8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: Сүүлийн 2 жилийн хугацаанд эрүүгийн 206 хэргийг шүүхэд шилжүүлжээ

2018-12-10 09:13:00

Өнөөдөр Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан юм. Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 51 дүгээр тогтоолоороо баталсан. Ингэснээр Монгол Улс 11 зорилт бүхий бодлогын баримт бичигтэй болж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг тодорхой стратегийн дагуу 2023 он хүртэл 2 үе шаттай явуулах боломж бүрдсэн.  Зургаан жил хэрэгжих уг хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Тэгвэл АТГ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжсээр 2 жилийн хугацаанд юу хийсэн талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

84 эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэлээ

2017 онд шүүхээр нийт 46 эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 оны эхний 11 сарын байдлаар нийт 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд байна.

Үүнд Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр,  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,  Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Б.Оюундэлгэр, НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга, Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,   Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо, Баянгол дүүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,  ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэсэн байна. 

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд “Авлигын эсрэг сургалт”-д 21 мянга орчим албан тушаалтныг хамруулжээ 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 2 жилийн хугацаанд 262 удаагийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулж одоогоор 21574 нийтийн албан тушаалтныг хамруулан ажилласан байна.Өнгөрсөн 10 жилийн хугацаанд АТГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалтаар төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 189047 хүнд авлигын шалтгаан хор хөнөөл, хууль эрх зүйн зохицуулалтыг ухуулан таниулах сэдэвтэй хичээлийг 2-3 цагийн багтаамжтай заадаг байсан ба АТҮХ хэрэгжсэн 2 жилийн хугацаанд 262 удаагийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулсан байна. 

Яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлжээ

Төрийн бус байгууллага, судалгааны байгууллагатай хамтран 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд 2019 онд иргэдийн бухимдлыг төрүүлдэг шүүх, эрүүл мэнд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үнэлгээг хийх төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна. Төрийн байгууллага авлигын эрсдлээ тодорхой аргачлал, арга зүйд тулгуурлан үнэлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоон үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга замаа сонгох боломжтой болсон. Эрсдлийг тодорхойлж, түүнийг бууруулах ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх нь тухай байгууллагад авлигын эсрэг оновчтой бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх төсөөллийн судалгааг анх удаа, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 10 дахь жилдээ хийж, судалгааны дүнг олон нийтэд мэдээлж танилцуулжээ. 

Нийтийн албанд томилогдох 15 мянган иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газар төрийн захиргааны төв байгууллага болон орон нутаг, тэр дундаа сумдын түвшинд хүрч ажиллах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг улсын хэмжээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна. Мөн илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, төрийн албаны томилгооны байдалд дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа аж

АТГ сүүлийн 2 жилийн хугацаанд нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 15558 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 60 гаруй иргэнийг тухайн нэр дэвшсэн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тухай хариуг хүргүүлж нийтийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг томилуулахаас урьдчилан сэргийлсэн байна.

Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа гэж АТГ-аас гаргасан дүгнэлтэд ихэвчлэн удирдах албан тушаалтан буюу тушаал, шийдвэр гаргах эрх хэмжээтэй албан тушаалд нэр дэвшсэн этгээдүүд хамрагдсан байх бөгөөд энэ нь албан тушаалтнууд хувийн сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдлийг хязгаарлаж байгаа үйл ажиллагаа болсон.

АТГ-т ирүүлэх өргөдөл, гомдол, мэдээллийн тоо өссөөр байна

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийн талаар АТГ-т мэдээлэх ухамсар улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус газарт ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн тоо байнга өсч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд 894 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд 825-ыг нь хянан шийдвэрлээд байна.

АТГ иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгахдаа хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг эн тэргүүнд тавих бус зөрчлийг арилгуулах, зөвлөмж анхааруулга өгөх, зөвлөн туслах чиглэлд анхаарч ажиллажээ. 

Гэмт хэргийн шинжтэй 802 гомдлыг шалгаж шийдвэрлэжээ

Гэмт хэргийн шинжтэй нийт 802 гомдлыг шалгаж шийдвэрлэсэн, 199 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. 411 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 309 гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 74 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 99.1 хувьтай байна.  

Нийт шалгасан гомдол, мэдээллийн 57.9 хувь нь Улаанбаатар хотод, 42.1 хувь нь орон нутагт харьяалагдаж байна. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх онуудтай харьцуулахад шалгаж шийдвэрлэсэн өргөдөл гомдол мэдээлэл 236-аар буюу 29,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эрүүгийн 206 хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газар сүүлийн 2 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын 1163 үйлдэлтэй, 1126 холбогдогчтой, 1040 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Өмнөх онуудтай харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 628-өөр буюу 2.5 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 102-аар буюу 2 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 344-өөр буюу 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 28.6 гомдол, мэдээлэл, 37.1 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 35.6 хувийг төрийн тусгай, 17.6 хувийг төрийн захиргааны, 14.6 хувийг иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 6.5 хувийг төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 13.8 хувийг төрийн улс төрийн, 11.9 хувийг төрийн үйлчилгээний албан тушаалтан эзэлж байна.

Хохирол нөхөн төлүүлэлт 8.5 дахин өссөн

2018 онд гэмт хэргийн улмаас 332.0 тэрбум  төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17.3 тэрбум  төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Мөн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 97.9 тэрбум  төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Түүнчлэн оффшор бүсээс 4,4 сая ам долларыг оруулж ирсэн үр дүнтэй ажилласан байна. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 262.3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 дахин,  хохирол нөхөн төлүүлэлт 8,5 дахин, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

35 эрүүгийн хэрэгт 65 үйлдлийг шинээр илрүүлжээ

Улсын ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгээр Хөгжлийн банк, оффшор бүс, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг хууль бусаар ашигласан, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн, Агаарын бохирдол, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Монголбанкны зэрэг олон нийтийн анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  

Үүнээс гадна авлига албан тушаалын гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 35 эрүүгийн хэрэгт 65 үйлдлийг шинээр илрүүлэн ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment