8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын Эмэгтэйчүүдийн холбоо ХЭҮК-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2018-12-10 12:36:00

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн болон хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбоо Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран ажиллах санаж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үйл ажиллагаанд ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ийн Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, ХЭҮК-ийн гишүүн Н.Ганбаяр, Л.Оюунчимэг болон Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Цэнгэлсайхан нар оролцсон юм. Санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд хэрэгжилтийг ХЭҮК-ын Ажлын алба, МЭХ хариуцан тусгай төлөвлөгөөг жил бүр гаргаж, охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Өнөөдөр охид, манай нийгэмд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн зөрчил тулгамдсан асуудлын нэг болоод байгаа нь нууц биш юм. 2018 онд ХЭҮК-оос өсвөр насны охид болон хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр судалгаа хийж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажиллагааг явуулж байна.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн болон хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын Хүний эрхийн энэ өдрийг өнөөдөр дэлхийн ус орднууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтан Монголын эмэгтэйчүүдийн холбоотой цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь шинэ ажил, шинэ алхамын эхлэл юм.  Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулах зэрэг цөөнгүй ажлуудыг хийж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичгийг байгуулснаар зорилтот бүлэгт хүрч ажиллахад дөхөм болно гэж найдаж байна" гэв. 

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “94 жилийн түүхтэй Монголын Эмэгтэйчүүдийн холбоо Хүний Эрхийн Үндэсний комисстой хамтран ажиллаж санамж бичигт гарын үсэг зурж , хамтран ажиллахаар болж байна. Цаашид хүний эрх зөрчигдсөн олон асуудалд хамтран ажиллана. Өнөөдөр бидний алхам тутамд хүний эрх нь зөрчигдөх тохиолдол ажиглагдаж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл өвлийн хүйтэнд эмэгтэй хүн гадаа төрсөн асуудал гарлаа. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд аж төрж, амьдрах эрх нь зөрчигдөж хамгийн тод илрэл. Энэ мэт охид, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн эрх нь зөрчигдсөн асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно.

ХЭҮК-той хамтран ажилласнаар хүний эрхийг хамгаалах, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг нэн тэргүүнд хамгаална. Манай улсад хүний эрхийг хамгаалах тогтолцоо бий болсон ч хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах зэрэг зөрчил буурахгүй байна. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн үйл ажиллагааг идэвхжүүлж хамтран ажиллаж үх дүнд хүрэх нь чухал байна" гэв.  

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл