8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Г.Угалзцэцэг ДА-аас 4 дэх алтан медалиа авч, Чуулган завсардсан асуудлаар УАБЗ-ийг хуралдуулахыг хүссэн өдөр

2018-12-17 18:45:00

Тойм: Г.Угалзцэцэг ДА-аас 4 дэх алтан медалиа авч, Чуулган завсардсан асуудлаар УАБЗ-ийг хуралдуулахыг хүссэн өдөр

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ч.Гэрэлхүү: Аллагад оролцсон бүх хүн БНСУ-д байгаа. Аллага 09.30 минутаас эхэлсэн шүү

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ аравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр дэх “KH апартмент” хотхоноос өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаачийн нагац ах болох Ч.Гэрэлхүү дүүгийнхээ үхлийн шалтгааныг илрүүлэхээр баримт цуглуулан ажиллаж байгаа талаар  уржигдар /2018.12.15/ өөрийн цахим хуудаснаа  лайв хийсэн юм. Тэрбээр Франц улсад амьдар аж. 

Тэрбээр “Миний бодлоор хэрэг илэрсэн. Гэвч өмгөөлөгч олдохгүй байна. Өмгөөлөгч  нар бүгд айдастай байна. Би  аравдугаар сарын 27-ны өдрөөс эхэлж хоёр мөрдөгч хөлсөлж авсан. Надад хэрэгт холбоотой хүмүүсийн нэрс болон гурван хавтаст хэргийн материал байна. Би үнэнийг дэлгэнэ. Асуудал их энгийн. Би энэ хэргийг илрүүлсэн. Харин одоо хамтарч ажиллах хүнийг хайж байна. Р.Булгамаа өмгөөлөгчтэй хамтарч ажиллахаар ярилцаж, байнга холбоотой байгаа. Р.Булгамаа өмгөөлөгчтэй хамтарч ажиллах баг олдохгүй байна. Монголд бол өмгөөлөгч олдохгүй юм байна. Тийм учраас гадны шинжээч, өмгөөлөгч авах гэж байгаа. Энэ сарын 27-нд талийгаачийн өмсөж явсан хувцасыг ээж над руу явуулсан. Би эндхийн шүүх шинжилгээнд оруулна, мөн франц өмгөөлөгч авна гэж бодож байгаа. Олон хоног гашуудсан, харин одоо бол гашуудах цаг хугацаа биш. Хэрэгтэнийг л олох хэрэгтэй байна. Монгол Улсын хууль  хяналтын байгууллагууд яах нь вэ харъя. Энэ бол захиалгат аллага. Би энэ хэргийг илрүүлсэн. Гол нь хамтарч ажиллах хүнийг хайж байна. Би үнэнийг дэлгэхээс айхгүй байгаа ч  манай хамаатан садан бүгд айдас дунд байна. Надаас холбоогоо хүртэл тасалж байна.

Би Э.Одонтунгалагийн ээжээс уучлалт гуйхгүй. Тэр хүн дандаа бидний эсрэг ажил хийж байгаа. Гурван оролцогчийн ээж байгаа. Тэд нар яагаад ил гарахгүй байна. Маанийн ерөөлийг бурхан болсон хүний урд л тавьдаг. Эхний ээлжид МNTM шоуны шүүгч Нора болон Э.Одгэрэл нарыг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Тэр хоёр хэрэгт хамгийн их хамааралтай. Алуурчинд зуучилж өгсөн байх магадлал өндөр. Үүнээс гадна талийгаачийн найз залуу болох н.Нэмэхбаяр, МNTM-ийн оролцогч Э.Одонтунгалаг нар мөн хамаатай. Э.Одонтунгалаг одоо АНУ-д байгаа. Тэр хүүхэд хоёр улсын иргэншилтэй эсвэл хэрэгт хамаатай болохоор гадагшаа явсан. 

Талийгаачийн лифтээр явж байгаа бичлэг нь амьдардаг 11 давхрынх лифтэнд байгаа бичлэг. Түүнээс биш өөр орц биш. Лифтээс буусныг нь оруулаад дээшээ гарсныг 6D болгож өөрчилөөд байгаа байхгүй юу. Надад хэрэг гарахаас өмнөх лифтний 7 хоногийн бичлэг байна. Өндрөөс унасан гадны нөлөөгүй амиа хорлосон болгож харагдуулж байгаа бүх зүйл лифтний хяналтын камерын монтажтай холбоотой. Хэрэг гардаг өдрийн бичлэгийг 2-3 үзээд ойлгохгүй. Олон дахин нягталж байж ойлгоно. Надад бичлэг нь байгаа. Би удахгүй тэр бичлэгийг цахим хуудаснаа оруулна.

Аллагад оролцсон бүх хүн БНСУ-д байгаа. Би алуурчдыг заавал олж дүүгийнхээ нэр хүндийг сэргээнэ. Аллага 09.30 минутаас эхэлсэн шүү. Надад баримт байна. Би алддагаа алдсан. Би юунаас айх юм бэ. ” хэмээн хэллээ.

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая доллар авсан хэрэгт хариуцлага тооцох Хууль хяналтын байгууллага Монголд алга уу?

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн дансанд 4 сая ам. доллар шилжүүлсэн нь үнэн гэж мэдэгдсэн явдал олон нийтийн анхаарлыг эрхгүй татсан. Уг нь бол энэ шинэ мэдээлэл биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин цахим хуудастаа 4 сая ам. долларын гүйлгээний баримт дэлгэж “... Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж мэдэгдсэн байдаг.

Д.ДОРЛИГЖАВЫН 10  ТЭРБУМЫН ХАХУУЛЬ ГЭМТ ХЭРЭГ БИШ ҮҮ?

Өнөөгийн ханшаар 10 тэрбум төгрөг Улсын ерөнхий прокурор нь авсан, ийм хэмжээний мөнгийг өгсөн хүн нь үнэн гэдгээ ч мэдэгдэж байхад Монголд хууль хяналтын байгууллага харицлага тооцдог механизм алга байна.  Тодруулбал өгсөн хүн нь өөрөө илчилж, дүүгийнх нь дансанд шилжүүлсэн баримтаас өөр ямар НОТОЛГОО хэрэгтэй гэж???

Ил цагаандаа гарсан ийм хэрэгт ХАРИУЦЛАГА тооцохгүй бол хуулийн засаглал, шударга ёс, ардчилал яриад ч хэрэггүй. ХҮЧтэй нь дийлдэг, МАНАН бүлэглэлийн удирдлагаар МӨНГӨ-тэй нь юу дуртайгаа хийгээд л явж байх уу???

Монгол улсын нийт өр 2016 оноос хойш 3.3 тэрбум ам.доллароор огцом өссөн байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.12.10/ ээлжит хуралдаанаа хийж МАН-д шаардлага хүргүүлэхээр боллоо.

Ардчилсан намын бүлэг шаардлагадаа "Монгол Ардын Нам 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонхи болж, сонгогдсон мөчөөсөө эхлэн амлалтаасаа ухарч, улсын хөгжлийг  чөдөрлөсөн, тооцоо судалгаа, бодлогогүй шийдвэрүүдийг гаргасаар ирсэн.

Улмаар өөр хоорондоо эвдрэлцэж, эв нэгдэлгүй, хувийн эрх ашгийн төлөө тэмцэлдсээр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг гүн хямралд орууллаа.

Монгол төрийг явцуу эрх ашиг, авлига,  шуналын  хүслээ хаацайлах  тэмцлийн талбар  болгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж, үүнээс үүдэн, валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, тулгамдаж байгаа асуудлууд шийдлээ хүлээсээр гацаанд орсон нь иргэдийн амьдралд туйлын хүндээр туссаар байна.

Засгийн газар эдийн засгийн өсөлт 2018 оны хагас жилийн байдлаар 6.1 хувьд хүрсэн нь эрх баригчдын сайных биш. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай шууд холбоотой болохыг дэлхийн эдийн засгийн байгууллагуудын гаргасан судалгаанууд нотолж байна.

Гэтэл эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх бодлого бүрэн орхигдож, 2017, 2018, 2019 онуудын төсвийн алдагдал Монгол улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд буюу 7 их наяд төгрөгт хүрлээ. Монгол улсын нийт өр 2016 оноос хойш 3.3 тэрбум ам.доллароор, Засгийн газрын өр 2.1 тэрбум ам.доллароор огцом өссөн байна. Чингис, Самурай бондын мөнгөн дүнгээс хоёр дахин их хэмжээний өр нэмсэн гэсэн үг.

Та бүхнийг Засгийн эрх барьж эхэлснээс хойш ганц ч дорвитой  бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй.

Ардчилсан нам гадаад зах зээлээс хамааралтай эдийн засгийн хямралын хүнд хэцүү жилүүдэд ард түмнийхээ нуруунд ачааллыг үүрүүлэхгүйгээр харин ч тэдний амьдралд тус дэм болсон олон бүтээн байгуулалтын ажлууд хийж болдгийг харуулж чадсан.

Гэтэл өнөөдрийн эрх баригчид чөлөөт зах зээлийн эдийн засгийн мөн чанарыг алдагдуулан бүхнийг төрд авах санаархал цухалзуулан, нийгмийн баялаг бүтээгчдийг айдаст хүргэх оролдлогуудыг хийсээр байна.

Иймээс та бүхэн хувийн өчүүхэн эрх ашгаа хойш тавьж, эрх мэдлийн төлөөх явцуу тэмцлээ нэн даруй цэглэж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлын нэр хүндийг унагах, үйл ажиллагааг нь тасалдуулах гэсэн оролдлогоо зогсоож, ард түмний өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж ажиллахыг шаардаж байна" гэжээ.

"Сургалтын төлбөр тогтоохдоо бодит тооцоолол нарийвчлал дээр үндэслэж тогтоогоогүй" гэв

ШӨХТГ-аас өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Хурлаар хийсэн таван шалгалтынхаа дүнг танилцуулав. Эхнийх нь их, дээд сургуулиудын төлбөртэй холбоотой хяналт шалгалтын талаар мэдээлэв. Хичээлийн шинэ жил эхлэхээр их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг гэсэн гомдол ШӨХТГ-т их иржээ. Энэ асуудлыг шалгаж үзэхэд сургалтын төлбөр үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг хуульд нийцүүлэн шалгаж үзэхэд үнэ тогтоож байгаа улсын их сургуулиуд цаг хугацааны хувьд ялгаатай байжээ. Үнэ тогтоох процесс нь үгсэн хуйвалдаж тохиролцож нэмсэн асуудал тогтоогдоогүй байна. Гэхдээ сургалтын төлбөр тогтоохдоо бодит тооцоолол нарийвчлал дээр үндэслэж тогтоогоогүй байсан. Өөрөөр хэлбэл, зах зээлтэй нийцээгүй үнэ тогтоож ирсэн байна.Нөгөө талаар сургуулийн удирдлагууд болон менежерүүд сургалтын төлбөрийн өөрчлөлтын талаар хангалттай мэдээллийг нь оюутнууддаа өгдөггүй байжээ. Ингэж Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийг зөрчиж, мэдээлэл авах эрхийг нь хангадаггүй байгаа юм. Тиймээс энэ асуудлуудтай холбогдуулан их дээд сургуулиудад ШӨХТГ-аас албан шаардлага хүргүүлж, салбарын яаманд нь ч зөвлөмж хүргүүлжээ.

Дараагийнх нь ЭНТО ХХК-иас тодорхой мэдээллийн сайтаар хууль бус эмийн зар сурталчилгаа түгээж буй талаар гомдол гаргажээ. Энэхүү гомдлыг  Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгажээ. Зөрчлийн хэргийг шалгахад тус сайтыг хөтлөгч иргэн Н.Цэндсүрэн нь Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогджээ. Үүнд:

  1. Эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл бэлтгэн түгээхдээ бусад олон нийтийн мэдээллүүдэд нийтлэгдсэн эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүдийг түүвэрлэн авч, өөрчлөн найруулж, өөрийн сайтдаа нийтэлсэн,
  2. мэдээллийн эх сурвалжийг мэдээлээгүй,
  3. бусдын мэдээлэл, ярилцлагыг дур мэдэн өөрчлөн найруулж, ишлэн нийтлэх байдлаар нийтэлсэн,
  4. хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай мэдээллийг байршуулаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй цахилгаан барааны худалдаа эрхлэгчид болох “Номин электроникс” ХХК, “Нэкст электроникс" ХХК, “БСБ электроникс” ХХК, “Арина компьютерс" ХХК, “Наран молл” худалдааны төв, “PC молл" худалдааны төвүүдийг хамруулсан аж.

Ингээд шалгалтаар дараах зөрчил илэрчээ.

Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчид нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн зөвлөмжийг салбар нэгжүүддээ хүргээгүй, хэрэгжүүлж ажиллах талаар удирдлага зохион байгуулалтаар хангаагүй, зөвлөмжийг мөрдөж ажиллаагүй байна.

Тухайлбал:

  • Зөвлөмжийн 3 дахь заалтыг мөрдөж ажиллаагүй бөгөөд бараанд зааварчилгаа анхааруулгыг Монгол хэлээр хэрэглэгчдэд өгдөггүй байна.
  • Зөвлөмжийн 5 дахь заалтыг "Арина” ХХК нь мөрдөж ажиллаагүй байна. 50 хувь хүртэл хямдралтай гэсэн сурталчилгааг бүх барааг хямдруулсан мэт харагдахаар, хүртэл гэсэн үгийг Англи хэлээр маш жижиг хэмжээтэй бичсэн байгаа нь хямдралын талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэх замаар бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна гэж үзэхээр байна.

УИХ-ын гишүүн,АН-ын дэд дарга З.Нарантуяа УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ

 

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал үндсэндээ нэг талдаа гарах шинжтэй болж байна. Өөрөөр хэлбэл өргөдлөө өгөхөөс өөрөөр намайг огцруулах үндэслэл байхгүй хэмээн бүтэн сар гүрийж төрийн ажлыг гацаанд оруулсан спикер аргагүй байдалд оров бололтой. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө сандал ширээтэйгээ зууралдаж буй түүний энэ үйлдэл ёс зүйгүйн дээр Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очих хүртлээ асуудал хүндэрч байна. Үүнийг нь ч УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга  З.Нарантуяа сануулж огцруулах бичигт гарын үсэг зуржээ.

Тэрээр дэвшүүлж сонгосон намын бүлгийн 50+1, УИХ-ын гишүүдийн 50+1 дэмжээгүй тохиолдолд огцрохгүй гэх нь ёс зүйгүй асуудал гэдгийг онцолсон байна.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа саяхан хийсэн бүлгийн хурлын мэдээллийнхээ үеэр “хуулийн үндэслэл надад байхгүй байна аа гэдэг ийм жижигхэн шалтгаанаар байгаад байх юм бол цаашдаа төрийн ажил жинхэнэ утгаараа хямралд орж байгаа ийм нөхцөл байдал үүсч байгаа учраас Их хурлын дарга хуулийн тэр заалтыг барихгүйгээр ёс зүйн хувьд өөрөө энэ Монгол улсын төрийг хүндэтгэж, Монголын нийт иргэдийг хүндэтгэж, Парламентын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжийг олгож өөрөө сайн дураараа өргөдлөө өгөх нь ёс зүйн хувьд зүйтэй” гэдэг байр суурийг илэрхийллээ.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудалд парламентийн дийлэнх гишүүд байр суурь нэгдэж байна. Иймд спикер ажлаа өгч төрийн ажлыг гацаанаас гарган, нийгэмд үүссэн шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт, утаа зэрэг олон асуудлыг хэлэлцэн  шийдэж байх парламентыг хэвийн үйл ажиллагаагаар хангахыг гишүүд ч монголын ард түмэн ч хүсч байна. 

 УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас АТГ-ынхан байцаалт авч байна

АТГ-ынхан өнгөрсөн тав дахь өдөр “Капитал” банкны А.Ариунболдын өрөөнд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаны хүмүүс ажиллагаа явуулсан юм. Учир нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас  авсан баримт олон нийтэд хүрсэн. Энэ мөнгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн “Капитал” банкаараа дамжуулан “мөнгө угаасан” байх магадлалтай гэж мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа нь энэ аж. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Капитал" банкийг битүүмжилсэн асуудал байхгүй. Харин үзлэг нэгжлэг хийж, бичиг баримтууд хураан авсан.Шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэгвэл АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Б.Ундармааг дуудаж, байцаалт авсан байна.

Г.Угалзцэцэг дэлхийн аваргаас 4 дэх алтан медалиа авлаа

Тайландын Чингмай хотноо энэ сарын 14-16-нд болсон бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээндд атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх алтан медалиа авч байгаа нь энэ юм.

Энэхүү 10 дахь удаагийн ДАШТ-д Монголын багаас тамирчин Г.Гансаруул ДАШТ-ний мөнгөн медаль, тамирчин Х.Болорчимэг спорт, бие бялдар ангилалд, М.Мойлоо “Women’s Model bikini” төрөлд тус тус хүрэл медаль, Б.Мөнхчимэг “Women’s Model Physique up to 160 cm” ангилалд мѳнгѳн медалийн эзэн болжээ.

Ийнхүү Монголын баг тамирчид гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Мөн эрчүүдээс спорт бие бялдар ангилалд / Men’s Sport’s Physique up to 180 cm / Ж.Баянмѳнх мөнгөн медаль, фитнесс бие бялдар ангилалд хүрэл медаль тус тус хүртэв.

Хүрэл медаль хүртсэн М.Мойлоо нь Г.Угалзцэцэгийн охин нь юм.

Б.Баатархүү: Талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдох нотлох баримтууд алга болоогүй

Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн шалгах явцын талаар мэдээлэл өглөө. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “ХУД-ийн нутаг дэвсгэрт иргэн Ч нас барсан хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Олон нийтийн сүлжээгээр гадаад улсад байгаа иргэнээс “Цагдаагийн байгууллага баримтуудыг шалгахгүй байна. Хэрэгт авагдсан материал баримтууд солигдсон” гэх худал ташаа мэдээллүүд явуулж байгааг албан ёсоор няцааж байна. Цагдаагийн байгууллагаас иргэнээс ирүүлж байгаа бүхий л мэдээлэл дээр шалгалтууд явуулж байгаа.

Тухайн иргэнээс ирүүлсэн лифтний бичлэгт байгаа хоёр иргэнийг олж тогтоогоод шалгалтын ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт холбогдолгүй болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа. Тухайн иргэд өөрсдийг нь олон нийтийн сүлжээгээр гэмт хэрэгтэн мэтээр гүтгэсэн хэмээн цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаад шалгуулж байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан гутал, хувцас өөрчлөгдсөн, эд материал, нотлох баримт алга болсон гэх ташаа мэдээлэл явж байгааг албан ёсоор мэдэгдье. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн баримтуудаас ямар нэгэн зүйл алга болсон юм байхгүй. Үнэхээр хэргийн явцад шаардлагатай гэж үзэж байгаа баримт байвал цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулахыг хүсч байна" гэсэн юм. 

Б.Баатархүү: Хөдөө орон нутгаар олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилах хэрэг их байна

Цагдаагийн Ерөнхий Газраас шинэ жилийн баярын үеэр үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон олон үйлдэлтэй хулгай, дээрмийн гэмт хэргийг илрүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Нийслэл хотын хэмжээнд 2018 оны оны эхний 11 сарын байдлаар 98 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн. Үүний 46 мянга орчим нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна.

Сүүлийн үед автомашины өвлийн дугуйн хулгайн хэрэг гараад байсан. Цагдаагийн байгууллагаас 25 удаагийн үйлдэлтэй 100 дугуй хулгайлсан бүлэг этгээдийг баривчлан шалгаж байна.

Мөн 9911, 8811 дугаартай хэрэглэгчид рүү таньдаг хүнээс нь зурвас, чаат бичиж залилан хийсэн 60 гаруй удаагийн үйлдэлд иргэн Т-г холбогдуулан шалгаж байна гэх мэдээллийг албаны хүмүүс өгсөн юм.

Үүнээс гадна  ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: Сүүлийн үед хөдөө орон нутгаар олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилах хэрэг гарах боллоо.

Дорноговь, Сэлэнгэ аймагт Японы Жайка олон улсын байгууллагын нэрийг барьж, хөнгөлөлттэй зээл олгоно гээд урьдчилж хураамж авна хэмээн залилсан байна.

Жайка олон улсын байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар хөтөлбөр хэрэгжүүлэхдээ иргэнээс мөнгө шилжүүлүүлж, бүртгэлийн хураамж авдаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн" гэв. 

Автомашины дугуй хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэдүгээр хэлтсээс автомашины дугуй хулгайлдаг байсан дөрвөн бүлэг этгээдийг илрүүлжээ.Одоогоор 25 машины 100 дугуй хулгайлсан нь тогтоогдсон байна. Тус этгээдүүдийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна

Тээврийн цагдаагийн албаныхан Цагаан хад, Гашуун сухайтад ажиллаж байна

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн "Цагаан хад", “Гашуун сухайт” боомтод ажиллаж байна. Уг ажлын хэсэг энэ сарын 13-22-ны өдрийг хүртэл хугацаанд Өмнөговь аймагт ажиллана.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутаг дэвсгэрийн “Гашуун сухайт” хилийн боомт хүртэлх 237 километр авто замаар нүүрс тээвэрлэгч байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, авто замын тэмдэг, тэмдэглэгээ эвдрэлийн байдалд үзлэг хийлээ.

Чуулган завсардсан асуудлаар УАБЗ-ийг хуралдуулахыг хүсчээ

УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж чуулганы нэгдсэн хуралдаанд хоёр долоо хоног дараалан тасалж бойкот хийж буй. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг хүсчээ. Албан бичигт “УИХ-ын нэр бүхий 38 гишүүн буюу нийт гишүүдийн тавиас дээш хувь нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1341 тоот албан бичгээр УИХ-ын дарга М.Энхболдыг тодорхой үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргатал УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа УИХ-ын даргад хүргүүлээд байна.

1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж төрийн эрх барих дээд байгууллага бол Монгол Улсын Их хурал мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгалдана гэж хуульчилснаас хойш байнгын ажиллагаатай Парламентьын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж ирсэн билээ.

УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын чуулганын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанд оролцох боломжгүй болсноор УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг зохион байгуулах, даргалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болж УИХ, Байнгын хороод цаашлаад Монгол төрийн хэвийн үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Та үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн даруй хуралдуулж зохих арга хэмжээ авна уу” гэжээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өчигдөр зуурдаар таалал төгсчээ

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өчигдөр зуурдаар таалал төгсчээ. Тэрээр 2008-2012 оны парламентад сонгогдон ажиллаж байсан билээ. Уул уурхайн инженер мэргэжилтэй тэрээр эрх баригч намын авлигачдын эсрэг, улс эх орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, шударга ёсны төлөө ард түмний дуу хоолой нь болж, үгээ зоригтой хэлж байсан эрхэм гишүүн асан ийн зуурдаар таалал төгсчээ. 

Ум сайн амгалан болтугай!

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Төр энэ хүнийг гавьяат болгож чадахгүй л байгаа юм даа Тэр дундаа энэ хүн эмэгтэй хүн шүү дээ,
2018/12/17 66.181.160.124