8o
Улаанбаатар хот
mobile menu

 С.Батболд: Нийслэл хот улстөржих талбар биш

2018-12-11 09:01:00

Хотын дарга С.Батболд өчигдөр  албан тушаалаасаа огцорч, ажлаа хүлээлгэж өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ. Улмаар НИТХ-ын дарга С.Амарсайханд албан бичиг илгээж, Хотын дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн юм. Тус саналыг  хүндэтгэн хотын захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 27-нд хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн байсан бол өчигдөр тэрбээр захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  Тодруулбал, С.Батболд албан тушаалаасаа албан ёсоор бууж, хотын орлогч Ж.Батбаясгаланд ажлаа хүлээлгэж өгөөд байна. 

Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэж өгөх үеэрээ “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелсэн. Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улстөржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл