8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-ын бүлэг сайд нарыг чөлөөлөх асуудлыг дэмжиж, Монголбанкнаас мэдэгдэл гаргасан өдөр

2018-12-10 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Эрдэнэцогт: “60 тэрбум”-ын хэргийг хийсэн хүн Монголын төрийг удирдах хууль зүйн үндэслэлгүй

Хуульч Д.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байгаагаа мэдэгдэж мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Би МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ард түмэн итгэл үзүүлсэн. Гэвч МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авсныг гэрчлэх мэдээллүүд гарсаар байна. Тиймээс иргэн хүний хувьд, хуульч хүний хувьд дуугарч байгаа юм.

“60 тэрбумын хэрэг” буюу УИХ-ын даргын намынхаа зарим албан тушаалтнуудтай төрийн албыг арилжих талаар ярьсан бичлэг хоёр жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байна. Ийм яриа яригдсан нь үнэн гэдгийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар хүлээн зөвшөөрсөн. МАН-ын дарга У.Хүрэлсүх тэр бичлэгийг нь эвлүүлэг биш гээд М.Энхболдыг ажлаа өг гэж мэдэгдсэн. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч гэсэн тэр бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын дарга М.Энхболд ч өөрөө би тийм зүйл ярьсан нь үнэн. Гэхдээ хэрэгжүүлээгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс “60 тэрбум”-ын хэргийг хийсэн хүн Монголын төрийг удирдах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас ийнхүү өргөдөл гаргасан юм гэдгээ онцолсон юм.

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

УИХ дотор хувийн бизнесгүй, ямар нэг компанийн хувь, хувьцаа эзэмшдэггүй хэдхэн гишүүдийн нэг Ж.Мөнхбатын олон тэрбумаар үнэлэгдэх 11 давхар байшин ил болов.

Хотын А цэгт “Эдмон” хэвлэлийн компанийн чанх урд байрлах ногоон өнгийн “Иновок инк”  барилгыг Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нар эзэмшдэг гэх ба голцуу төрийн байгууллагуудад өндөр үнээр түрээсэлдэг байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа эзэмшсэн байж болзошгүй хотын төвийн өндөр үнэлгээтэй газрыг хэрхэн авсан нь одоогоор тодорхой бус.

Мэдээллийг нягталвал Ж.Мөнхбат нь анх энэхүү газраа зочид буудал босгох төлөвлөгөөтэй байсан ч хожим оффисын зориулалттай түрээсийн барилга болгожээ. Одоо “Иновок инк” барилга нь нэгээс дөрвөн давхартаа оффисын зориулалтаар, таваас дээш давхар нь орон сууцны зориулалттай бөгөөд тэрбээр өөрөө тус байрны хамгийн дээд давхрууд болох 10-11 давхруудыг нь Penthouse болгон засч янзлан амьдардаг байна. Түүний улс төрийн нууц уулзалтууд энэхүү байранд болдог гэнэ. 

Хэдийгээр Ж.Мөнхбат өмнөх хоёр тэрбумаар авсан байраа хэрхэн худалдан авснаа дутуу хагас тайлбарласан. Өөрөөр хэлбэл тэрээр “Regency Residence” дэх дотроо 2 давхар байрныхаа ердөө 1хэн давхрынх нь эх үүсвэрийг арай ядан хамаг хөрөнгөө нийлүүлэн тайлбарласан бол тус байрныхаа 2-р давхрын гэрчилгээг эхнэрийнхээ нэр дээр авсан бөгөөд орлогын эх үүсвэрийг нь тас нуун дарагдуулсан.  Үнэхээр гишүүний хэлсэн шиг 2-3 кино, тоглолт хийгээд 2-3 тэрбумын байранд орох орлоготой хүн үү? Учир битүүлгээр хөрөнгөжсөөр байгаа Ж.Мөнхбат гишүүн нууц хэлбэрээр авилгал авсан байж болзошгүй таамгууд хөвөрсөөр байна…

2017 оны буцаалт ороогүй бол дансны мэдээллээ баталгаажуулаарай

НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Тэгвэл 2017 онд нийт 272,697,943 баримт хэвлэгдэж, иргэд 169,370,846 баримтыг е-баримтын системд бүртгүүлэн батагаалжуулжээ. Үүнээс 6117 иргэний мэдээлэл зөрүүтэй тул нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монгол банкнаас гүйлгээ хийх явцад буцаагдсан байна.

Мөн НӨАТУС буюу сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс буруу, эзэмшигчийн нэр зөрсөн зэрэг иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан хүчин зүйлийн улмаас урамшууллаа авч чадахгүйд хүрчээ. Иймд дээрх иргэдийн е-баримт бүртгүүлдэг апп руу “Таны 2017 онд авах нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монгол банкнаас гүйлгээ хийх явцад мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бүртгэлийн мэдээллээ залруулж, хүсэлтээ гарган баталгаажуулаагүй тохиолдолд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.14-т заасны дагуу урамшууллыг цуцалж, санхүүжилтийг буцаах болно. Санхүүжилт буцсан тохиолдолд урамшуулал олгох боломжгүйг анхаарна уу” гэсэн санамжийг илгээж байна.

Иргэн та 2017 онд бүртгүүлсэн баримтын буцаан олголтыг аваагүй, эсвэл 2018 онд бүртгүүлсэн баримтын сугалааны хонжвор дансанд тань орж ирээгүй бол 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө харьяа татварын албанд очиж, мэдээллээ шинэчлүүлэх, е-баримтын системд нэвтэрч мэдээллээ баталгаажуулах эс бөгөөс 1800-1288 дугаарт залгаж, бүртгэлийн мэдээллээ залруулахыг сануулж байна.

Буцаан олголтын урамшуулал, сугалааны хонжвор авах иргэд цахим төлбөрийн www.ebarimt.mn системд хувийн мэдээллээ буруу оруулсан болон 131313 тусгай дугаараар мессеж илгээж төлбөрийн баримт бүртгүүлдэг иргэд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дараах тохиргоог хийнэ үү.

EBARIMT.MN - ХУВЬ ХҮН/ НЭВТРЭХ ДАНС - ТОХИРУУЛАХ  гэсэн дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Үүнд:

  • Овог, нэр кирилээр байх
  • Регистрийн дугаарын формат зөв эсэх
  • Банкны нэр, хамтран эзэмшигчгүй зөвхөн өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй.

Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж эхэлжээ. Цагдаагийн албаны сайтад дурдсанаар Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар 2018 оны долоодугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баргужин" ресторанд архидан согтуурсан үедээ танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан аж.Тэднийг 2.785.720 /Хоёр сая долоон зуун наян таван мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгасан аж.  Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг цагдаагийн байгууллагаас учруулсан хохирлоо барагдуулахыг шаардан, эрэн сурвалжилж эхэлсэн байна. 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

Эдийн засаг, зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдал, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг бодитоор тайлбарлах үүднээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна. 

Эдийн засаг 2018 оны эхний гурван улирлын байдлаар 6.4 хувийн өсөлттэй байна. Энэхүү өсөлтөд экспортын үнэ таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ бодлого боловсруулагчдын эдийн засгийн тогтвортой байдлыг зорьсон бодлогын арга хэмжээнүүд чухал нөлөөтэй байлаа.

Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээг нэгтгэн дурьдвал: Нэгдүгээрт, төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцож, төсвийн алдагдлыг мөнгө хэвлэж нөхдөг байсан үйл ажиллагааг зогсоосон нь олон улсын санхүүгийн байгууллагууд болон  хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ. Мөнгөний бодлого нь үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлж эхэлсэн нь улсын зээлжих зэрэглэл сайжирч, хөрөнгө оруулалт сэргэхэд гол түлхэц болов. Хоёрдугаарт, Төв банкны тухай хуулийн шинэчилэлээр төсвийн шинжтэй арга хэмжээ, төсвийн ужгирсан алдагдлыг Төв банкнаас он дамжин санхүүжүүлэхгүй байх, Мөнгөний бодлогын болон хяналт шалгалтын бодлогын аливаа шийдвэрийг харилцан зөвлөлдөж, хамтын зарчимд тулгуурлан гаргадаг тогтолцоог бүрдүүлсэн нь Монголбанк нь дэлхийн жишигт нийцсэн Төв банк болох үйл явцыг шат ахиулсан алхам болсон юм. Банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Банкны салбарын тогтвортой байдлын тухай зэрэг санхүүгийн системийн тулгуур хуулиудыг шинэчилж, олон улсын сайн туршлага, зарчмуудыг суулгаж өгсөн нь санхүүгийн систем эрүүлжиж, бэхжих үндэс болов. Гуравдугаарт, инфляцийн зорилтыг алдагдуулалгүйгээр Мөнгөний бодлогын хүүг 2016 оны 8 дугаар сараас хойш 5 нэгж хувиар аажмаар бууруулан 10 хувьд хүргэсэн нь сүүлийн 8 жилийн хамгийн доод түвшин байлаа. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг нэмэгдүүлэлгүйгээр эдийн засгийн өсөлтийг дэмжих зарчмыг баримтлалаа. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван байгууллага (Moody’s, S&P, Fitch) бүгд Монгол улсын зээлжих зэрэглэлийг 2018 онд дээшлүүлсэн нь бодлого зөв байсан гэдэгт гадаад талаас өгсөн үнэлгээ юм.  Инфляцийн түвшин энэ оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.8 хувь байгаа бөгөөд цаашид цаг агаар, бензиний үнэ зэрэг нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон улирлын онцлогтой холбоотойгоор түр хугацаанд зорилтоос давж хэлбэлзэх боловч 8 хувийн орчимд тогтвортой хадгалагдаж, Төв банкны үндсэн зорилт үргэлжлэн хангагдахаар хүлээгдэж байна.

Бодлогын хүү болон макро зохистой бодлогын арга хэрэгсэлийг хослуулан эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн бодлого нь санхүүгийн салбарын системийн эрсдэлийг бууруулах, зээлийн хэмжээг зохистой түвшнээс хэтрүүлэлгүйгээр зээлийн хүүг бууруулах замаар хэрэгжиж байна. 2015 оны сүүлийн хагасаас эхлэн сар тутам дунджаар 4-5 хувиар агшиж байсан зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 2017 оноос тогтвортой сэргэж 10 дугаар сарын байдлаар 20 орчим хувьтай байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн гол эх үүсвэр болж байна. Гаднаас орж ирсэн валютын урсгалыг гадаад валютын нөөцийн хуримтлал руу хөрвүүлж, банкуудын зээлийн эх үүсвэрийг гадаад валютаар бус төгрөгөөр бүрдүүлж, банкуудын эх үүсвэр Монголбанк, Засгийн газрын хараат байдлаас ангижирч, иргэд, ААН-ийн харилцах, хадгаламжаар бүрдэх болсон нь банкууд зээл гаргах таатай боломжийг олгож, зээлийн тасалдал арилж, санхүүгийн зуучлал хэвийн явагдах нөхцөл болсон юм. Бодлогын хүүг инфляцийн хэтийн төлөв, зорилттой нийцтэйгээр бууруулсан, банкны эх үүсвэрийг хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү шилжүүлэх макро зохистой бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь банкуудын зээлийн зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлж, зээлийн хүү буурахад нөлөөлж байна. 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн шинээр олгож буй зээлийн хүү үргэлжлэн буурч, 17.6 хувьд хүрсэн нь 2011 оноос хойш санхүүгийн зах зээл дээр ажиглагдаагүй эерэг үр дүн болоод байна. Энэ оны 10 дугаар сард банкны салбараас ААН-д шинээр олгосон төгрөгийн зээлийн 74 хувь нь 12-17 хувийн хүүтэй, иргэдэд олгосон зээлийн 65 орчим хувь нь 12-18 хувийн хүүтэй байна. 2015 оноос хумигдаж байсан бизнесийн зээлийн өсөлт 2018 оны 5 дугаар сараас эхлэн сэргэж, 9 дүгээр сарын байдлаар жилийн өмнөх түвшнээс 13.8 хувиар өсөөд байна. Төв банкны шинэ хуулийн дагуу УИХ-аас томилогдож байгуулагдсан Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны хуралдаанаар бодлогын хүүг 1 нэгжээр нэмэгдүүлэх шийдвэрийг 100 хувь санал нэгдэж гаргасан. Энэ нь эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдалд дотоод болон гадаад талаас учирч буй, цаашид учирч болзошгүй байгаа эрсдэлийг харгалзан үзэж өнөөдрийн өсөлтийг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр тогтворжуулж, дунд хугацаанд хадгалж хамгаалах зорилготой шийдвэр юм. Эдийн засгийн 6.4 хувийн өсөлтийг бүрдүүлэхэд нийт дотоод эрэлт 14.6 хувиар өсч байгаа нь дунд хугацааны тогтвортой байдлыг эрхэмлэж байгаа бодлого боловсруулагчдын хувьд хэд хэдэн асуултыг бий болгож байна. Дотоод эрэлтийн энэ өсөлт цаашид тогтвортой байж чадах уу?, Дотоод эрэлтийн өсөлтөөс үүдэлтэй төлбөрийн тэнцлийн дарамтыг даах уу?, Гадаад орчинд үүсээд буй эрсдэлүүд энэхүү дотоод тэлэлтийг цааш үргэлжлүүлэх бололцоог бидэнд олгох уу? эсвэл 2013-2016 оны хүндрэлийг дахин давтах уу? гэсэн шийдлээ хүлээсэн олон асуудлууд бидний өмнө байна. Ирээдүйн тогтвортой байдлыг зорьж байгаа тул өнөөдөр хамгийн эрсдэл багатай хувилбарыг сонгох нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв үгүй бол дэлхийн эдийн засгийн төлөв, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн сэргэлт, экспортын эрэлт сайжрахыг хүлээж гадаад өр тавьсан өмнөх алдаагаа давтах эрсдэлтэй байна. 

Монгол улсын гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Хэдийгээр гадаад валютын нөөц 2012 оны эцэст 4.1 тэрбум долларт хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт мэт боловч үүний 2.1 тэрбум ам.долларыг Чингис бонд, Хөгжлийн банкны бондын өрөөр бүрдүүлсэн билээ. Гэхдээ одоогийн хүрсэн түвшин нь өндөр мэт боловч эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад хүрэлцээтэй бус хэвээр байна. Тухайлбал, Монгол улс 27.9 тэрбум ам.долларт хүрсэн гадаад өрийн дарамтаа бууруулах шаардлагатай; дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал муудах эрсдэл өндөр байгаа; 2020 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд хийгдэж эхлэхээр хүлээгдэж байгаа нөхцөлд валютын нөөцөө хэрэглэж, зарцуулах бус үүлэн чөлөөний нарыг ашиглан ургацаа хурааж, өвөлдөө бэлтгэх нь ирээдүйд тустай. Гадаад валютын улсын нөөцийн зохистой хэмжээ нь улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа мөн. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн банкны салбарын бүтцийн өөрчлөлттэй холбоотой зорилтуудыг Монголбанк хариуцан хэрэгжүүлж, 6 удаагийн үнэлгээнд амжилттай дүнтэйгээр оролцов.

Эдийн засгийн өсөлт сайн, санхүүгийн салбарын зуучлал, зээл олголт хэвийн үргэлжилж, гадаад валютын нөөц харьцангуй өндөр түвшинд хүрээд буй энэ үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн 2 сарын хугацаанд 200 орчим төгрөгөөр суларсан нь эдийн засаг уул уурхай болон гадаад орчноос ямар өндөр хамааралтай эмзэг байгааг; гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, хадгаламж эзэмшигчдийн итгэлийн дархлаа ямар сул байгааг маш тодоор харуулж байна. Манай улсын төдийгүй бусад хөгжиж буй орнуудын валютын ханшид олон улсын нөхцөл байдал сөргөөр нөлөөлж суурь дарамтыг бий болгож байна. Гэхдээ сүүлийн сар гаруй хугацаанд бий болсон төгрөгийн ханшийн савлагаа нь нэгд, нүүрсний экспорт саатсан; хоёрт, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй тодорхой бус байдал нэмэгдэж, итгэл суларсантай холбоотой. Тухайлбал, БНХАУ-ын талаас манай улсаас худалдаж авах нүүрсээ 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн хязгаарласан нь валютын урсгалд сөргөөр нөлөөллөө. 2017 оны сүүлээс сайжирч байсан хэрэглэгчийн итгэлийн индекс 3 дугаар улирлаас эргэн муудах хандлага ажиглагдлаа. Иргэд, ААН-ийн итгэл суларснаар сүүлийн 2 сар гаруйн хугацаанд гадаад валютын харилцах, хадгаламж 220 гаруй сая ам.доллараар өсөөд байна. ААН нэгж байгууллагын цэврээр худалдан авсан ам.долларын хэмжээ 10 дугаар сартай харьцуулахад 11 дүгээр сар болон 12 дугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 240 гаруй сая ам.доллараар нэмэгдэв. Зах зээл дээр үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор Монголбанк 11 дүгээр сарын эхнээс 400 гаруй сая ам.долларыг валютын захад интервенц хэлбэрээр нийлүүлсэн боловч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш үргэлжлэн суларсан нь зах зээлд оролцогчдын хүлээлт, зан төлөв өөрчлөгдөж спекцуляци эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байлаа. Монголбанкны зүгээс 2018 онд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулахын тулд нийт 1.2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлээд байна. Зөвхөн өнгөрсөн 7 хоногт 130 сая ам.доллар банкуудад арилжаалав. Улс төрийн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй боловч Засгийн газрын үйл ажиллагаагаа  үргэлжлэх шийдвэр гарч, Монголбанк бодлогын хүүг өсгөж, интервенцийн хэмжээг нэмэгдүүлж, нүүрсний экспорт сэргэж эхэлснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих хандлагатай байна.

Гэхдээ эдийн засгийн тогтвортой байдлыг цаашид хадгалахын тулд улс төрийн тогтвортой байдлыг хангах, тогтворгүй байдлаас үүдэн эргэлзээтэй нөхцөл байдалд ороод буй хөрөнгө оруулагчдын  эргэлзээг арилгах, улс төр, дипломат арга замаар нүүрсний экспортыг дэмжих шаардлагатай байна. Эрдэнэс таван толгой компаний IPO хийх, хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж худалдаалах бэлтгэл хангагдаж буй одоо цаг үед гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд итгэх явдал өндөр байх нь туйлаас чухал байна.

Эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хадгалахын тулд төсөв, мөнгөний бодлогын төлөвийг ирээдүйг харж тодорхойлох шаардлагатай. Мөнгөний бодлого сулрах нь сайн, хатуурах нь муу гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд бодлогын төлөв өөрчлөгдөхийн үр дүнтэй байдал нь эдийн засгийн тогтвортой байдлыг дунд хугацаанд хэр хангаж чадсанаар хэмжигдэх учиртай. Ирээдүйд эрсдэл үүсч болзошгүй байгаа үед эдийн засгийн чадавхи нь дотоод эрэлт (хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн тэлэлт)-ийн өсөлтөө даахааргүй бол хурдаа сааруулах, түүнд чиглэсэн бодлогын тохируулгыг хийхээс өөр сонголтгүй. Харин ирээдүйн боyломж хангалттай бөгөөд эрсдэл харьцангуй бага үед тогтвортой байдлаа хадгалж, хэт халалт бий болгохгүйгээр эдийн засгийг тэлэх орон зайг бодлогоор дэмжих хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байдлыг хамгаалахуйц бодлогын тохируулгыг цаг тухайд нь хийж, харилцан бие биенийхээ нөлөөг тэнцвэржүүлж явах нь төсөв, мөнгөний бодлогын зохистой хослол юм. Монгол улсын эдийн засгийн уул уурхайгаас хамаарах байдал нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогын тэлэх орон зай хязгаарлагдмал болж, гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед бодлого боловсруулагчид дотоод, гадаад орчноо мэдэрч, алсын хараатай шийдвэрүүд гаргаж чадах эсэхээс Монгол Улсын цаашдын хувь заяа, эдийн засгийн аюулгүй байдал шууд хамаарна.

Сайн үйлс дэлгэрч, арвижих болтугай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Н.БАЯРТСАЙХАН

"КFС"-ийн ажилчдыг буутай этгээд айлган сүрдүүлжээ

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 08-ны 05:50-д хүлээн авч шалгахад Тус зоогийн газар БЗД-2 хороонд оршин суух хаягтай “Э” /эрэгтэй 40настай/ согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтанууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсаныг таслан зогсоож ПБ-4-2 маркын хийн гар буу, 2ш сумны хамт хураан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байна.

МАН-ын бүлэг сайд нарыг чөлөөлөх асуудлыг дэмжжээ

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ  7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд байр суриа нэгтгэсэн аж.  Улмаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.

Тус бүлэг Ашигт, малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжээгүй бол хоёр сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

ПРОКУРОР: 2018 оны эхний саруудад 201 хүн ял авсанаас 5 оюутан, 2 сурагч байжээ

Дорнод аймгийн прокурорын газрын  шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг 2018 оны эхний саруудын тайлангаас судалж үзсэн байна. Судалгаанд хэрэг бүртгэлтийн 629, мөрдөн байцаалтын 242, нийт 728 эрүүгийн хэргээс анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн 165 хэрэг хамрагдсан байна. Анхан шатны шүүх нийт 24 төрлийн 165 эрүүгийн хэрэгт 201 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. 

Гэмт хэргийн улмаас 234.376.660 төгрөгийн хохирол учирч, хүний биед учирсан гэмтлийн хувьд 69 хүнд хөнгөн хохирол, 19 хүнд хүндэвтэр хохирол, 5 хүнд хүнд хохирол учруулж, 11 хүний амь нас хохирсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн  субъектын хувийн байдлыг судлахад насны хувьд 16-17 насны 4, 18-30 насны 75, 31-40 насны 74, 41-50 насны 33, 51-ээс дээш насны 15, эрэгтэй 186, эмэгтэй 15 хүн, нийт 201 хүн ял шийтгэгджээ.

Мэргэжил, боловсролын тухайд огт боловсролгүй 27, бага боловсролтой 22, бүрэн бус дунд боловсролтой 53, бүрэн дунд боловсролтой 68, тусгай дунд боловсролтой 9, дээд боловсролтой 22 ажил, сургуульд хамрагдсан байдлын хувьд 44 хүн ажил, сургуультай, ажилгүй 150, оюутан 5, сурагч 2 байна.

Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хувьд 48 буюу 23.8 хувьд хорих ялыг, 2 хүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх, 1 хүнд хорих ялыг хойшлуулах, 71 буюу 35.2 хувьд торгох, 26 буюу 12.9 хувьд нийтэд тустай ажил хийлгэх, 47 буюу 23.3 хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, 3 хүнд эмнэлгийн чанартай арга хэмжээ хэрэглэхгүйгээр, сэтгэцийн улмаас хэрэг хүлээх чадваргүй үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр 3 хүнийг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж, нийт 201 шүүгдэгчдээс 5 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 45 буюу 22.3 хувьд нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, 10 хүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах, 2 хүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах, 1 хүнд хөрөнгө орлого хураах зэрэг албадлагын арга хэмжээ хэрэглэх, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэж, үүнээс бусдын эд хөрөнгийг хулгайлах болон мал хулгайлах гэмт хэрэгт ихэвчлэн хорих ял оногдуулж, харин бусад төрлийн хэрэгт хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүхээр шийдвэрлэсэн нийт гэмт хэргээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг хамгийн их 63 буюу 38.2 хувь, “хулгайлах” гэмт хэрэг 24 буюу 14.5 хувийг эзэлж байх ба 49 буюу 29.6 хувь согтуугаар14 буюу 8.4 хувь нь бүлэглэн үйлдэж байгаа нь дээрх гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нь согтуугаар, ихэвчлэн эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй, иргэдийн эрх зүйн ухамсар, харилцааны соёл дутмаг төдийгүй, бусдыг хүндлэхгүй, сэтгэлгээний  зөрчилтэй хүмүүс үйлдсэн зэргээс дүгнэхэд хувь хүний онцлог, харилцааны ур чадвар, мэдлэг боловсролын түвшинтэй холбоотой  болох нь судалгаагаар тогтоогджээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна

Шингэрүүлсэн шатдаг хий /газ/ хэрэглэгч айл, нийтийн хоолны газрууд хийтэй баллоныг ашиглахдаа халаах хэрэгслээс 1.5 метрээс багагүй зайд байрлуулж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна. 

Мөн хэрэглэгч шатахуун авахдаа тоолуурын заалтаа сайтар харж үйлчлүүлэгчийн зүгээс хяналт тавьж үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн ШТС-аас шатахууны чанарын үзүүлэлтийг тогтоосон шинжилгээний бичгийг үзэх боломжтой.

Хүйтний улиралтай холбогдуулан халаалтын зуух даралтат савны ажиллагаа эрчимждэг тул гэрийн болоод үйлдвэрийнхээ зуух, даралтат савны ажиллагаанд техникийн магадлал хийлгэж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

ШТС-ын барилгыг мөргөж осол гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Наран”-гийн голын “Сод монгол” ШТС-ын дэргэд зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнгөрсөн шөнө Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очиход тус ШТС-ын барилгыг 34 настай Э /эрэгтэй/ “Приус-30” загварын автомашинтай мөргөсөн байжээ.

Харин автомашины бүхээгний хэсэгт хавчуулагдсан байсан Э-г иргэд гаргасан байсан аж. Түүнд анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл