Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Шинэ жилээр олныг хамарсан үйл ажиллагаа ихээр зохион байгуулагддаг. Энэ үеэр эрсдэл бага байлгах үүднээс цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, замын цагдаагаас чиглэл чиглэлээрээ хяналт шалгалтын ажлыг явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас гэхэд томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ресторан, зоогийн газрууд дээр галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж байгаа. Мөн шинэ жилийн баяртай холбогдуулан иргэд, ААН-үүд өөрсдийн зохион байгуулж буй арга хэмжээнүүд дээр пиротехникийн хэрэгсэл хэрэглэдэг. Үүн дээр мөн анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Энэ чиглэлийн эрх зүйн орчин хангалттай байдаг. Пиротехникийн хэрэгсэл худалдах, зөөвөрлөх, хадгалах эрхтэй хоёр компани байдаг. Эдгээр компаниуд цаашдаа үйл ажиллагаа явуулахдаа харьяа Онцгой байдлын газарт гурваас доошгүй хоногийн дотор хандаж улсын байцаагчийн хяналт дор явуулдаг" гэв.