8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Гантуяа: Монголынхоо үрсэд барьж буй миний хоёр дахь бэлэг бол “Ботгохон”

2018-12-13 14:05:36

“Маамуу” үндэсний төслийг хүн бүр андахгүй. Тэгвэл уг ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн хүн бол яах аргагүй “Номадик контент” компанийн захирал Г.Гантуяа. Тэрбээр бяцхан үрсдээ дахин нэн шинэ, өхөөрдөм бэлэг задлахаар ханцуй шамлаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл Монгол залуусын ур ухаан шингэсэн хүүхдийн үндэсний дүр тун удахгүй мэндлэх нь. Тэр бол говийн хоёр бөхт “Ботгохон”...

- Монголд хүүхэлдэйн киноны хоосон орон зайг нөхсөн бүтээл бол “Маамуу” төсөл. Өнөөдөр “Маамуу”-г мэддэггүй хүн гэж үгүй. Тэгвэл сүүлийн үед танай багийнхныг “Ботгохон” үндэсний төсөл хэрэгжүүлэхээр болсон гэж сонслоо. Энэ талаар яриагаа эхлэх үү?
- Монгол Улсын хүүхдийн контентын зах зээлийн дийлэнх буюу 90 гаруй хувийг гадаадын бүтээл эзэлдэг.

Хэдийгээр төрийн зохицуулалтаар үндэсний контентын квотыг тогтоосон ч гадны контенттой өрсөлдөхүйц, чанар болон агуулгын хүрээнд шаардлага хангасан бүтээл дутмаг байсаар байна. Бидний хамгийн анхны алхам болох “Маамуу цогц төсөл” хүүхэд бүрийн хайрыг татаж чадсанд их баяртай явдаг. 

Миний дараагийн Монголынхоо үрсэд барьж буй хоёр дахь бэлэг бол “Ботгохон”. 2018 оны тавдугаар сараас энэ төслийн санаа, төлөвлөлт дээрээ зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хамгийн эхний бүтээл болох зурагт ном маань хүүхдүүдийн гар дээр очиход бэлэн болоод байна. 

Миний хувьд “Номадик Контент” компаниа байгуулаад удаагүй байгаа тул хүүхдийн контентын салбарт хөл тавина гэдэг “чанга”  л даа. Гэхдээ “Маамуу” төсөл дээрээ ч олон хүмүүсийн итгэл үнэмшил сул байхад зориглож, амжилттай хэрэгжүүлж чадсан болохоор уйгагүй хөдөлмөрийнхөө дүнд зорилгодоо хүрэх болно. Төслийнхөө санхүүжилтийг оюуны хөгжлийг дэмжигч төр, төрийн бус байгууллага болон нийгмийн хариуцлагыг дэмжигч байгууллага хувь хүмүүсийн дэмжлэгээр амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

БИЕТ БОЛОН БИЕТ БУС ӨВИЙГ СУРТАЛЧИЛЖ, ТҮҮГЭЭР ДАМЖУУЛАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ИХЭЭХЭН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА

 

-“Ботгохон” нийгэмд ямар өгөөжөө өгөх вэ?
-“Ботгохон” төсөл нь үндэсний дүрээр дамжуулан бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, тэдний хөгжилд эцэг эх, асран хамгаалагчийн олон талт оролцоог нэмэгдүүлэх, ирээдүйн зөв төлөвшилтэй иргэнийг хөгжүүлэхэд чиглэж, дутагдалтай байгаа хүүхдийн контентыг нэмэгдүүлэх зорилготой.

Ингэхдээ “Ботгохон” үндэсний дүрийг бүтээж, тэдний хөгжилтэй бас сургамжтай адал явдлаар хүүхдүүдэд багаас нь эерэг хандлага, үндэсний түүх соёл, уламжлалт зан заншил, газар зүйн онцлог, байгалийн өвөрмөц тогтоц, үнэт зүйлсийг таниулах юм. Мөн Монгол улсын биет болон биет бус соёлын өвийг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулах болно.

-Хүүхдийн хүмүүжил талаас хэр анхаарал хандуулав?
-“Маамуу” төслийг хэрэгжүүлж байхад эцэг эхчүүд бидэнд сэтгэгдлээ сошиалаар болон биечлэн илэрхийлдэг байсан л даа. Дандаа л эерэг, халуун дулаан талархлын үгс сонсоно. Түүн дотроо “Манай хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байгаа” гэсэн сэтгэгдлийг дуулахад их урам болдог байсан.

Ер нь “Маамуу”-гийн цаад зорилго нь хүүхдийг хүн болгон хүмүүжүүлэх, тэр дундаа анд нөхөрлөлийн үнэ цэнийг хандлагад нь суулгаж өгөхийг зорьсон. Тэрхүү хүсэл зорилго минь биелж байгааг харах үнэхээр гайхалтай мэдрэмж. Нэг ээж “Манай гурван настай хүүхэд Маамуугийн улаан шүтэн бишрэгч. “Шүдний төрсөн өдөр” ангийг үзчихээд найзыгаа санаад “Маргааш Мишээлд чихэр аваачиж өгнө шүү” гээд намайг баахан шаналгасан” гэж билээ. Энэ мэт өхөөрдөм тохиолдол зөндөө бий. “Ботгохон” төсөл дээр ч бас яг энэ хүмүүжил, хүн болгон төлөвшүүлэх зорилгоо хадгалан илүү их хичээн ажиллана.   

-Мэдээж энэ төсөл хүүхдийн контентын тоо нэмэх зэргээр ач холбогдлоо өгөх нь тодорхой. Харин дотоодын аялал жуулчлалыг хэрхэн дэмжих бол?
-Бидний сайн мэдэх Солонгос улс өөрсдийн баялаг түүхгүй ч, 3,000 жилийн түүхтэй хэмээн өөрсдийгөө сурталчлан, байгаа нөөц бололцоондоо тулгуурлан баяжуулж, аялал жуулчлалаа хөгжүүлэхэд анхаарал хандуулж, хөгжлийнхөө нэг хүчин зүйл болгож чадсан.

Хүннү гүрнээс хойш Монголыг байлдан дагуулж чадсан баялаг түүхтэй манай улс алтан дээр сандайлсан гуйлгачин мэт баялгаа хадгалсаар өнөөдрийг хүрэв. Өөрөөр хэлбэл бидэнд  байгаа өв соёл, түүх, байгалийн өвөрмөц тогтоц, дэлхийд ховор амьтдаараа урлагийн бүтээл, контент хийх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах боломж бололцоог бүрдүүлэх юм.

Тухайлбал, Өмнөговь нь үлэг гүрвэлийн олдвор, ул мөрөөр арвин, түүхийн хосгүй дурсгалтай аймаг. Тийм учраас “Маамуу” төслийнхөө хоёр дүрийг динозаврын үр төлөөр сонгосон. Түүнтэй адил “Ботгохон” төслөөрөө говийн байгалийн өвөрмөц тогтцыг дүрслэн харуулах, ховордсон амьтдаар дүр бүтээхээс гадна хүүхдийн хайртай үлгэрийн дүр бүтээх нь бидний зорилго. Үүнийг дагаад хүүхдүүдийг говиор аялах хүсэл мөрөөдөлтэй болгох нь хамгийн чухал юм. Ботгохон дүртэй аялал жуулчлалын бааз, хүүхдийн парк, музейн үзмэрүүд бий болгож, дотоод гадаадын жуулчдыг татах замаар эдийн засагт эргэлтэд тодорхой хэмжээний нэмэр болох бүрэн боломжтой. 

ШИНЭХЭН БАЙГУУЛСАН КОМПАНИЙН ХУВЬД ХҮҮХДИЙН КОНТЕНТЫН САЛБАРТ ХӨЛ ТАВИНА ГЭДЭГ “ЧАНГА” Ч УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ДҮНД САНХҮҮЖИЛТЭЭ БОСГОХ БОЛНО

 

-Хүүхдэд үндэсний үзлийг төлөвшүүлэхийн сацуу Монголынхоо өв соёл, түүх, үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах зорилго тань ихэд таалагдлаа. Мөн дөнгөж байгуулагдсан атлаа хүүхэлдэйн киноны салбарт хүч үзэж байгаа нь их зоригтой алхам юм...?
-“Маамуу” төслийг нэгэнт байр сууриа олчихсон компанид санаачлан хэрэгжүүлсэн.

Харин “Ботгохон” төслийг байгуулагдаад удаагүй компани авч явж байгаагаараа ялгаатай. Иймд сайтар төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар урагшилна гэсэн үг. Өөрөөр хэлбэл төслийн үнэ цэнэ, хүртээмжээс шалтгаалан санхүүжилт олно гэсэн итгэл дээр суурилан зоригтойгоор хөдөлсөн. Бид санхүүжилт олох зорилгоор олон газартай уулзаж төслөө танилцуулах төлөвлөгөөтэй байна.

-Өмнөх туршлагаа дээрээ тулгуурлан "Ботгохон” төсөлдөө өөр ямар шинэлэг ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Маамуу төслийн үр дүнгээс та бүхэн хүүхэлдэйн киноны дүрүүд ихэнхдээ хүүхэд бүрийн хайртай баатар болдгийг харсан байх. Тиймээс дүрийн бизнесийг хөгжүүлснээр Монгол улсын хөгжилд нэмэртэй, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг олж харж байна. “Ботгохон” төсөл зөвхөн танин мэдэхүй, хүүхдийн хөгжил гэхээсээ илүү тэнд гарч байгаа дүрүүд нь бодитой байвал дагаад эдийн засгийн эргэлтийг дэмжих боломжтой. “Маамуу” төсөл дээр бид дүр ашиглах эрхийг хэдхэн компаниудад өгөхөд чамгүй үр дүнтэй ажилласан. Тэгэхээр цаашдаа илүү олон үндэсний үйлдвэрлэгчтэй хамтран “Нэг брэнд Нэг гарц” гэсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх болно. 

-“Ногун” комик тань байгаль орчноо хамгаалах үзлийг хүүхдэд төлөвшүүлэхийг зорьсон. Энэ удаагийн төсөл мөн л байгаль дэлхий, ан амьтдыг хайрлахад чиглэж байна?
-Хүүхдийн контент гэдэг өөрөө нийгмийн хариуцлага. Монголчууд бидний хамгийн эмзэг сэдэв бол байгаль экологийн асуудал. Тэгэхээр яах аргагүй контентоор дамжуулан байгаль дэлхийгээ хайрлах төлөвшлийг суулгахаас өөр замгүй. Байгаль экологийн тэнцвэр алдагдахад ургамал амьтдын оршин тогтнох нөхцөлд сөрөг нөлөөтэй учраас багачуудад амьтдыг энэрэн хайрлах сэдлийг төрүүлэх нь чухал билээ.

-Яагаад заавал Өмнөговь гэж?
-Өмнөговь нь цөлжилт ихтэй аймгуудын нэг. Аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цөлжилтөд хүчтэй өртсөн гэсэн судалгаа бий.

Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнээс шалтгаалан байгаль орчны нөхөн сэргээлтийг хангалттай хийж чадахгүй байгаагаас цөлжилтийн аюул нүүрлээд байна.

Энэ нь нутгийн ургамал амьтан устахад ихээхэн нөлөө үзүүлэхээс гадна аялал жуулчлалын урсгал хумигдах сөрөг талтай. Гэтэл Өмнөговь аймаг түүх дурсгалын ямар их арвин нөөц, өлгий болдог билээ дээ. Аялал жуулчлалыг нь дэмжиж өгснөөр тухайн аймгийн эдийн засаг хөгжихөд чухал нэмэртэй. Магад төсөл маань амжилттай хэрэгжвэл зөвхөн Өмнөговь бус Хөвсгөл, Хэнтий зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад цогц төслүүдээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой.

-Ботго тугалаа ялгахаа байсан өнөө үед дэлхийд ховорхон хоёр бөхт Монгол тэмээгээ сурталчлан таниулж буй нь ихэд олзуурхмаар санагдсан?
- Дэлхийн нийт тэмээний 94 хувийг ганц бөхт тэмээ, 6 хувийг хос бөхт тэмээ эзэлдэг. Энэхүү багахан хувийн дийлэнх нь Монголд бий. Тэгэхээр дэлхийд хосгүй тэмээгээ сурталчлан таниулах нь бидний зүй ёсны үүрэг. Нөгөө талаас бид гагц Монголд л амьдардаг улаан номд орсон мазаалайг нэг дүрээрээ сонгосон. Өдгөө 20 гаруйхан үлдсэн энэ амьтныг хамгаалах асуудалд мөн анхаарал хандуулна.

БИД ТӨСЛИЙНХӨӨ ЭХНИЙ БҮТЭЭЛЭЭР 1,000 ХҮҮХЭД БАЯРЛУУЛНА

 

-Төслийг нутгийн зөвлөл зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулсан уу?
-Хамгийн түрүүнд Өмнөговийн засаг даргын ажлын албанд танилцуулсан. Их нааштай хүлээн авсан. Дараа нь бид тус аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн болоод төр, олон улсын байгууллагуудтай уулзах төлөвлөгөөтэй байгаа.

-Хүүхдийн контент үйлдвэрлэгчийн хувьд таны мөрөөдөл юу вэ?
-Миний мөрөөдөл бол дүрийн бизнесээрээ дэлхийн контентын зах зээлд өрсөлдөх... Өөрөөр хэлбэл төрөөс уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлдэг болбол эргээд эдийн засагт нөлөөлөхүйц уран бүтээлийг бид хийж чадна. 

 

 

-“Ботгохон” төсөл шинэ оныг угтан анхныхаа бүтээлүүдээр 1,000 хүүхэд баярлуулах гэж байгааг сонссон?
-Тийм ээ. Бид шинэ оныг угтан эхний бүтээлээ сайн үйлсийн аянд зориулахаар төлөвлөж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжингээ бяцхан үрсийн магнайг тэнийлгэх сонирхолтой, сэтгэл зүрхтэй ямар ч хувь хүн, албан байгууллага бидэнтэй нэгдэж болно. Манай багийнхан эхний хэвлэлтээсээ "Ботгохон" төслийн 1,000 багц бэлгийг гаргаж, 1,000 үрсийг баярлуулах болно. 

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл