8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн Emneleg.mn вэб, аппликэшнийг хэрэглээнд нэвтрүүллээ

2018-12-10 13:11:30

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой  EMNELEG.MN вэб, аппликэшн бий болж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа гүйцэтгэсэн тус аппликэшн нь ашиглахад бэлэн болсон байна. Одоогоор нийт 170 гаруй эмнэлэг нэгдэж, мэдээ мэдээллээ ирүүлж, үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн болжээ.

Тухайлбал, эдгээр эмнэлгийн байршил, ажиллах цагийн хуваарь, үзүүлж буй үйлчилгээ, өвчний зовуурийг тодорхойлох асуулт хариулт, мэргэжлийн эмчийн 147 төрлийн зөвлөгөө зэрэг мэдээллийг тус тус нэг дороос авах боломжтой болоод байна.

Т.Алтанзул Emneleg.mn-ийн менежер "Энэхүү аппликэшнийг суулгаснаар ухаалаг утсыг ашиглан өөрт хэрэгтэй, хамгийн ойр буй эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болж байна. Бид тус аппликэшнийг сүүлийн жил гаруйн хугацаанд судалж, хөгжүүлсний эцэст ийнхүү бэлэн боллоо.

Одоогоор нийт 170 гаруй эмнэлэг манай аппликэшнд нэгдээд байна. Нэгдсэн эмнэлгүүдийн 90 гаруй хувийг хувийн эмнэлгүүд эзэлж байна, тухайлбал улсын 17, хувийн 150 гаруй эмнэлэг байна. Эмч дуудан үйлчилгээ авсан тохиолдолд тус эмнэлгийн үнэ, тарифаар явна гэсэн үг" гэлээ.

EMNELEG.MN НЬ ЭМНЭЛЭГ, ЭМЧ ДУУДАХ, ЦАХИМ ЭМЧ ГЭСЭН ҮНДСЭН ГУРВАН ЦЭСЭЭС БҮРДЭЖ БАЙНА

"ЭМНЭЛЭГ" цэсээс:

Өөрийн сонирхож буй эмнэлгийн талаарх мэдээллийг хайх, эсвэл өвчний зовуурын дагуу ойр буй эмнэлгээ хайх боломжтой, үүнд тухайн эмнэлгийн танилцуулга, хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, цагийн хуваарь, эмнэлгийн ойролцоох автобусны буудал зэрэг мэдээллийг харуулдгаараа хэрэглэгчдийн цагийг ихээр хэмнэж байгаа юм.

"ЭМЧ ДУУДАХ" цэсээс:

Хэрэглэгчдэд өөрийн буй газраасаа, боломжтой цагаа эмчтэйгээ тохирч цагийн болон дусал тариа хийлгэх, эрүүл мэндийн зөвлөгөө авах, анхан шатны үзлэг оношилгоо хийлгэх боломжтой үйлчилгээ юм. Ингэснээр яаралтай тохиолдолд өөрт ойрхон буй эмнэлгээсээ анхан шатны эрүүл мэндийн тусламж авах боломжтой гэсэн үг.

"ЦАХИМ ЭМЧ" цэсээс:

Өвдсөн тохиолдолд насанд хүрсэн, хүүхэд, эрэгтэй эмэгтэй гэсэн 4 хэсгээс сонгож, гарч ирсэн асуултуудад үнэн зөв хариулснаар цаг алдалгүй анхан шатны оношоо тогтоож, мэргэжлийн эмч нарын 147 төрлийн зөвлөгөөнөөс авах боломжтой.

Энэхүү шинэ аппликэшнийг ухаалаг утастай хүн бүр Android болон IOS үйлдлийн системээс үнэгүй татаж авах боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment