8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Бугат сумын засаг даргад торгох ял оногдуулж, Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн өдөр

2018-12-11 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Р.Төмөрхуяг: Махбалыг бүр анхны зүйл ангиар нь, хамгийн хөнгөнөөр нь шийдэх гэж байна

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг шалгаж байгаа. Тус хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь яг одоо мэдээлэл хийж байна. Мэдээллийг шууд дамжуулж байна.  

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг  мэдээллийн эхэнд "Би 49 хоног дээр нь мэдээлэл хийж байсан. Үүнээс хойш 2 сарын хугацаа өнгөрлөө. Миний хувьд болон манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ.  Өнөөдрийн хэвлэлийн хурлыг яагаад хийж байна вэ гэвэл хууль хяналтын байгууллага хэргийн талаарх шаардлагатай бүх нотлох баримтыг дутуу оролцуулж шийдэх гээд байна. Шүүх, хяналтын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн явуулсангүй. Зарим нотлох баримт алга. Түүнийг лавшруулалгүй прокурорт илгээжээ. Прокурор их богино хугацаанд бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шатанд шилжүүлсэн байна.

Үүнээс гадна Сэжигтэн Махбалыг бүр анхны зүйл ангиар нь, хамгийн хөнгөнөөр нь шийдэх гээд байна. Бид үүнийг ойлгохгүй  байна. Энэ зүгээр нэг хүн амины хэрэг биш. Зориуд санаатайгаар хүүгийн маань амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн. Миний хүү  шударга, үнэнч байдлаасаа болж амиа алдлаа.  Хууль хяналтын байгууллагууд энэ хэргийн үнэн зөвийг олохгүй, тоглоом болгох гэж байгаад би их харамсаж байна. Тийм учраас би хамгийн дээд газарт нь буюу Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна" гэв. 

Өмгөөлөгч З.Хүрэлсүх "Есдүгээр сарын 28-ны өдөр энэ хэргийн талаар олон нийтийн дунд түгсэн буруу мэдээллийг арилгах зорилгоор бид хэвлэлийн бага хурал хийж байсан. Мөр зэрэгцэн ажиллаж байсан өмгөөлөгч нөхрийнхөө хэргийг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байлаа.

Хэрэг анхнаасаа тийм нууц далд байхаар үйлдэгдээгүй. Мөрдөн шалгах хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс олон хүсэлт, асуулт тавьсан. Заримд нь хариу илгээлгүй шүүхийн шатанд шилжүүлж байгааг хэвлэл мэдээллээс мэдлээ. Манай хэргийн хувьд шалган шийдвэрлэж байгаа хүмүүс хуулийн дагуу шалгахад ээдрээ, түвэг үүсэх магадлал бараг байхгүй. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Бидний хувьд мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулахыг санал болгож байсан боловч хүлээн авсангүй.

Энэ хэргийг дүүргийн болон нийслэлийн хоёр прокурор дамжиж хянасан. Мөрдөн байцаах албаны мөрдөгч нар 3 шатаар дамжуулан мөрдөн шалгасан. Бид өнөөдөр мөрдөн байцаах баримт, мэдээллийг задруулах боломжгүй байна. Гэхдээ асуудлыг арай өөрөөр шийдэж байгаа нь хохирогчийн эрхийг хамгаалахгүй, прокурорын байгууллага хайнга хандаад байна. 

Р.Амаржаргал: Улс төрийн нам хариуцлагаа ухамсарлаж,шинэчлэл хийх ёстой

АН-аас бараг л хөөгдлөө гэгдэж байсан Р.Амаржаргал саяхан АН-ын дэд дарга болж улстөрд эргэн ирлээ. Үндсэндээ энэ явдал хоёр дахь удаагаа болж уламжлал тогтох шахуу үзэгдэл болох шиг болов. Улстөрчийн хувьд туршлагатай,улстөрийн амьдралын цөмд ажиллаж ирсэн тэрээр ултөрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Монгол улсад нам дамжсан бүлэглэл, “шударга бусын хонгил” бодитоор бий болсон гэдгийг өнөөгийн ерөнхий сайд илчилж,үүний эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлээд байгаа. АН-ын туршлагатай улстөрчид ч энэ талаар ам нээсээр байна.

АН-ын дэд дарга Р.Амаржаргал Өнөөдөр сонинд /2018.12.10/ өгсөн ярилцлагадаа “ Би энэ талаар олон жилийн өмнөөс ярьсан. Эдийн засгийн бүлэглэлүүдийн хэтэвч нэг болж, нам дамжсан бүлэглэл гарч ирээд байна гэдгийг арваад жилийн өмнө анхааруулж байсан” гэжээ.

Харин үүнийг засах тухайд улстөрийн нам хариуцлагаа ухамсарлаж, шинэчлэл хийх ёстой. Нийгэм ч хариуцлагаа үүрэх ёстой. Эцсийн дүндээ бидний хийсэн сонголт ямар байгаа билээ, юуг дагаж намирч байгаа билээ гэдгээ хүн бүр бодох, эрүүл саруул ухаанаар харах гэж оролдох цаг ирсэн. Ийм байдалд хүрэхэд хүн бүрийн оролцоо байгаа. Тэхээр бурууг бусдад тохчихоод, өөрөө цэвэр цэмцгэр хүн шиг суугаад байж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Түүнчлэн өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намынхантайгаа, төрийн бусад институцтэй нэлээд сайн зөвлөлдөж, яавал төрийн институцийг бэхжүүлэх вэ гэдэгт чиглэсэн шийдвэр гаргах байх гэж найдаж байна гэсэн байна.Болохгүй, бүтэхгүй байгаагаасаа салах нь зөв. Ялангуяа шударга бус,хууль зөрчсөн хүмүүстэй эвлэрэх шаардлага байхгүй. Хоёр нүүр,ялгаатай стандарт гаргаж бүр ч болохгүй. Хууль зөрчигч  өөрийнх нь талынх бол толгойг нь илдэг,эсрэг талынх бол төрийн хамаг хүч чадлыг  гаргадаг байвал шударга ёс яаж тогтох билээ. Ер нь бол үеийн үед ийм хандлага байсан. Үүнээс аль болох ангижрахын төлөө л явах ёстой. ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон Засгийн газрын гишүүдтэй  гарцаагүй хариуцлага тооцох ёстой. “60тэрбум”-ын асуудал байгаа хариуцлага тооцох л хэрэгтэй” гэжээ.

Зарим албан тушаалтанд яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн Прокурорын Газраас олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Үүнд:  Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой хэргээс:

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпил нь албан тушаалын байдлаа урвуулан “..Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын Чайна машинери инженеринг корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан”,  Мөн “..Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан..” гэх хэрэгт М.Сономпилд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150.000.000 төгрөгийг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, хүү О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяаллах шүүхүүдэд шилжүүллээ.

Дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр машинаараа түргэний машиныг мөргөж, эмчийг гэмтээжээ

Өнгөрсөн шөнө яаралтай дуудлага хүлээн авч, өвчтөнийг эмнэлэг хүргэхээр явсан түргэний машиныг өвчтөний нөхөр мөргөж, дотор сууж явсан эмч нь гэмтэл авчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө 01 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд гэсэн дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч, эхнэрээ явуулахгүй хэмээн тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулжээ.

Тухайн өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир түргэний эмч өвчтөнийг эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас түргэний эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учирсан гэдгийг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн газраас мэдээллээ. Түргэний эмчийн гар нь гэмтэж, гипсдүүлсэн бөгөөд тархи нь доргиж, эмнэлгийн тусламж авч байгаа гэдгийг НЯТТ-өөс мэдээллээ.

Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай: 60 тэрбумын хэрэг НОТЛОГДСОН

“60 тэрбумын хэрэг” амьдрал дээр хэрэгжээгүй гэх ч 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан УИХ-ын дарга М.Энхболд ба түүний хамсаатнуудын нууц хэлэлцээр хийсэн нь ҮНЭН болох нь тогтоогдсон тухай NEWSPRESS мэдээллийн сайтад Нийслэлийн Ерөнхий прокурор өгсөн ярилцлагадаа баталжээ.

Тэрээр: “60 тэрбумын гэх хэргийг прокурор шалгаад 2014 онд МАН-н хэсэг нөхөр УИХ-н болон орон нутгийн 2016 оны сонгуульд оролцох МАН-н бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө санхүүжилтийгхэрхэн босгох талаар ярилцаж байсан болох нь нотлогдож, тогтоогдсон гэж үзсэн” гэж уг ярилцлагадаа хэлжээ. 

УИХ-н дарга М.Энхболд, ийм яриа огт болоогүй гэж баахан гүрэлзсэн ч цагийн эрхэнд үнэнд гүйцэгдэж, прокурорын газраас хүртэл үнэн болохыг нь эцэст нь хүлээн зөвшөөрлөө. Төрийн албыг наймаалцах байтугай, энэ тухай бодож ч уул нь болохгүй байлтай. Гэтэл тэд төлөвлөгөөгөө хүртэл гаргачихсан, Монгол төрийг захын наймаа шиг зарах гээд явж байсан цаг саяхан.

Хэдийгээр энэхүү “60 тэрбумын хэрэг” гээч нь үйлдэл дээрээ нотлогдоогүй гэж байгаа боловч төрийн албыг зарахаар санаархсан нь нотлогдчихоод байхад хуулийн хариуцлага үүрдэггүй юм гэж үү...

Хүнийг алахаар хутга барьсан л бол алаагүй ч гэсэн завдсан гэдэг зүйл ангиар ялладан. Гэтэл М.Энхболд дарга хуулийн байтугай ёс зүйн хариуцлага ч хүлээхгүй бололтой. Тэр төрийн албыг наймаалцахаар санаархаж, төлөвлөгөө гаргасан. Гэхдээ тэр үйлдээгүй учраас түүнд огтоос буруу байхгүй юм гэнэ.

Н.Алтанхуяг: “Шударга бусын хонгил жирийн иргэдийг ч сөхрүүлж эхэлсэн”

Өчигдөр орой гарсан “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил” яаж ажилладгийг маш логиктой тайлбарлав. Үгүйсгэхийн аргагүй факттай түүний ярилцлагад Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын шударга бусын хонгил Монголын байгалийн баялагийг нийлж эзэмшихийн тулд үүссэн бөгөөд 8 жил энэхүү хонгилын эзэн байсан Ц.Элбэгдорж хэрхэн залгамж халаагаараа М.Энхболдыг Ерөнхийлөгч болгон залгамжлуулж, хулгай луйвраа хууль шүүхийн байгууллагын тусламжтайгаар үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан тухай ярив.

Шударга бусын хонгилд АТГ, Прокурорын байгууллага, Дээд шүүх бүгд хамаарагддаг бөгөөд өөрсдийнх нь эсрэг дуугарсан болгоныг хэрхэн хэрэг зохион хэлмэгдүүлж, хичнээн олон аав ээж, үр хүүхдүүдийг нус нулимстай нь хольж, хэлмэгдүүлж хохироосон тухай ч дэлгэв

Н.Алтанхуяг хэлэхдээ, “2009 онд МАН олонхи байх үед Ц.Элбэгдорж өөрийн томилгоог хийхийн тулд М.Энхболдтой тохиролцож АТГ, Прокурорын байгууллага, Дээд шүүхийн удирдлагуудыг УИХ-аар батлуулж байсан. Дараа нь Д.Дорлигжавыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхад нь МАН олонхиороо байсан их хуралд оруулж Ерөнхий прокурор болгож байсан. Ц.Элбэгдорж тухайн үедээ М.Энхболдыг хонгилыхоо өрөөсөн багана болгохгүйгээр яаж МАН-аар дэмжүүлж өөрийн хүмүүсээ томилох байсан бэ? Шүүх цагдаагийн байгууллагуудын удирдлагуудыг нэг бол Ц.Элбэгдоржийн, эсвэл М.Энхболдын итгэлт албадууд хашдаг. Жишээлбэл Дээд шүүхийн даргаар н.Зоригт, Ерөнхий прокуророор Д.Дорлигжав, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, орлогчоор нь Б.Хурцыг тавьсан. Энэ нь өөрсдийнх нь бусармаг үйлдлийг илчилж, шударга дуугарсан хүнийг прокурорын зөвшөөрлөөр АТГ дээр хэрэг үүсгэж шүүхээр оруулан шоронд хийдэг Шударга бусын хонгилын арга барил. Зөвхөн улс төрчдийг ч биш мөнгөтэй бизнес эрхлэгчдийг ч шоронд хийж бизнесийг нь нурааж сэгсэрч байхад нь ийм шударга бус байж болдог юм уу гэж тэр үед хэлж ч байсан. Энэ бүгдийн эсрэг явсныхаа төлөө огцорсон” гэв.

Н.Алтанхуяг: Цагаан суваргын ордын 34 хувийг хуулиараа Монголчууд эзэмших ёстой

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Тэрээр Монголын улстөрд бугшсан бүлэглэлийн булхай луйвруудын талаар ний нуугүй ам нээв. Энэ дундаас онцлох нэг асуудал нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшдэг Цагаан суваргын ордын 34 хувийг Монголын ард түмэн эзэмших ёстой гэдэг нь анхаарал татсан хариулт байлаа.   

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлэхдээ “тэр н.Дэнзэн гэдэг залууг шорон гяндангаар тамалж, залуу айлыг амьдын хагацалд унагасан хүн бол энэ Н.Номтойбаяр байхгүй юу. Н.Номтойбаяр өнөөдөр цагаан суваргын эзэн биздээ энэний эзэн ч гэж юу байхав дээ Монголын ард түмний баялагийг л авчихсан байхгүй юу. Энэ ч гэж дээ аав нь л авцан юм. Аав нь яаж авсан бэ тагнуулд ажиллаж байхдаа мэдээлэлтэй хүн байсан. Тэгээл компани байгуулж гараал тэр үеийн Ерөнхий сайд бас л бид нар шиг нэг юмыг зөвлөх болгоол авна, тэгээл баахан лиценз тууцан. Тэрнийхээ дараа энэ хүүгээ 2 удаа тагнуулж ажиллуулж мянган юм янзласан. Тэгээд намайг бас ингээд байдаг юм. Энэ Н.Алтанхуяг гэдэг нөхөр Ерөнхий сайд байхдаа, Цагаан суваргын ордын 34 хувийг Монголчууд эзэмших ёстой биздээ? Тэрнийг нойл болгосон гээд байдаг байхгүй юу. БИ ТИЙМ ЮМ ХИЙГЭЭГҮЙ. Манай Засгийн газар дээр нэг ийм яриа боллоо. Ерөнхий сайдаа энэ цагаан суваргын ордын 34 хувийг төрд эзэмших ёстой хуулиар. Гэхдээ энэ Оюутолгойг харсан чинь 34 хувь чинь бөөн гай юм биш үү энийг тэгээд нойлоор нь өгчүүл яасын...  күүээ тийм юм байхгүй шүү... одоо бүр алах нь... нөгөө Алтанхуяг чинь 34 хувийг Н.Номтойбаярт бэлэглэхийн гэнэ ээ. Битгий олон юм донгосоод бай, за аваад ир гээд 34 хувиар нь бичээд Их хуралд оруулж байсан. Үр дүн нь яаж гарч байна гээч Их хурал дээр 34 хувь нь нойл болж гарч ирсэн. За эндээс та нар Монгол улсын эзэн хэн бэ гэдгээ бод” гэж “цензургүй яриа” нэвтрүүлэгт ярилцлаа.

Үндсэндээ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх үед Цагаан суваргын ордын талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг хэлж, 36 битгий хэл 360 лиценз манай гэр бүл дангаараа эзэмшсэн ч яадаг юм ухааны хариултуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхт өгч байлаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан суваргын ордыг төрд буцаан авна. Ард түмэнд буцааж өгнө нэг гэр бүл хууль зөрчин дангаараа орд газрыг эзэмшихгүй, бүлэглэлийн зарчмаар Монголын ард түмний өмчийг завшдаг,шударга бус зүйлтэй тэмцэнэ, төрийн ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ хийнэ гэж үсчээд байгаа нь Ард түмний төлөө юм гэдгийг эндээс харж болохоор байна. Мөн Цагаан суваргын ордыг Н.Номтойбаяр өнөөх төрийг тонон дээрэмддэг бүлэглэлийн зарчмаар авсан гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч мөн нотоллоо.

Гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөв

Иргэн Г, Н нараас Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн гомдлын дагуу дэлгүүрт худалдан борлуулж байсан хушга самрыг лабораторийн шинжилгээнд хамруулахад гурилын жижиг, жуулгавчийн авгалдай, агуулахын хортон илэрсэн байна.

Тус дэлгүүрийн эзэн хушга самрыг Казакстан улсаас ирсэн иргэний гар дээрээс худалдан авсан аж. Ил задгай худалдаа, гар дээрээс зарагдаж буй үзэм, хушга, чавга, самар зэрэг нь хортон шавжаар бохирлогдсон байх магадлалтай тул иргэд ил задгай худалдаа, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзах, хүнсний бүтээгдэхүүнийг сайтар шалгаж авахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөлөө.

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргаа, заавал өндгөөр шидүүлж карьераа өндөрлүүлэх ямар шаардлага байгаа юм бэ

"УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичиг өргөн барина" гэдгээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-УИХ-ын даргыг огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж та ярьсан. Тэмцлийн хурц хэлбэр гэдэг нь өлсгөлөн зарлах уу. Эсвэл жагсаал цуглаан хийх үү?

-Өнөөдөр /өчигдөр/ бид нар ярилцаж байгаад гарын үсэг цуглуулаад өгөх гэж байна. Намайг огцор гэсэн албан ёсны шаардлага байхгүй байна гэсэн байдлаар мэлзээд байгаа. 28 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг оруулж өгөхөөр төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн 50+1 нь цаашдаа таньтай хамтарч ажиллаж чадахгүй гэсэн албан бичгийг хүргүүлнэ. Мөн бид намын удирдлагуудад хандана. Түүний дараа шаталсан алхамуудыг хийгээд явна. Хэрвээ энэ шаардлагуудыг хүлээж авахгүй бол олон нийтийн жагсаал цуглаан хийнэ. Энэ долоо хоногийн чуулганы хуралдааныг бойкотлоно. Одоо хангалттай гэж бодож байна.  Үүнээс цааш иргэдийг илүү их бухимдуулж, жагсаал цуглаан хийлгэж, өндгөөр шидүүлж улс төрд битгий хэл Монголд ч байхад хэцүү болох хэмжээнд хүргэж карьераа өндөрлүүлэх ямар шаардлага байгаа юм бэ. Би үүнийг ойлгохгүй байна. Өчигдрөөс эхлээд “Хүн чанар”-ын тухай постуудыг над руу явуулж байна. 

60 тэрбумын хэрэг нь М.Энхболд гэх хувь хүнтэй холбоотой асуудал биш юм. Хувь хүнтэй холбоотой байсан ч хүн чанар ярих эрхтэй хүн биш. Энхийн цагаан тагтаа аятай жүжиг тоглоод хэрэггүй. Энэ үүсвэр эхлэлийг нь өөрөө л тавьсан.  Нийгэм энэ хүнийг УИХ-ын даргаар хүлээж авч чадахгүй байна.Өнөөдрийн талцал, хуваагдлын эхлэлийг энэ хүн л тавьсан. Системийн гажуудлын эхлэлийг энэ хүн л тавьсан. Парламентын ихэнх гишүүн УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ядаж битгий миний аав ээж рүү битгий дайраачээ гэж М.Энхболд даргаас хүсч байна.

-УИХ-ын даргыг огцруулах 5 үндэслэл байгаа. Энэ үндэслэлүүд та бүхний тавьсан шаардлагад байхгүй байна гэсэн зүйлийг яриад байгаа. Үүнд та хариулт өгөхгүй юу?

-Бид бол өөрөө өргөдлөө өгөөч л гэж байгаа. Үндсэн хуулийн цэц рүү Ерөнхий сайд хандсан. Энэ дагуу ҮХЦ хуралдах ёстой. ҮХЦ-ийн дарга бол аль ч улсад хамгийн эрхэм ёс суртахуунтай байх ёстой. Гэтэл илт нэг талд гарч хамгаалж байна. Асар том аалзны торонд монголын төр орчихоод байгаа нь харагдаж байна. Өөрийгөө хууль, төр, УИХ гээд бодчихсон. Эрх зүйт төрийн эзэн болчихсон байна. Нэг өдөр хуулийн бүх байгууллагыг хөдөлгөж чадаж байна. Хуулийн байгууллагын дээр энэ хүн гарсан байна. УИх хурлын дарга нь төрийн эрхийг хууль бусаар авах бичлэгт орчихоод, энэ үнэн үү гэхэд үнэн ч гэж хэлж чадахгүй, худлаа ч гэж хэлж чадахгүй байна. Тэгээд хууль хяналтын байгууллагад нөлөөлж хаачихаад, УИХ-ын гишүүд нь тантай ажиллахгүй, өргөдлөө өг гэхээр Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж байна гэж хэлдэг зүйл хаана ч байхгүй. Хоёр жил бүх боломжийг ашиглаж байна. Их хурлын даргыг ийм эмгэнэлт драмдаа цэг тавь гэж хэлмээр байна. Бусад улс шиг л болъё гэж яриад байгаа юм шүү дээ. Үүнийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаад баймааргүй байна. Бид УИХ-ын даргыг огцор гээд байхад л өөдөөс “Та нар огцор гээгүй байна лээ” гээд байх юм. Өнөөдөр тэр бичгийг нь өгье. Бичиг өгснийх нь дараа яаж тайлбарлахыг нь харъя

 Бугат сумын засаг даргад торгох ял оногдуулав

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Х.Хайвд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.

Х.Хайв нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн С-ыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, уг албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан хэдий ч дээрх захирамжийг С-д мэдэгдэж танилцуулахгүйгээр нуун дарагдуулж байгаад түүнийг шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан захирамж гарган шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд Х.Хайвыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанар уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment