8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурч, АТГ жилийн ажлаа тайлагнасан өдөр

2018-12-07 18:45:00

Жавар тачигнасан хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа ч өвлийн улирал цаанаа л нэг гоё мэдрэмж төрүүлнэ. Учир нь нийслэл хотын гудамж талбай, албан байгууллага гадна атлбайдаа шинэ жилийн гацуур модоо засч, хаа сайгүй жилийн тухай дуу эгшиглэх нь сэтгэл дотно. Энэ оны амжилт бүтээлээ дүгнэн үдэж, ирэх ондоо хийх ажлаа төлөвлөн угтах сайхан мөч хэдхэн хоногийн дараа ирнэ. Ингээд үдэш бүрийн энэ цагт та бүхэнд хүрдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо.

Өнөөдөр хэвлэлийн хуудаснаа дараах мэдээ мэдээллийг онцлов. “Монголын нэг өдөр” тоймоо хүлээн авна уу.

Н.Алтанхуяг: Шударга бусын хонгил нурах дөхөж, Ц.Элбэгдорж, М.Энхболд нарыг тэвдүүлж байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шударга бусын хонгилын талаар ээлжит видеогоо хийжээ. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад шударга бусын хонгил ажилласаар байгаад огцруулсан. Саяхан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдахад шударга бусын хонгил маш эрчимтэй ажиллаж эхэлсэн. Гэвч үнэний өмнө хүчгүйдлээ. Шударга бусын хонгил нурах дөхөж байна. Энэ нуралт нь экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарыг тэвдүүлж байна гэх тайлбарыг хийлээ.  

Бичлэгийг энд дарж үзнэ үү. 

АТГ: ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан гэх хэргээр Б.Батзоригоос мэдүүлэг авсан

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хурлаар ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэргийг талаар мэдээлэл өгсөн юм.  Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм.  ЖДҮХС-гаас 2016 онд 200 гаруй аж ахуйн нэгжид зээл олгосон асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Уг хэрэгт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг дуудаж байцаасан байна. Түүнээс өөр хүнийг дуудаж байцаагаагүй гэдгээ АТГ-аас мэдээллээ. 

Засгийн газарт Зөвлөмж хүргүүллээ

2017 онд Авлигатай тэмцэх газрын ажлын багууд 21 аймаг, 99 сум, яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, нийслэл, дүүргийн 94 байгууллагад ажиллаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны нөхцөл байдлыг тодорхойллоо.

Авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах талаар төрийн байгууллагууд дорвитой арга хэмжээ аваагүй, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдлыг хангаагүй байна гэсэн дүгнэлтийг Авлигатай тэмцэх газрын ажлын багууд хийжээ. Авлигын түвшинг бууруулах, эрсдэл үүсгэх хүчин зүйлийг арилгах, илэрсэн зөрчил дутагдлуудыг давтан гаргахгүй байх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд болон төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулж, Засгийн газарт Зөвлөмж хүргүүлсэн. Шалгалтын дүнг төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад танилцуулж, Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, шалган туслах ажлыг эрчимжүүлсэн, мөн Засгийн газрын гишүүдэд салбар бүрийн авлигын нөхцөл байдлын талаар тусгайлсан зөвлөмж хүргүүлсэн, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.  

“Олон нийтийн төв”-ийг нээн ажиллуулж байна

Нийтийн албан тушаалтан, иргэд, олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад авлигын эсрэг богино хугацааны болон давтан сургалт явуулах, мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор өдөрт 170 хүнийг хүлээн авах хүчин чадалтай  их, бага танхим бүхий “Олон нийтийн төв”-ийг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс нээн ажиллаж байна.

Энэхүү төвийг нээн ажиллуулснаар НҮБ, Олон улсын авлигын эсрэг академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон дотоодын сургалтын байгууллагуудтай хамтран “Нийтийн албаны сургалтын институт” байгуулах суурийг тавиад байна. Цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд үлгэр жишээ үзүүлэхүйц байнгын ажиллагаатай сургалт, соён гэгээрүүлэх ажлын дэд бүтцийг бий болгох эхлэлийг тавилаа.

Авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгуулав

Авлига гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, зохиомлоор шат дамжлага, хүнд суртал бий болгосон, ашиг хонжоо олох, давуу байдал үүсгэхүйц гэж үзсэн 88 шийдвэрийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хянан үзэж, бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилжээ. Өнөөдрийн байдлаар авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлж өөрчилсөн талаараа төрийн байгууллагууд хариу мэдэгдээд байна.

Соён гэгээрүүлэх аян

Үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд төрийн албан хаагч, залуу хойч үед авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх “Өөр ирээдүй”, бизнес эрхлэгч, хувийн хувшилд чиглэсэн “Авлигын эсрэг нэг үйлдэл” аяныг иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулав. Түүнчлэн хүүхэд багачуудад шударга ёсны үзэл санаа төлөвшүүлэхэд зориулсан “Туулайхүүгийн адал явдал” номоос сэдэвлэн жүжигчилсэн сургалт зохион байгуулж 5000 орчим хүүхдийг хамруулаад байна.

Яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлэв

Төрийн бус байгууллага, судалгааны байгууллагатай хамтран 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд 2019 онд иргэдийн бухимдлыг төрүүлдэг шүүх, эрүүл мэнд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үнэлгээг хийх төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна. Төрийн байгууллага авлигын эрсдлээ тодорхой аргачлал, арга зүйд тулгуурлан үнэлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоон үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга замаа сонгох боломжтой болсон. Эрсдлийг тодорхойлж, түүнийг бууруулах ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх нь тухай байгууллагад авлигын эсрэг оновчтой бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх төсөөллийн судалгааг анх удаа, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 10 дахь жилдээ хийж, судалгааны дүнг олон нийтэд мэдээлж танилцууллаа.

Нийтийн албанд томилогдох 15 мянган иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газар төрийн захиргааны төв байгууллага болон орон нутаг, тэр дундаа сумдын түвшинд хүрч ажиллах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг улсын хэмжээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна. Мөн илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, төрийн албаны томилгооны байдалд дүн шинжилгээ хийж ажиллаж байна.

АТГ сүүлийн 2 жилийн хугацаанд нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 15558 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 60 гаруй иргэнийг тухайн нэр дэвшсэн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тухай хариуг хүргүүлж нийтийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг томилуулахаас урьдчилан сэргийлсэн байна.

Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа гэж АТГ-аас гаргасан дүгнэлтэд ихэвчлэн удирдах албан тушаалтан буюу тушаал, шийдвэр гаргах эрх хэмжээтэй албан тушаалд нэр дэвшсэн этгээдүүд хамрагдсан байх бөгөөд энэ нь албан тушаалтнууд хувийн сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдлийг хязгаарлаж байгаа үйл ажиллагаа болсон.

40 мянган албан тушаалтны мэдүүлгийг нийтэд зарлав

АТГ-аас улс орныг хамарсан өргөн хэмжээнд зохион байгуулдаг томоохон ажлуудын нэг нь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд бүртгэх, хадгалах үйл ажиллагаа бөгөөд төрийн албаны ил тод байдал, төрийн албан хаагчийн хариуцлагатай, шударга байдлыг хангах зорилгоор төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн сайтад нээлттэй байршуулж, олон нийтэд тогтмол мэдээлж ирсэн.

2016 оноос цахим системийн үйл ажиллагааг боловсронгуй болгосонтой холбоотойгоор 2018 оны 1 дүгээр улирлаас эхлэн ХОМ гаргадаг нийт 40000 албан тушаалтны мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд мэдээллээр хангаж байна.  Мэдээллийг нээлттэй, ил тод хүргэснээр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, оролцоог дээшлүүлэх, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинг дээшлүүлэхэд эергээр нөлөөлж байгаа төдийгүй хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүн, нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх  ажиллагаанд ахиц гарч байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим системийг шинэчиллээ

АТГ албан тушаалтны мэдүүлэг хянах үйл ажиллагааг бүрэн цахимжуулахаар холбогдох техникийн шинэчлэлт 2016 оноос эрчимжүүлсэн. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим системийг шинэчилж, шинэ техник, технологийг нэвтрүүлээд байна. Ингэснээр дан ганц бүртгэж, хүлээн авах биш судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээ, тайланг цаг алдалгүй гаргах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, харьцуулалт, судалгаа хийх ажил шинэ түвшинд хүрч байна.

Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд ХОМ гаргахдаа бүх хуудсыг цаасаар хэвлэж, баталгаажуулдаг байсныг өөрчлөн, зөвхөн ”Баталгааны маягт”-ыг гаргаснаар мэдүүлэг баталгааждаг болов. Ингэснээр эдийн засгийн болон мэдүүлэг гаргагч, мэдүүлгийг бүртгэж хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтны ажлын ачаалал, цаг хугацааг хэмнэсэн  чухал арга хэмжээ болсон юм.

АТГ-т ирүүлэх өргөдөл, гомдол, мэдээллийн тоо өссөөр байна

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийн талаар АТГ-т мэдээлэх ухамсар улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус газарт ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн тоо байнга өсч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд 894 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд 825-ыг нь хянан шийдвэрлээд байна.

АТГ иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгахдаа хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг эн тэргүүнд тавих бус зөрчлийг арилгуулах, зөвлөмж анхааруулга өгөх, зөвлөн туслах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Оффшор бүс дэх хөрөнгийг мэдэгдэж, мэдээллээ

УИХ-аас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт”-ыг нэмсэн билээ. Улмаар оффшор бүсэд хамаарах нийт 49 нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор тус тус баталсан юм.

Хууль тогтоомжийн энэхүү өөрчлөлт, хэрхэн хэрэгжүүлэх талаарх зөвлөмжийг АТГ төрийн бүх байгууллагуудад хүргэж ажилласан бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлж оффшор бүсэд өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг болон эзэмшиж байсан данс, хөрөнгө, өөрчлөлт хөдөлгөөнийг мэдэгдсэн албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэж хүлээн авч, мөн олон нийтэд мэдээлсэн. Оффшор бүсэд данс хөрөнгө эзэмшихтэй холбоотой дээрх хориглолт нь нийтийн албан тушаалтнуудыг хууль бусаар орлого олох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих болон ашиг сонирхлын зөрчил болон цаашлаад албан тушаалын гэмт хэрэг болон бусад гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чухал зохицуулалт болсон.

Гэмт хэргийн шинжтэй 802 гомдлыг шалгаж шийдвэрлэжээ

Гэмт хэргийн шинжтэй нийт 802 гомдлыг шалгаж шийдвэрлэсэн, 199 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. 411 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 309 гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 74 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 99.1 хувьтай байна.  

Нийт шалгасан гомдол, мэдээллийн 57.9 хувь нь Улаанбаатар хотод, 42.1 хувь нь орон нутагт харьяалагдаж байна. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх онуудтай харьцуулахад шалгаж шийдвэрлэсэн өргөдөл гомдол мэдээлэл 236-аар буюу 29,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эрүүгийн 206 хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газар сүүлийн 2 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын 1163 үйлдэлтэй, 1126 холбогдогчтой, 1040 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Өмнөх онуудтай харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 628-өөр буюу 2.5 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 102-аар буюу 2 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 344-өөр буюу 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 28.6 гомдол, мэдээлэл, 37.1 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 35.6 хувийг төрийн тусгай, 17.6 хувийг төрийн захиргааны, 14.6 хувийг иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 6.5 хувийг төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 13.8 хувийг төрийн улс төрийн, 11.9 хувийг төрийн үйлчилгээний албан тушаалтан эзэлж байна.

Сэтгүүлчдийн асуултад хариулт өгч юм. 

 - ЖДҮС-тай холбоо асуудлаар нэр бүхий гишүүн, улстөрчдийг шалгаж байгаа юу?
ЖДҮХС-гаас 2018 онд 200 гаруй нэр компанид зээл олгосон асуудлыг шалгаж байна. УИХ-н гишүүдтэй холбогдох асуудлыг УЕП-оос их хуралд өргөн барих хуультай. Прокурорын байгууллага ажиллаж байгаа болно. ЖДҮХС-аас зээл авсан компаниуд журмын дагуу зээлээ авсан байна уу, зээл олгоход албан тушаалтан нөлөөлсөн үү, үгүй юу, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг шалгаж байна. 

-ЖДҮ-аас хамаарал бүхий компани нь зээл авсан гэдэг нь баримтаар нотлогдоод байгаа 14 гишүүний хэргийг шалгасан уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгдөг. Зээл авсан компаниудыг бүгдийг нь нарийвчлан шалгаж байгаа. 

- Ерөнхий сайдуудад холбогдох хэргийн шалгалтын явцад өөрчлөлт орсон уу?

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Энэ хэрэг цар хүрээний хувьд өргөн яаралтай шийдвэрлэх боломжгүй. Бидний зүгээс гадны байгууллагуудтай холбогдон хамтран ажиллаж байна. 

- Стандарт банктай холбоотой хэргийг шалгах ажил хэр явж байна вэ? 

- Стандарт банкны хэргийн санхүүгийн мөрдөн шалгах ажлын үр дүн гарсан. Прокурорын хяналтад үргэлжилж байна. "Жаст" компаний захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн шалгалтыг ойрын үед дуусгана.

Ж.Ган-Эрдэнэ: Боловсролын үнэлгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр судалгаа хийж байна

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

- Ирэх оноос сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-аа өгсөн дариудаа дүнгээ харах боломжтой болно гэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Элсэлтийн ерөнхий шалгалтыг 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт нийт 50 төвд зохион байгуулдаг. Ирэх жил элсэгчдийн тоо цөөн учраас 40 орчим төв дээр шалгалтыг зохион байгуулна. 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн дариудаа дүнгээ мэдэх боломжтой болж байгаа. Шалгалтаа аваад дууслаа, хянагч багш шалгуулагчдын материалыг хурааж аваад сурагчид хамтдаа тусгайлан бэлтгэсэн өрөөнд очиж шалгалтын материалыг машинд уншуулж дүнгээ шууд мэднэ.

Сурагчид шалгалтаа өгөөд материалаа багштайгаа хамт хяналт тавиад явчих учраас ямар нэгэн хардлага, сэрдлэг төрөхгүй. Шалгуулагчдын өөрсдийнх нь нүдэн дээр материалыг машинд уншуулаад дэлгэцэн дээр гаргана.

Өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан. Одоо бол шууд дүнгээ харах учраас сурагчдын хувьд ямар нэгэн эргэлцээ байхгүй. Нэг төв дээр хамгийн ихдээ 1500 орчим хүүхэд шалгалт өгнө. 1500 хүүхдийн материалыг  1 цагийн дотор засагч машин уншиж дүнг нь гаргах бүрэн боломжтой. ЕБС-ийн 12 жилийн шилжилттэй холбоотойгоор  ирэх жил 16.000 хүүхэд сургуулиа төгсөж байгаа. Тиймээс өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин бага хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр байгаа учраас илүү богино хугацаанд дүнгээ мэдэх боломжтой юм.

- ЭЕШ-ын дүнг шалгалт авсан дариу элсэгчдийн өмнө дэлгэцэн дээр харуулснаар ямар нэгэн дүнтэй холбоотой хардлага гарахгүй болов уу?

- Хуучин бол төвлөрүүлээд нэгдсэн журмаар засалтыг явуулдаг байсан. Тухайлбал, Баян-Өлгий аймгаас шалгалтын материал ирэх гэж маш их хугацаа орноШалгалтаа өгсний дараа элсэгчид 14 хоногийн  дараа дүнгээ мэддэг байлаа. Тиймээс сурагчид, эцэг эхчүүдийн хувьд эргэлзэх, янз бүрийн яриа гардаг байсан. Одоо сурагчид шалгалтаа өгсөн дариудаа дүнгээ шууд харах учраас энэ бүх эргэлзээ арилж байгаа. Сурагчид ЭЕШ-ын засалтад итгэх итгэл бүрэн дүүрэн байна гэсэн юм.

нэ жил Ховд, Орхон аймагт зохион байгуулсан шууд засалтаас харахад ч  сурагчид болон эцэг эхчүүд сэтгэл хангалуун байсан. Нөгөөтэйгүүр ЭЕШ шударга, ил тод нээлттэй болж байгаа талаасаа маш өндөр ач холбогдолтой юм. Мэдээллийн технологийг ашиглаад аливаа ажлыг шударга, шуурхай, ил тод зохион байгуулж болдог юм гэдгийг харуулна гэсэн зорилготой байгаа. Одоогийн байгаа техник, тоног төхөөрөмжийн хувьд үүнээс өөрөөр ил тод явуулах боломжгүй байна. Тэгэхээр засагч машины тусламжтайгаар ямар нэгэн гаднын нөлөөгүй сурагчдын дүнг засах бүрэн боломжтой болж байна.

- Улс орон даяар ЭЕШ өгч байгаа нийт элсэгчдийн дүнг шууд гаргах юм байна. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?

- Бэлтгэл ажлын хүрээнд 11 дүгээр сарын 23-нд засагч машиныг ажлуулах техникийн ажилтнуудын сургалтыг зохион байгуулсан. Мөн орон нутгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулах гэж байна. Сургалтыг зохион байгуулахад засагч машин хэрэгтэй. Одоогийн байдлаар Дэлхийн банкны санхүүжилтээр 26 засагч машинтай байгаа. Он гаргаад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 50 машин авахаар болсон. Ирэх жил бид тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй. Ганцхан том эрсдэл гардаг. Тэр нь магадгүй саяхныг шиг баруун хэдэн аймаг тоггүй болдог шиг шалгалтын өдрүүдэд биднээс хамаарахгүйгээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас цахилгаан тасарсан тохиолдолд арга хэмжээ авах боломжгүй юм. Бусдаар харьцангуй ямар нэгэн эрсдэл гарахгүй. Шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцөө эртнээс бэлтгээд ажиллаж байна.

- Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчээс ЭЕШ-ыг хэрхэн авах вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчийн материалыг засагч машинд уншуулах боломжгүй байдаг. Барилль бичгээр сэдвээ боловсруулаад хариултаа баррель дээр хийдэг. Тусгай комисс шалгалтын материалыг засна. 

Улсын хэмжээнд жилд 30 хүрэхгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалт өгдөг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчид зориулсан шалгалтын төвийг зохион байгуулж, шалгалтыг авдаг байгаа.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЭМРАЙ НЭВТЭРСЭН

- Танай байгууллага Статистикийн тайлангийн программыг ашиглалтад оруулсан. Энэ ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ?

- ЭЕШ-ыг аваад, дүнг нь гаргаад, сурагчид авсан оноогоороо их дээд сургуульд ороод болчихдог зүйл биш юм. ЭЕШ-ын тайланг мэргэжлийн байгууллагын хэмжээнд, ЕБС-д хүртэл зориулж Статистикийн тайлангийн программ боловсруулсан. Статистикийн тайлангийн программын тусламжтайгаар улсын хэмжээнд ямар ч аймаг, дүүрэг, сум, хорооны ЕБС-ийн аль ч анги, бүлгийн хүүхдүүдийн ЭЕШ-ын даалгаврын үзүүлэлт, ямар хэмжээнд гүйцэтгэсэн, юун дээр яагаад алдаад байгааг нь мэдэх боломжтой болсон. Энэ маань эрүүл мэндийн салбартай зүйрлэвэл боловсролын салбарт эмрай нэвтэрч байна гэж ойлгож болно.

Өмнө нь бол бид, сурагчид ямар даалгаврыг хийж чадаж байгаа, чадахгүй байгааг ерөнхий байдлаар л хэлдэг байсан. Тэгвэл энэ систем нэвтэрснээр яг аль даалгаврыг ямар учраас хийж чадахгүй байна гэдгийг мэдэх боломжтой. Нэг ангийн 20 хүүхдийн 10 нь Монгол хэлний хичээлийнхээ юун дээр алдсаныг тодорхойлох боломжтой болсон.

Тухайлбал, аль нэг сумын сургуулийн сурагчид ЭЕШ-ын математикийн хичээлийн өгүүлбэртэй бодлого бодох дээр түлхүү тааруу дүн оноотой гарсан байлаа гэж бодоход үүнийг программаараа дамжуулан мэдэх боломжтой. Хийж чадах боломжтой даалгаврыг хүүхдүүд бодож чадаагүй хоёр асуудал байж болно. Нэгдүгээрт, багшийн арга барилаас хамаарч болно. Тэгвэл багшийн арга барилыг өөрчлөх шаардлагатай болж таарна. Хоёрдугаарт, сурах бичигтэй холбоотой байж болно. Сурах бичгийг сайжруулах ёстой болох нь. Энэ мэтчилэн сурагчдыг аль хичээл дээр ямар үзүүлэлттэй байгаас нь хамаарч учир шалтгааныг тогтооно гэсэн үг юм. Энэ тохиолдолд цаашид багшийн заах арга, ур чадварт анхаарах, сурах бичгийн чанарт анхаарах гээд бодлого тодорхойлогчдод одоо нарийн судалгаа мэдээлэл ирэх боломжтой болж байгаа юм.

Статистикийн тайлангийн программыг ашиглаад багш нар маань цааш цаашдаа сурагчдынхаа хичээлийг заахдаа юун дээр анхаарах, шинжлэх ухааны үндэслэлтэй заах боломж бүрдэж байна.

- Статистикийн тайлангийн программыг багш нараас гадна эцэг эхчүүд ашиглах боломжтой юу. Манай хүүхдүүд ямар хичээл дээр алдаад байна гэдэг байдлаар ашиглах шаардлага гарвал яах вэ?

- Программыг ашиглах эрхийг сургуулиудад нь өгч байгаа.Сургуулийн захиргаа, багш нараар дамжаад эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ сурлагын үзүүлэлтийг программаас мэдэх боломжтой. Гол нь бид Статистикийн тайлангийн программыг багш нар хичээлийнхээ заах арга барилд анхаарахад зориулж гаргасан байгаа. Тийм учраас багш нар маань сайн ашиглах хэрэгтэй.

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙГАА ТЕХНОЛОГИОРОО ОЛОН УЛСАД ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭГНЭЭНД ОЧСОН  

- Нээлттэй даалгаврын сангийн баяжуулалт хэрхэн хийгддэг вэ?

- Сурлагын чанарыг илэрхийлэх гол зүйл даалгавар байдаг. Иймд нээлттэй даалгаврын санг бий болгосон. Багш нар хичээлээ заачхаад дахиж даалгавар зохиож цаг үрэх шаардлагагүй болсон. Даалгавар боловсруулж, нээлттэй даалгаврын сантай болсноор багшийн ажлын ачаалал буурч байгаа. Нээлттэй даалгавар учраас жишиг даалгаврууд байдаг. Математикийн хичээл дээр гэхэд асуудал шийдвэрлэх даалгаврыг яаж зохиосон байна. Ийм хэлбэрийн даалгаврыг яаж зохиож болох уу гээд харах боломжтой юм. Аливаа зүйл нээлттэй болох тусмаа хөгждөг. Даалгаврыг нээлттэй болгосноор боловсролын үнэлгээ нээлттэй болж зөв замдаа орж байгаа нь анзаарагдаж байна л даа. Бид өмнө нь шалгалтын сэдэв даалгавар задарсан уу, задраагүй юу гэж ярьдаг байсан. Тэр даалгавар сайн, муу гэж хэн ч ярьдаггүй байлаа. Уг нь бид даалгавар задарсан тухай биш даалгаврын чанар, энэ даалгавар хүүхдүүдийн мэдлэгийг шалгаж чадаж байна уу гэдэг дээр ярилцаж байвал дагаад сургалтын чанар сайжрах ёстой. Тэгэхээр даалгаврыг нээлттэй болгоод ирэхээр нийгэмд байдаг хардлагыг бүрэн арилгаж байна. Одоо харин бидний энэ гаргасан нээлттэй даалгаврууд дээр цаг нь хүрэлцдэг бол багш нар мэтгэлцээч ээ гэж хэлмээр байна. “Энэ даалгавар чинь буруу байна” гэвэл бидний зүгээс анхаарч, эргэж харах сайжруулах хэрэгтэй. Алдаатай байвал түүнийгээ засаад явья. Ингэвэл дагаад сургалтын чанар сайжирна. Тэгэхгүй нээлттэй биш байлгаж байгаад гэнэт шалгалт аваад яваад байвал үр дүн тийм ч сайн биш байна. Даалгаврын санг нээлттэй болгох нь маш өндөр ач холбогдолтой. Өнөөдөр ээж, аавууд ч гэсэн нээлттэй даалгаврын сан руу ороод хүүхдээ шалгах бүрэн боломжтой. Одоо цаашид нээлттэй даалгаврын чанарыг сайжруулахын тулд хиймэл оюун ухааныг ашиглах судалгааны ажлыг эхлүүлээд явж байна.

- Нээлттэй даалгаварын чанарыг сайжруулахын тулд хиймэл оюун ухааныг ашиглана гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

- Манай байгууллага шалгалтыг нээлттэй, ил тод болгох тал дээр нэлээн ажил хийлээ. Шалгалтын даалгаврыг нь нээлттэй болголоо, дүн оноог нь шууд гаргадаг болж байна. Гаргасан дүн оноог нь анги, бүлгийн хэмжээнд өөрсдөө үзэх боломжтой боллоо. Бидний дараагийн шатны хийж байгаа том ажил бол хиймэл оюун ухааныг боловсролын үнэлгээнд нэвтрүүлэх явдал юм. Үүний нэг бодит ажил нь хиймэл оюун ухааныг ашиглаад даалгаврын чанарыг сайжруулах судалгааны ажлыг эхлүүлээд явж байна. Яагаад энийг ярьж байна гэхээр, энэ жил бид нээлттэй даалгаврын санд 27000 даалгаврыг авна. Энэ 27000 мянган даалгавар авах ажлыг багш нарын дунд улсын хэмжээнд нээлттэй зарлаж байгаа. Магадгүй даалгаврын санд оруулахаар 270 мянган даалгавар ч ороод ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ даалгаврын санг хүн бүр нэг бүрчлэн шалгана гэдэг маш амаргүй ажил. Маш олон хүн хийх ёстой болно. Нэг сайн багш олж ирээд 500 даалгаврыг шалгуулахаар өгөхөд хүн л юм чинь алдаа гаргах магадлалтай байдаг.

Тиймээс хүн хүч шаардсан төрийн ажлыг хиймэл оюун ухаан, робот ашиглах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр бидний дараагийн алхам бол хиймэл оюун ухааныг ашиглаад нээлттэй даалгаврын чанарыг сайжруулах, шалгах бүрэн боломжтой юм. Багш нарын бэлтгэсэн даалгаврыг алдаатай, алдаагүйг шалгана гэдэг манай байгууллагад маш их ачаалал авчир ч байгаа. Багш нар даалгавар зохиох эрхийг нээлттэй болгох нь зөв хандлага. Энэ зөв хандлагыг дэмжсэн технологийн шийдлээ давхар хийж явахгүй бол ачааллаа дийлэхгүй байхаар байна. Төр дээр үүсч байгаа ачааллыг бидэн шиг хүний нөөц багатай ард түмэн хиймэл оюун ухааныг ашиглаж даван гарах боломжтой. Хиймэл оюун ухааныг ашиглаж байж л олон улсад өрсөлдөх боломж нээгдэнэ. Цаг алдалгүй хиймэл оюун ухааныг ашиглах хэрэгтэй байна. Тиймээс нээлттэй даалгаврын санг сайжруулахад хиймэл оюун ухааныг ашиглахаар судалгаа хийгдээд явж байна. Бодит үр дүн, эерэг хандлага гарч ирнэ гэсэн итгэлтэй байгаа. Ялангуяа үнэлгээ хийнэ гэдэг бол ямар нэгэн субъектив хандлага орох ёсгүй байдаг. Тийм учраас энэ ажлыг хэн шударга, үнэн зөв хийх вэ гэхээр робот л хийнэ. Боловсролын үнэлгээнд хиймэл оюун ухааныг ашиглах ажил судалгааны түвшинд явж байна.

- Боловсролын үнэлгээнд технологийг илүүтэй ашиглаж байгаа юм байна?

Тийм. Боловсролын салбарт ашиглаж байгаа технологи ашиглалтаараа манай улс өндөр үзүүлэлттэй байгаа. Боловсролын үнэлгээний төв мэргэжлийн байгууллагын хувьд технологийг боловсролын салбартаа түлхүү оруулж ирэхээр хичээж байна.Манай байгууллага 2018 онд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын улсын шалгалтыг нээлттэй даалгаврын сангаас зохион байгууллаа. Нээлттэй даалгаврын сангаас шалгалтаа аваад шууд нээлттэй дүнг нь харуулдаг болгож байна. Сурагчдын даалгаврын дүн, оноон дээрээ суурилаад тухайн анги, бүлгийн багш өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх боломжтой боллоо. Энэ бүхнийг харах юм бол боловсролын үнэлгээнд нэвтрүүлж байгаа технологиороо бид олон улсад тэргүүлэгчдийн эгнээнд очиж чадаж байгаа. Ирэх 2019 онд улсын хэмжээнд ЭЕШ-ын дүн оноог шууд гаргах системд бүрэн нэвтрүүлснээр олон улсад илүү байр суурьтай болно.

Тэгэхээр манайхаас барьж байгаа бодлого бол  боловсролын үнэлгээг хүний оролцоогүй, ямар нэгэн нөлөөлөлгүй байх талаас нь онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Үүний үр дүнд технологи ашиглалт, цахим ашиглалтаараа олон улсын тэргүүлэгчдийн эгнээнд очиж байна. Энэ тал дээр бид нүүр бардам байж чадаж байгаа. Жишээлбэл, ЭЕШ дээр баганан кодыг ашиглаж байгаа. Хүн нүдээрээ хараад унших боломжгүй. Үүнийг олон улсын зарим байгууллага сонирхож манайхаас туршлага судалж байсан тохиолдол байдаг. Бидний хийж байгаа энэ технологийн шийдлүүд нь олон улсад туршлага болж байгаа юм.

“Бид финанс” ББСБ-ын ажилтнуудын гарт сэтгүүлч амиа алджээ

МҮОНТВ-ийн сэтгүүлч банк бус санхүүгийн байгууллагын ажилтнуудад зодуулж нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал тус телевизийн “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн хөтлөгч Б.Төгөлдөр “Бид финанс” ББСБ-ын  100 айл дахь “Ампер хаус” төвд байрлах байранд амиа алджээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст  шалгаж аж.  Эх сурвалийн мэдээлж буйгаар “Арваннэгдүгээр сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнө уг хэрэг гарсан гэнэ. Тус ББСБ-д ажилладаг эхнэрээ авахаар очтол тэнд хүмүүс архи ууж байсан юм билээ. Ингээд маргаан үүсэж, “Бид финанс” ББСБ-ын хоёр ажилтан Т цохиж аминд нь хүрсэн гэнэ. 

 Энэ хэргийн талаар  ББСБ-аас тодруулахад  “Хэргийн талаар одоогоор мар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа" гэв.  

Цахим орчинд бусдыг залилсан хэргийг шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид иргэдийн цахим хаяг уруу нэвтэрч, мөнгө залилан авдаг байсан бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна.  Сэжигтнүүд  17-20 насныхан  аж. энэ он гарснаас хойш цахим орчинд бусдыг залилсан 14 хүнд холбогдох хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр хэргүүд мөрдөн байцаалт явагдаж байгаа юм байна. Сэжигтнүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1.2, 17.3.1 т зааснаар зүйчлэн шалгаж байна.

УИХ-аас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. "Шаардлага хүргүүлэх тухай" албан бичгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэвлэл мэдээллийнхэнд танилцуулав. Шаардлагыг бүрэн эхээр нь толилуулъя.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХЭД ХҮРГҮҮЛЭХ ШААРДЛАГА

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах санал, Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлж өгөх Таны хүсэлт зэрэг улс орны өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах саналаа танилцуулаагүйгээс уг асуудлыг гишүүдийн олонхын саналаар хойшлуулсан. Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн улс орны эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой чухал асуудлыг хэлэлцэж байгаа хуралдааныг Засгийн газрын хэд хэдэн гишүүн орхиж гарсны улмаас хэлэлцэх боломжгүй болсон.

Та болон асуудал хэлэлцүүлэх ёстой Засгийн газрын 13 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд зориуд оролцохгүй байгаагаас валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, иргэдийн өмнө тулгамдаж байгаа даруй шийдвэрлэвэл зохих асуудлаар хийгддэг Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулгын хариуг Улсын Их Хурлаар сонсох ажиллагаа 4 удаа хойшилсоор өнөөдрийг хүрлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Та Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд оролцож Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн дагуу танхимаа бүрдүүлэх байтал өөрөө өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах асуудлыг гурван долоо хоногийн турш хэлэлцүүлэхгүй байх хууль бус үйлдэл хийж байгаагаас мал тооллогын хугацаа тулсан, өвөлжилт хүндэрч байгаа энэ цаг үед салбар нь эзгүйрч, улс орны стратегийн хүнс болох улаан буудайн нөөц бүрдүүлэх, тариаланчид улаан буудайгаа борлуулах асуудал тодорхойгүй болсон. Нийт аж ахуй эрхлэгчдийн гуравны хоёрыг эзэлж байгаа жижиг, дунд үйлдвэрийн салбарт гарсан алдаа завхралыг цаг алдалгүй засаж, залруулах шаардлагатай байна.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн Хууль зүйн байнгын хорооны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны ирцийг Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар хүргэхгүй, хуралд оролцохгүй байх арга хэмжээ авснаар 3 удаа хуралдаж чадаагүй. Түүнчлэн, Байнгын хороо хуралдаагүй тул Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурлын чуулганы 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж чадаагүй, 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэхээр төлөвлөсөн боловч Ерөнхий сайд Та болон Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын аль аль нь орж ирэхгүй зохион байгуулалттайгаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж байсан.

Улсын Их Хурлын зарим гишүүд болон иргэд, олон нийт, төрийн бус байгууллагаас тавьсан шаардлага, нийгэмд шударга ёс, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Ёс зүйн дэд хороогоор 11 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэхээр зарласан боловч тус дэд хороонд харьяалагддаг Засгийн газрын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл болон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар дэд хорооны хуралд оролцохгүй, зориуд санаатайгаар ирц бүрдүүлээгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийг хүртэл авч хэлэлцэж чадахгүй байна.

Мөн танай Засгийн газар Улсын Их Хурлын ирцийг бүрдүүлэхгүй байх хууль бус арга хэмжээ авч, хуралдаанд оролцохгүй байгаагаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах түр хороо байгуулах тогтоолын төсөл буюу иргэд олон түмний хүсэн хүлээж, шаардаж байгаа асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, хойшилж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан тул хуульд заагаагүй үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх үндэслэл байхгүй.

Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн газар бол Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг бөгөөд Үндсэн хууль, төрийн хууль биелүүлэх үндсэн чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнах ёстой байгууллага. Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчих, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хууль бус, зохион байгуулалттай арга хэмжээ авах ёсгүй.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Таныг болон Засгийн газрын гишүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах гэсэн үйл ажиллагаагаа 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор зогсоож, Байнгын, дэд, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардаж байна.

Таны тэргүүлж буй Засгийн газрын гишүүд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлаас үүдэн гарах аливаа хариуцлагыг Танай Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа Засгийн газрын гишүүн сайд нар хүлээх болно гэдгийг хатуу анхааруулж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ

УИХ-д Хэнтийн нөхөн сонгуулийг товлон зарлах санал хүргүүлжээ

Сонгуулийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явуулна” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана” гэж заасан.

Иймд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоох, сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай шийдвэр гаргуулах саналаа Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хуралд хүргүүллээ.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа

УУХҮЯ -аас  “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа.

Уг заалт Монгол Улсын Засгийн Газрын  2018 оны  59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил  иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан  зөвлөл”-ийн  2018 оны 1, 2, 3 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжид тусгагдсан байдаг. Цаашид шатахууны үнэ үе шаттайгаар буурахыг салбарын яамнаас мэдэгдлээ. 

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсөж байсан боловч энэ оны 10 сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурсан. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн юм.

Мөн ОХУ-ын “Роснефть” комданиас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92   автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш  706ам.доллар/тн болоод байна

Прокуророос 3 гишүүнийг эгүүлэн татах санал оруулахаар төлөвлөжээ

АТГ-ынхан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниудаараа зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг шалгаж, заримыг нь прокурорт шилжүүлээд байгаа аж. Прокурорын байгууллагаас уг асуудлыг хянаж,  3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Эдгээр гурван гишүүн нь УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар гэнэ.  

Д.Эрдэнэбат: Л.Болд гишүүнийг шүүхэд өгөөгүй

Гишүүдийн ирц бүрдээгүйгээс болж өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо. Хуралдаан хойшлогдсоны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа. 

-УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг УИХ-ын зарим гишүүд тавьж байна.  УИХ дахь АН-ын бүлэг энэхүү шаардлагыг юу гэж харж байна вэ?

-УИХ-ын даргаа огцруулах эсэх нь эрх баригчдын асуудал. Цөөнхийн асуудал биш. 65 гишүүнтэй, ард түмний итгэлийг авсан МАН өөрсдөө энэ хүнийг УИХ-ын даргаар сонгосон. Тэр байтугай энэ хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэрийг нь дэвшүүлсэн. Дотроо л учраа олох хэрэгтэй. Дотроо учраа олох асуудлыг төрийн үймээн болгож болохгүй. Тийм учраас эрх баригчид асуудлаа дотроо шийдэх хэрэгтэй.  

-УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах өргөдлөө өгсөн. Намын бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байна вэ? 

-Л.Болд гишүүний тухайд АН-аас татгалзах өргөдлөө өгсөн. Намын дүрмээр тухайн холбогдох байгууллага 30 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. Үүний дараа асуудал цаашаа хэрхэн өрнөхийг шийдээд явна.  АН-ын бүлэг өнөөдөр үйл ажиллагагаа үргэлжлүүлж байгаа.

-АН-ын зүгээс Л.Болд гишүүнийг шүүхэд өгсөн бэ гэх мэдээлэл гарах боллоо. Ийм зүйл гарсан юм уу? 

-Л.Болд гишүүнийг шүүхэд өгөөгүй. Бид гишүүдээ юу гэж шүүхэд өгөх вэ.  Аливаа нэг мэдэгдэл, тайлбарыг мушгин гуйвуулж болохгүй. Л.Болд гишүүний УИХ дахь бүлгийн асуудлыг шийдэхэд тодотгох зүйлс зайлшгүй гарлаа. Тиймээс УДШ-ээс тайлбар хүссэн. Улс төрийн нам татан буугдаагүй байхад гишүүн бүлгээсээ татгалзаж байгаа нь байж болох үзэгдэл үү гэдэгт тайлбар хүссэн.

Аврагчдынхаа цалинг хувьдаа завшсан даргыг шалгаж дуусчээ

АТГ-аас Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Б нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлжээ. Тэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ээлжийн амралтаараа БНСУ-руу явсан алба хаагчдад ээлжийн амралтын үндсэн хоног дээр нэмж чөлөө олгоод зогсохгүй, чөлөөтэй байсан алба хаагчдыг ажилласан мэтээр цалинг нь бодуулж, хандив хэлбэрээр түүнийгээ буцаан авч, хувьдаа завшиж байсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байгаа юм.

Тэгвэл энэхүү хэрэг прокурорын шатанд хянагдаж дуусаад шүүхэд шилжих нь тодорхой болжээ

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оны мөн үеийн амжилтаас давжээ

Монголбанк 2018 он гарснаас хойш энэ сарын 5-ны өдрийн байдлаар нийт 19.8 тонн алт худалдан авсан  нь өмнөх оны мөн үед 19.2 тонныг авч байснаас 3.2%-иар ахиу байна. 

Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны 10 дугаар сарын 15, 18 нд орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өгч, тавны өдрийг хүртэл Дархан-Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус худалдан авчээ.

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд "базуулжээ"

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан хууль зөрчсөн спикерээ ажлаа өг гэсэн шаардлага, эсэргүүцэл дунд үргэлжилсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ УИХ-ыг тараах гарын үсэг зурцгаая гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.

Чуулган завсарлах үеэр  сэтгүүлч эрхэм гишүүнээс тодруулга авахаар түүний өрөөгөөр ороход алдарт Дамбын Хишгээ байж таарсан явдал олны анхаарлыг эрхгүй татаж байна.

Олонд Дамбын Хишгээ нэрээр танигдсан тод манлай уяач, “Модун хаан” группын Ерөнхийлөгч Д.Хишигжаргалыг Мие даргын МАНАН бүлэглэлд  асар их нөлөөтэй нэгэн гэлцдэг. Тэр ч бүү хэл одоогоос 5-н сарын өмнө Засгийн газрыг огцруулах асуудлыг МАНАН бүлэглэл сөхөж эхлэх үед сахал Бат-Эрдэнийг сайдын суудлаа алдахаас хамгийн их айж буй, ашиг сонирхолын зөрчилтэй нэгэн гэдэг сул талыг нь олж харсан Миегийн бүлэглэл өөдөөс нь Дамбын Хишгээг явуулсан гэдэг. Ж.Бат-Эрдэнэ гишүүн Дамбын Хишгээгийн үгнээс зөрөх нь бүү хэл өөдөөс нь эгц ч харж чаддаггүй нэгэн байсан гэх юм билээ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн танхимаа огцруулах бүлэглэлд нэгдсэн шалтгаан цаанаа олон бололтой.

Т.Аюурсайхан: Та иргэдийгээ төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэж арай хэлэхгүй байх

УИХ-ын дарга М.Энхболд шаардлага тавьсан 4 гишүүнтэй уулзаж ярилцсан билээ. Уулзалтын үеэр хэн юу хэлсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-УИХ-ын дарга Танд бид нар 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр ээлжит бус чуулган зарлах шаардлагыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу тавьсан. Та хуралдуулаагүй. Монгол Улсын Үндсэн хуульд ээлжит бус чуулганыг зарлахгүй гэх ямар ч зохицуулалт байхгүй. Тийм учраас таныг Үндсэн хууль зөрчсөн гэж бид үзэж байгаа.

Хоёрдугаарт, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу төрийн албыг үнэлэн арилжих сэдэл бүхий 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан “халуун сандал” гэж олон улсад нэрлэгддэг сонсголыг зохион байгуулья гэж 19 гишүүн гарын үсэг зурж Танд хандсан. Гэвч Та прокурорын байгууллагаас хийх боломжгүй гэж хэлсэн гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг илтэд зөрчсөн үйл явдал болсон гэж үзэж байгаа.

Түүнчлэн Засгийн газрыг огцруулах асуудалд өөрөө гарын үсэг зураад, өөрөө өөртөө өргөн барьсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзсэн учраас Танд шаардлага тавьсан. Таныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас бид Үндсэн хуулийн 4.10 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал Их Хурал дээр үүссэн тохиолдолд УИХ-ын гишүүд чуулганд орохгүй байх эрхтэй гэдэг заалтын дагуу энэ шаардлагыг тавьсан.

Таныг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн эцсийн дүгнэлт их суудлын хуралдаанаар гарах ёстой. Үүнийг гартал Та УИХ-ыг удирдах боломжгүй гэж бид үзэж байгаа. Хэрэв УИХ-ыг удирдвал бид өнөөдрийнхтэй адил бойкотыг үргэлжлүүлэн хийх болно. Их Хурал тарах хүртэл хэмжээнд хүрч байгаа энэ нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж Таныг Үндсэн хуулийн дагуу өөрөө огцрох өргөдлөө өгөхийг нэг дэх өдөр хүртэл хүлээе. Хэрэв өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-50.7 хувийн ирцтэйгээр чуулганы хуралдаан хуралдаж байгаа ч түүний цаана 30 гаруй гишүүн хуралдаандаа оролцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасны дагуу иргэд, сонгогчид маань УИХ дахь төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх барих, төрийн эрхийн шийдвэрт оролцох боломжгүй болоод байна.

Нийт иргэд сонгогчдын 70-80 хувь нь УИХ-ын даргыг саналаараа, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэсэн шаардлагыг биднээр дамжуулж тавьж байгаа шүү. Та иргэдийгээ төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэж арай хэлэхгүй байх. Энэ хүмүүс Үндсэн хуульд заасны дагуу биднээр дамжуулж энэ шаардлага, хүсэл эрмэлзэл, эсэргүүцлээ уламжилж байгаа юм. Тийм учраас бид Үндсэн хуульд заасан аргаар, парламентын ардчиллын замаар, тайван замаар иргэд, сонгогчдынхоо хүсэлтийг танд уламжилж байна.

Гуч гаруй гишүүнээ чуулганы хуралдаанд оролцуулах, нийт иргэдийн төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх боломжийг нь хангах, Үндсэн хуульд үүссэн тодорхой зөрчлийг арилгахын тулд УИХ-ыг даргалж байгаа, Монголын төрд шат шатны өндөр алба хашиж байсан туршлагатай хүний хувьд нийт сонгогчид, тэдгээрийг төлөөлж байгаа гишүүд бидний хүсэлтийг хүлээж аваасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Нийтийн сонсголын тухай хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан. Хамгийн анхны нийтийн сонсголыг миний бие ТЕГ-ын дарга байсан Хурц гэдэг хүний асуудлаар УИХ дээр хийсэн. УИХ-ын гишүүдэд 10 гаруй өргөдөл ирсний дотор тэр хүний дээрэм тонуулын хэрэг, хууль бус үйл ажиллагаа, хүн хулгайлсан гээд олон асуудал байсан. Ингээд нийтийн сонсгол зохион байгуулъя гэдэг асуудлыг 22 гишүүн санаачилж Танд өгсөн боловч Та гацаасаар байгаад нийтийн сонсгол хийхгүйгээр УИХ-аар оруулаад явуулсан. Энэ бол 20 гаруй гишүүдийг, тэр 20 гишүүдийн цаана байгаа олон мянган сонгогчдыг доромжилсон, тэдний эрхэнд халдсан хэрэг гэж би үздэг.

Сая Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Та хуралдааныг нээчихээд, Ёс зүйн дэд хороог хуралдуулна гэж хэлээд алга болсон. Олдохгүй зугтаад, сүүлдээ ганцаараа чуулганыг хаагаад явах шиг болно лээ.

Ер нь Монгол Улсын парламентын үйл ажиллагаанд тааллаараа оролцдог нэг л албан тушаалтан байдаг, тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч юм. Гэтэл сүүлийн үед Та УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан, бусад үйл ажиллагааг тааллаараа зохион байгуулаад байна аа.

Ийм байдлаар Монгол төрийн болон УИХ-ын үйл ажиллагаа явах боломжгүй. Ийм учраас хуульд заасан үндэслэлийн дагуу хүсэлтээрээ чөлөөлөгдөөд явж өгөөч ээ гэж бид хүсэж байна. Та их тэвчээртэй, хүлээцтэй хүн гэдгийг бид мэднэ. Гэхдээ явахгүй ээ гэж гүрийгээд байх юм бол Таныг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гаруй гишүүн ард нийттэй хамтарсан тэмцлээ үргэлжлүүлнэ, өөр арга байхгүй ээ. Та ухаалаг хүлээж авч, Монгол Улсыг, Монгол төрийг гацаанаас гаргахад туслаач ээ гэж хичээнгүйлэн хүсч байна.

УИХ-ын дарга М.Энхболд

-УИХ-ын 32 гишүүн УИХ-ын даргыг огцор гэдэг шаардлага тавиагүй. УИХ-ын даргыг Засгийн газар огцруулах бичгэнд гарын зурсан, түүнийгээ өргөн барихад нь өөрөө хүлээж авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна, тиймээс энэ асуудлыг хэлэлцэхэд удирдах ёсгүй ээ гэсэн шаардлага тавьсан. Олон нийтэд үүнийгээ УИХ-ын даргыг огцор гэдэг шаардлага тавьсан гэж буруу зөрүү ойлголт төрүүлэх оролдлого хийснийг би буруутгаж байна.

Ер нь аливаа асуудал хуулийн дагуу л явагдах ёстой гэсэн байр суурийг би баримталж ирсэн, цаашдаа ч баримтална. УИХ-ын хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх өдөр Ёс зүйн дэд хорооны дарга ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гэж яригдаж байгаа Засгийн газрын гишүүдэд Дэгийн тухай хуулийн 9-р зүйлд заагдсаны дагуу та санал өгөх, эсэх талаараа мэдэгдэх үүрэгтэй гэдгийг сануулах хурлыг зохион байгуулъя гэж санал гаргасан. Тиймээс Дэд хороог хуралдуулах боломжийг бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзээд би Их Хурлын чуулганы хуралдааныг түр хойшлуулъя гэж мэдэгдээд гарсан. Зугтааж явсан зүйл байхгүй, энэ талаар олон түмэнд буруу зөрүү ойлголт өгснөө та бүхнийг залруулаасай гэж хүсэж байна. Би тэр өдөр 10 цаг 40 минутаас 18 цаг 30 минут хүртэл Ёс зүйн дэд хороо хуралдах танхимд орж, картаа хийчихээд ирц бүрдэхийг хүлээж, орж гарч байсан. Орой 18 цаг өнгөртөл хүлээгээд Д.Тогтохсүрэн, Х.Баделхан, Д.Сарангэрэл нарын гишүүд орж ирээгүйн улмаас ирц нь бүрдэлгүй байсаар ажлын цаг дууссан тул чуулганаа хаахаар Их танхимд 18 цаг 50 минутын үед орж ирэхэд 7-8 гишүүн байсан.

Ингээд Ёс зүйн дэд хорооны ирц бүрдээгүй, хуралдаж чадаагүй учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа гэдгийг хэлсэн. Ганцаараа орж ирээд чуулганыг хаасан гэдэг худлаа мэдээллийг олон нийтэд тарааснаа бас залруулаасай гэж бодож байна.

Элчин сайд томилох асуудлын  талаар сая Ж.Батзандан гишүүн ярилаа. УИХ өөрөө томилдог албан тушаалтны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх хуулийн заалттай. Элчин сайдыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг, эцэслэн томилдоггүй. Томилох эрх нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн  асуудал учраас нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Энэ хурлыг мөн намайг зохион байгуулж хаалттай хийсэн мэтээр буруу ташаа мэдээлэл өгсөн. Үүнийг бас залруулаасай гэж хүсэж байна.

Тэр асуудлыг хэлэлцэх үеэр Байнгын хороон дээр Өмнөд Солонгост суух Элчин сайдын асуудлыг ярихад хүссэн хүсээгүй Хойд Солонгосын асуудал яригдаж байгаа учраас хаалттай хэлэлцье, томилогдох гэж байгаа хүнээс асууж тодруулах зүйл байна гэж Н.Энхболд, О.Баасанхүү нарын гишүүд горимын санал гаргасан. Үүний дагуу горимын саналыг хураахад гишүүдийн олонхи нь хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэн. Би ямар нэг байдлаар шууд өөрөө санаачилж, хаалттай хэлэлцсэн, олон түмнээс нууж хаасан зүйл байхгүй.

Мөн сүүлийн үед тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээллийн хэрэгслээр миний эрүүл мэндийн байдалтай холбогдуулж ор үндэсгүй зүйлийг ярьж  байгаа. Надад эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг хэлье.

Жаран тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гээд, би хийлгэхгүй гээд байгаа зүйл байхгүй. Нээлттэй хэлэлцүүлэг хийе гэж 19 гишүүн гарын үсгээ зураад, бичиг ирүүлснийг Хууль зүйн байнгын хороонд өгсөн. Хууль зүйн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийж болох уу, үгүй юү гэдгийг холбогдох хуулийн байгууллагуудаас нь асуусан. Шалгагдаж байгаа хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж байхгүй гэсэн хариу ирсэн байсан. Өнөөдөр ч бас энэ талаар УИХ-ын чуулган дээр хэд хэдэн гишүүн горимын санал гаргахдаа ярьж байна. Хэрвээ хуульд нийцэж байгаа бол энэ асуудлаар УИХ-ын гишүүд санаачлаад хэлэлцүүлгээ хийж болно. Ер нь нээлттэй яриад хэн, хаана, хэнээс ямар мөнгө аваад, ямар төрийн албан тушаалыг зарсан үрсэн бэ гэдгийг олон түмэнд ил тод харуулж,  нэг тийш нь болгоод авах нь буруу биш гэж би бодож байна.

Ээлжит бус чуулган хуралдуулах талаар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бичиг ирсэн. Ийм асуудлыг тавихад УИХ-ын гишүүдийн 1/3-ээс доошгүй нь гарын үсэг зурах хуулийн шаардлагатай. 26 буюу түүнээс дээш тооны гишүүн гарын үсэг зурах ёстой гэсэн үг. Оюун-Эрдэнэ гишүүний надад өгсөн бичгийг би УИХ-ын Тамгын газрын даргад цохсон. УИХ-ын 22 гишүүн гарын үсэг зурсан байсан. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгээд, өнгөрсөн 7 хоногт уг асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй гэж шийдсэн байна лээ.

Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандан “УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Аливаа асуудлаар шийдвэр эцэслэн гарсны дараа шийдлээ гэж үздэг. Тиймээс Үндсэн хуулийн цэц хэрхэн шийдэх нь вэ, түүний дараа би энэ асуудлыг хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Татгалзах зүйлгүй. Би хоёр жил гаруй хугацаанд УИХ-ын даргын албыг хашихдаа Үндсэн хуулийг ямар нэг хэлбэрээр зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна.

Үндсэн хуулийн цэцийг, хууль хяналтын байгууллагуудыг намайг удирдан залж байна, чиглүүлж байна гэдэг ор үндэсгүй зүйлийг Та бүхэн цаашид бүү яриасай гэж хүсэх байна. Намайг хувь хүний хувьд, улс төрийн хувьд гүтгэх, доромжлох зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийн дагуу ажлаа хийж буй байгууллагуудыг, ялангуяа Үндсэн хуулийн цэц, хууль хяналтын байгууллагуудыг ингэж доромжлох байдлаар, хийж буй ажил үүргийг нь үгүйсгэх байдлаар хандаж болохгүй.

Та бүхэн бол ард түмний итгэлийг хүлээсэн, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ухамсартай, ёс зүйтэй хүмүүс учраас асуудлыг үнэн бодитой байдлаар олон түмэнд мэдээлж байгаасай гэдгийг хүсэх байна. УИХ-ын даргыг огцруулах талаар өөрөө өргөдлөө өгөх, эрүүл мэндийн шалтгаан, өөр ажилд шилжин ажиллах, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон талаарх хууль, шүүхийн байгууллагын тогтоол шийдвэр гарсан, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулж болно гэсэн хуультай. Би хуульд заасны дагуу асуудал үүсвэл огцрох өргөдлөө өгөхөд татгалзах зүйл байхгүй. Асуудал хуулийн дагуу явах ёстой гэж бодож байна.

Намайг УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралдааныг тааллаараа удирдаж, зохион байгуулж байна гэдэг яриаг хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр ярилцаад шийддэг. Түүнээс биш УИХ-ын даргын зүгээс чуулган болон Байнгын хорооны хуралдааныг тэдийд хий гэж зааж зааварладаг зүйл огт байхгүй.

Та бүхэн хуулийн дагуу ямар үндэслэл шаардлага үүсч байгааг дурдаад, албан бичгээ өгөх ёстой. УИХ-ын чуулганы хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, Байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байх, бусад гишүүдийг хуралдаанд оруулахгүй байх байдлаар асуудалд битгий хандаач ээ. УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааныг хэвийн үргэлжлүүлэх, төрийн ажил тасралтгүй явах зарчмыг алдагдуулахгүй байх үүргийг 76 гишүүн бид бүгдээрээ хүлээсэн.  Иймд энэ үүргээ биелүүлж, төрийн ажлыг хэвийн тасралтгүй явуулахад анхаарахыг хүсье.

Гишүүдийг гарч явсны дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг нар тайлбар өглөө.

Ц.Цолмон:

-УИХ-ын үйл ажиллагаа УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой. Хуралдаан одоо хэвийн үргэлжилж байх шиг байна. 76 гишүүн маань Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд, сонгогчдоо төлөөлж ажиллаж байгаа хүмүүс. Тийм учраас цаашид УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрийнх шиг  тасалдах байдал гарахгүй, хэвийн үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн албан бичгийн асуудлыг дахиад хөндөж тавилаа. Үүний эцсийн хариултыг би өгөх ёстой гэж бодож байна. Би бол улстөрч биш, хуульч хүн. Тиймээс асуудлыг ямар нэг байдлаар улс төрийн талаас нь яриад байгаа юм биш. Улс төрийн ч асуудал биш. Албан бичиг хэргийн л асуудал. Ямар ч байгууллагад албан бичгийн харилцааг зохицуулдаг дүрэм журам, албан бичиг хариуцсан ажилтан байдаг.

Манайд жишээ нь, УИХ-ын гишүүн хандаж байгаа бол албан бичгийг гурван хувь хийдэг. Нэг нь УИХ-ын даргад ирдэг, нөгөө нь албан бичиг хариуцсан ажилтанд хадгалагдаж, гурав дахь нь  гишүүнд өөрт нь үлддэг. Л.Оюун-Эрдэнэ гишүүн тэр бичгээ өөрөө УИХ-ын даргад өгсөн. Гишүүнийг гарангуут УИХ-ын дарга картлаад, надад цохсон. Би өрөөнөөсөө гараад УИХ-ын даргын өрөөнд ороход нэг минут л болсон байх. Тэр бичгийг аваад хэдэн гишүүн гарын үсэг зурсныг тоолж үзсэн. 22 гишүүн байсан.

Би Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй маргааш нь уулзаад тэр бичиг дээр 22 гишүүн гарын үсэг зурсан байна шүү гэдгийг хэлсэн. УИХ-ын гишүүн УИХ-ын даргатай харилцсан албан бичгийг өөрчлөх боломж байхгүй. Хэрэв албан бичиг өөрчилбөл гэмт хэрэг болно. Бидний үйл ажиллагаанд эргэлзэж байгаа бол Та хууль хяналтын байгууллагад ханд. Хуулийн байгууллага үнэн худлыг маш хурдан тогтоодог юм гэж би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд бас хэлсэн.

Тэр бичиг эх хувиараа Тамгын газарт хадгалагдаж байгаа. Шаардлагатай гэж үзвэл сэтгүүлч та бүхэнд үзүүлэхэд бэлэн байна.

Энэ асуудлаар Оросоо, Ариунболд гэдэг иргэд, УИХ-ын гишүүн Л.Болд нар УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна билээ. Үндсэн хуулийн цэц УИХ-ын Тамгын газраас маш олон бичиг, тайлбар гаргуулж авсан. Тэгээд маргаан үүсгэх асуудал биш байна гээд татгалзсан шийдвэр гаргасан.

Б.Гүнбилэг:

-Сая дөрвөн гишүүн УИХ-ын даргатай уулзаад, тайлбараа сонсохгүй гараад явчихлаа. УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2.2-т өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авна гэж байгаа. “Өөрөө гаргана” гэдэг нь ямар нэгэн дарамт шахалтаар юм уу, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэнэ гэх маягаар биш, сайн дураараа, өөрөө өгөх гэсэн ойлголт юм. Шахалтад орж өгнө гэсэн ойлголт биш гэдгийг дахин хэлье.

Ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3-т УИХ-ын гишүүдийн 1/3-ээс дээших нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно гэж заасан. Заавал чуулна гэж биш, “чуулж болно” гэсэн байгааг анхааруулж хэлье.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд Нийтийн сонсгол хийх боломжгүй гэсэн зарчимтай. Шүүхийн эрх мэдлийн энэ асуудлыг Үндсэн хуульд заасан. Улсын Ерөнхий прокуророос ирсэн бичигт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа асуудлаар Нийтийн сонсгол хийх боломжгүй гэсэн байгаа.

Сая УИХ-ын дарга энэ асуудлыг хэлэлцэхэд намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл УИХ-ын дэд дарга нарт асуудлаа тавьж болно. Миний хувьд Нийтийн сонсгол хийхэд татгалзахад зүйлгүй гэж хэлсэн.

Ер нь Монгол Улсын Үндсэн хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй. Яг бичигдсэнээр нь тайлбарлахгүй бол Үндсэн хуулийн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн гуравдугаар зүйлийн 2-ыг ноцтой зөрчих асуудал үүсэх тул ард иргэд сэтгэлийн хөөрлөөр, популист зүйлд автаж болохгүй гэж хэлмээр байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл