Эмээлт өртөө орчимд байршиж байгаа хоёр буганы талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн билээ. Ингэхдээ тэдгээр бугануудыг ирээд 25 хонож байгаа. Нэг нь босохгүй байгаа хэмээн мэдэээлэгдсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан БОНХАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран өчигдөр СХД-ийн 32 дугаар хороо Эмээлт өртөөний орчимд ажиллаад иржээ. Тус газар очиж бодит байдалтай танилцахад тухайн хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй эрүүл байсан бөгөөд цас их унаж, өвс тэжээл ховордсоноос ийнхүү хотод ойртон ирсэн байна. ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумъяабаатарын хэлснээр “Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нартаа тус хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон байгаа. Эмээлт өртөөний оршин суугчид ч энэхүү 2 буганд өөрсдийн чадах хэмжээнд анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгсөн байна. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосоны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус хоёр бугыг зөөвөрлөн, эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
Эмээлт байгаа хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байна
2016-02-26 09:56:00