8o
Улаанбаатар хот
mobile menu

“Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ тайлан” ном Монгол, Англи хэл дээр хэвлэгдэн гарчээ

2018-12-14 13:33:01

НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээг 2017 онд хийсэн. Харин  тус үнэлгээ жил гаруйн хугацаанд эмхлэгдэн ном болон хэвлэгдсэнийг олон нийтэд танилцууллаа.

Энэхүү БОГҮ нь манай улсын байгаль орчны менежментийн салбарт 1987 оноос хойш олсон ололт амжилтын ерөнхий үнэлгээ бөгөөд хууль эрх зүйн болон бодлогын тогтолцоо, хэрэгжилт, эдийн засгийг ногооруулах, байгаль орчны мониторинг-хяналт шинжилгээ, олон нийтийн оролцоо, тогтвортой хөгжлийн боловсрол зэрэг олон асуудлыг хамарсан өргөн цар хүрээтэй ажил юм.

БОГҮ-ний явцад агаарын бохирдол, биологийн олон янз байдлыг хамгаалах, ус хог хаягдал болон газрын менежмент зэрэг улс орны хувьд онцлог, чухал ач холбогдол бүхий асуудлуудыг авч үзсэн байна. Мөн эдгээр байгаль орчны асуудал нь ойн хийгээд эрүүл мэндийн салбарын бодлоготой хэрхэн уялдаж байгаад ажиглалт хийж, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул занал, гамшгийн эрсдэлийн менежментэд гарсан амжилтыг онцлон тэмдэглэжээ.

Монгол Улсын байгаль орчны салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, ялангуяа манай улс Риогийн гурван конвенцийн хэрэгжилтэнд хэрхэн оролцож ирсэн талаар нарийвчилсан бодлогын дүн шинжилгээ хийсэн бөгөөд уг тайлангийн холбогдох хэсэг тус бүрт мэргэжлийн зөвлөмж гаргажээ.

Мөн Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх үйлсэд Монгол Улсын олсон ололт амжилт, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд шийдвэрлэвэл зохих саад бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжихээр чиглэсэнээрээ онцлог болжээ.

Энэхүү хөндлөнгийн үнэлгээнд суурилан өөрийн орны байгаль орчны менежментийг  сайжруулах, байгаль орчны асуудлыг эдийн засгийн салбаруудтай уялдуулах, олон нийтийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах, бусад орнуудтай бодлогын хүрээний болон арга туршлагын тухай мэдээллийн солилцоог хөхиүлэн дэмжих талаар тодорхой ахиц дэвшил гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Уг үнэлгээ нь бодлого боловсруулагчид болон иргэний нийгмийн төлөөлөлд дэмжлэг болж байгаль орчны засаглалаа сайжруулахад чиглэсэн тэдний хүчин чармайлтад хувь нэмрээ оруулсан Монгол улсад ТХЗ-уудад хүрэх хүчирхэг арга хэрэгсэл болж байна гэдгийг өнгөрсөн хугацаанд тайланг эмхэтгэж хамтран ажилласан төлөөллүүд  номыг танилцуулах хурлын үеэр хэлж байсан юм. “Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ тайлан” ном нь Монгол, Англи хэл дээр хэвлэгдэн гарчээ.

 

Эх сурвалж: БОАЖЯ

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл