машиныг ажлуулах техникийн ажилтнуудын сургалтыг зохион байгуулсан. Мөн орон нутгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулах гэж байна. Сургалтыг зохион байгуулахад засагч машин хэрэгтэй. Одоогийн байдлаар Дэлхийн банкны санхүүжилтээр 26 засагч машинтай байгаа. Он гаргаад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 50 машин авахаар болсон. Ирэх жил бид тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй. Ганцхан том эрсдэл гардаг. Тэр нь магадгүй саяхныг шиг баруун хэдэн аймаг тоггүй болдог шиг шалгалтын өдрүүдэд биднээс хамаарахгүйгээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас цахилгаан тасарсан тохиолдолд арга хэмжээ авах боломжгүй юм. Бусдаар харьцангуй ямар нэгэн эрсдэл гарахгүй. Шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцөө эртнээс бэлтгээд ажиллаж байна.

- Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчээс ЭЕШ-ыг хэрхэн авах вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчийн материалыг засагч машинд уншуулах боломжгүй байдаг. Барилль бичгээр сэдвээ боловсруулаад хариултаа баррель дээр хийдэг. Тусгай комисс шалгалтын материалыг засна.

Улсын хэмжээнд жилд 30 хүрэхгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалт өгдөг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчид зориулсан шалгалтын төвийг зохион байгуулж, шалгалтыг авдаг байгаа.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЭМРАЙ НЭВТЭРСЭН

- Танай байгууллага Статистикийн тайлангийн программыг ашиглалтад оруулсан. Энэ ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ?

- ЭЕШ-ыг аваад, дүнг нь гаргаад, сурагчид авсан оноогоороо их дээд сургуульд ороод болчихдог зүйл биш юм. ЭЕШ-ын тайланг мэргэжлийн байгууллагын хэмжээнд, ЕБС-д хүртэл зориулж Статистикийн тайлангийн программ боловсруулсан. Статистикийн тайлангийн программын тусламжтайгаар улсын хэмжээнд ямар ч аймаг, дүүрэг, сум, хорооны ЕБС-ийн аль ч анги, бүлгийн хүүхдүүдийн ЭЕШ-ын даалгаврын үзүүлэлт, ямар хэмжээнд гүйцэтгэсэн, юун дээр яагаад алдаад байгааг нь мэдэх боломжтой болсон. Энэ маань эрүүл мэндийн салбартай зүйрлэвэл боловсролын салбарт эмрай нэвтэрч байна гэж ойлгож болно.

Өмнө нь бол бид, сурагчид ямар даалгаврыг хийж чадаж байгаа, чадахгүй байгааг ерөнхий байдлаар л хэлдэг байсан. Тэгвэл энэ систем нэвтэрснээр яг аль даалгаврыг ямар учраас хийж чадахгүй байна гэдгийг мэдэх боломжтой. Нэг ангийн 20 хүүхдийн 10 нь Монгол хэлний хичээлийнхээ юун дээр алдсаныг тодорхойлох боломжтой болсон.

Тухайлбал, аль нэг сумын сургуулийн сурагчид ЭЕШ-ын математикийн хичээлийн өгүүлбэртэй бодлого бодох дээр түлхүү тааруу дүн оноотой гарсан байлаа гэж бодоход үүнийг программаараа дамжуулан мэдэх боломжтой. Хийж чадах боломжтой даалгаврыг хүүхдүүд бодож чадаагүй хоёр асуудал байж болно. Нэгдүгээрт, багшийн арга барилаас хамаарч болно. Тэгвэл багшийн арга барилыг өөрчлөх шаардлагатай болж таарна. Хоёрдугаарт, сурах бичигтэй холбоотой байж болно. Сурах бичгийг сайжруулах ёстой болох нь. Энэ мэтчилэн сурагчдыг аль хичээл дээр ямар үзүүлэлттэй байгаас нь хамаарч учир шалтгааныг тогтооно гэсэн үг юм. Энэ тохиолдолд цаашид багшийн заах арга, ур чадварт анхаарах, сурах бичгийн чанарт анхаарах гээд бодлого тодорхойлогчдод одоо нарийн судалгаа мэдээлэл ирэх боломжтой болж байгаа юм.

Статистикийн тайлангийн программыг ашиглаад багш нар маань цааш цаашдаа сурагчдынхаа хичээлийг заахдаа юун дээр анхаарах, шинжлэх ухааны үндэслэлтэй заах боломж бүрдэж байна.

- Статистикийн тайлангийн программыг багш нараас гадна эцэг эхчүүд ашиглах боломжтой юу. Манай хүүхдүүд ямар хичээл дээр алдаад байна гэдэг байдлаар ашиглах шаардлага гарвал яах вэ?

- Программыг ашиглах эрхийг сургуулиудад нь өгч байгаа.Сургуулийн захиргаа, багш нараар дамжаад эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ сурлагын үзүүлэлтийг программаас мэдэх боломжтой. Гол нь бид Статистикийн тайлангийн программыг багш нар хичээлийнхээ заах арга барилд анхаарахад зориулж гаргасан байгаа. Тийм учраас багш нар маань сайн ашиглах хэрэгтэй.

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙГАА ТЕХНОЛОГИОРОО ОЛОН УЛСАД ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭГНЭЭНД ОЧСОН  

- Нээлттэй даалгаврын сангийн баяжуулалт хэрхэн хийгддэг вэ?

- Сурлагын чанарыг илэрхийлэх гол зүйл даалгавар байдаг. Иймд нээлттэй даалгаврын санг бий болгосон. Багш нар хичээлээ заачхаад дахиж даалгавар зохиож цаг үрэх шаардлагагүй болсон. Даалгавар боловсруулж, нээлттэй даалгаврын сантай болсноор багшийн ажлын ачаалал буурч байгаа. Нээлттэй даалгавар учраас жишиг даалгаврууд байдаг. Математикийн хичээл дээр гэхэд асуудал шийдвэрлэх даалгаврыг яаж зохиосон байна. Ийм хэлбэрийн даалгаврыг яаж зохиож болох уу гээд харах боломжтой юм. Аливаа зүйл нээлттэй болох тусмаа хөгждөг. Даалгаврыг нээлттэй болгосноор боловсролын үнэлгээ нээлттэй болж зөв замдаа орж байгаа нь анзаарагдаж байна л даа. Бид өмнө нь шалгалтын сэдэв даалгавар задарсан уу, задраагүй юу гэж ярьдаг байсан. Тэр даалгавар сайн, муу гэж хэн ч ярьдаггүй байлаа. Уг нь бид даалгавар задарсан тухай биш даалгаврын чанар, энэ даалгавар хүүхдүүдийн мэдлэгийг шалгаж чадаж байна уу гэдэг дээр ярилцаж байвал дагаад сургалтын чанар сайжрах ёстой. Тэгэхээр даалгаврыг нээлттэй болгоод ирэхээр нийгэмд байдаг хардлагыг бүрэн арилгаж байна. Одоо харин бидний энэ гаргасан нээлттэй даалгаврууд дээр цаг нь хүрэлцдэг бол багш нар мэтгэлцээч ээ гэж хэлмээр байна. “Энэ даалгавар чинь буруу байна” гэвэл бидний зүгээс анхаарч, эргэж харах сайжруулах хэрэгтэй. Алдаатай байвал түүнийгээ засаад явья. Ингэвэл дагаад сургалтын чанар сайжирна. Тэгэхгүй нээлттэй биш байлгаж байгаад гэнэт шалгалт аваад яваад байвал үр дүн тийм ч сайн биш байна. Даалгаврын санг нээлттэй болгох нь маш өндөр ач холбогдолтой. Өнөөдөр ээж, аавууд ч гэсэн нээлттэй даалгаврын сан руу ороод хүүхдээ шалгах бүрэн боломжтой. Одоо цаашид нээлттэй даалгаврын чанарыг сайжруулахын тулд хиймэл оюун ухааныг ашиглах судалгааны ажлыг эхлүүлээд явж байна.

- Нээлттэй даалгаварын чанарыг сайжруулахын тулд хиймэл оюун ухааныг ашиглана гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

- Манай байгууллага шалгалтыг нээлттэй, ил тод болгох тал дээр нэлээн ажил хийлээ. Шалгалтын даалгаврыг нь нээлттэй болголоо, дүн оноог нь шууд гаргадаг болж байна. Гаргасан дүн оноог нь анги, бүлгийн хэмжээнд өөрсдөө үзэх боломжтой боллоо. Бидний дараагийн шатны хийж байгаа том ажил бол хиймэл оюун ухааныг боловсролын үнэлгээнд нэвтрүүлэх явдал юм. Үүний нэг бодит ажил нь хиймэл оюун ухааныг ашиглаад даалгаврын чанарыг сайжруулах судалгааны ажлыг эхлүүлээд явж байна. Яагаад энийг ярьж байна гэхээр, энэ жил бид нээлттэй даалгаврын санд 27000 даалгаврыг авна. Энэ 27000 мянган даалгавар авах ажлыг багш нарын дунд улсын хэмжээнд нээлттэй зарлаж байгаа. Магадгүй даалгаврын санд оруулахаар 270 мянган даалгавар ч ороод ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ даалгаврын санг хүн бүр нэг бүрчлэн шалгана гэдэг маш амаргүй ажил. Маш олон хүн хийх ёстой болно. Нэг сайн багш олж ирээд 500 даалгаврыг шалгуулахаар өгөхөд хүн л юм чинь алдаа гаргах магадлалтай байдаг.

Тиймээс хүн хүч шаардсан төрийн ажлыг хиймэл оюун ухаан, робот ашиглах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр бидний дараагийн алхам бол хиймэл оюун ухааныг ашиглаад нээлттэй даалгаврын чанарыг сайжруулах, шалгах бүрэн боломжтой юм. Багш нарын бэлтгэсэн даалгаврыг алдаатай, алдаагүйг шалгана гэдэг манай байгууллагад маш их ачаалал авчир ч байгаа. Багш нар даалгавар зохиох эрхийг нээлттэй болгох нь зөв хандлага. Энэ зөв хандлагыг дэмжсэн технологийн шийдлээ давхар хийж явахгүй бол ачааллаа дийлэхгүй байхаар байна. Төр дээр үүсч байгаа ачааллыг бидэн шиг хүний нөөц багатай ард түмэн хиймэл оюун ухааныг ашиглаж даван гарах боломжтой. Хиймэл оюун ухааныг ашиглаж байж л олон улсад өрсөлдөх боломж нээгдэнэ. Цаг алдалгүй хиймэл оюун ухааныг ашиглах хэрэгтэй байна. Тиймээс нээлттэй даалгаврын санг сайжруулахад хиймэл оюун ухааныг ашиглахаар судалгаа хийгдээд явж байна. Бодит үр дүн, эерэг хандлага гарч ирнэ гэсэн итгэлтэй байгаа. Ялангуяа үнэлгээ хийнэ гэдэг бол ямар нэгэн субъектив хандлага орох ёсгүй байдаг. Тийм учраас энэ ажлыг хэн шударга, үнэн зөв хийх вэ гэхээр робот л хийнэ. Боловсролын үнэлгээнд хиймэл оюун ухааныг ашиглах ажил судалгааны түвшинд явж байна.

- Боловсролын үнэлгээнд технологийг илүүтэй ашиглаж байгаа юм байна?

Тийм. Боловсролын салбарт ашиглаж байгаа технологи ашиглалтаараа манай улс өндөр үзүүлэлттэй байгаа. Боловсролын үнэлгээний төв мэргэжлийн байгууллагын хувьд технологийг боловсролын салбартаа түлхүү оруулж ирэхээр хичээж байна.Манай байгууллага 2018 онд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын улсын шалгалтыг нээлттэй даалгаврын сангаас зохион байгууллаа. Нээлттэй даалгаврын сангаас шалгалтаа аваад шууд нээлттэй дүнг нь харуулдаг болгож байна. Сурагчдын даалгаврын дүн, оноон дээрээ суурилаад тухайн анги, бүлгийн багш өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх боломжтой боллоо. Энэ бүхнийг харах юм бол боловсролын үнэлгээнд нэвтрүүлж байгаа технологиороо бид олон улсад тэргүүлэгчдийн эгнээнд очиж чадаж байгаа. Ирэх 2019 онд улсын хэмжээнд ЭЕШ-ын дүн оноог шууд гаргах системд бүрэн нэвтрүүлснээр олон улсад илүү байр суурьтай болно.

Тэгэхээр манайхаас барьж байгаа бодлого бол  боловсролын үнэлгээг хүний оролцоогүй, ямар нэгэн нөлөөлөлгүй байх талаас нь онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Үүний үр дүнд технологи ашиглалт, цахим ашиглалтаараа олон улсын тэргүүлэгчдийн эгнээнд очиж байна. Энэ тал дээр бид нүүр бардам байж чадаж байгаа. Жишээлбэл, ЭЕШ дээр баганан кодыг ашиглаж байгаа. Хүн нүдээрээ хараад унших боломжгүй. Үүнийг олон улсын зарим байгууллага сонирхож манайхаас туршлага судалж байсан тохиолдол байдаг. Бидний хийж байгаа энэ технологийн шийдлүүд нь олон улсад туршлага болж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл