8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсын ядуурлын түвшин буураагүй байна

2018-12-18 15:28:00

"Нийгмийн халамжийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зохион байгууллаа. Хэлэлцүүлэгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Төр халамж, асаргаа шаардлагатай иргэнд халамж үзүүлэх ёстой байдаг. Нөгөө талаар хүн амын өсөлт, төрөлтийг дэмжсэн хүн амын бодлогын зарим арга хэмжээг нийгмийн халамжид шингээсэн байна. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, хүүхдээ асарч буй ээжүүдэд олгож буй мөнгөн тэтгэмжийг халамжийн тэтгэмж гэхээс илүүтэй манай улсын өсөлт, төрөлтийг дэмжсэн хүн амын бодлого юм. Одоогоор нийт 700 тэрбум гаруй төгрөгийг бид төсөвлөн хүн амын халамжийн тэтгэмжийг иргэдэд олгож байна. Энэ тооноос харахад нийт халамжийн тэтгэмжид төсөвлөгдөн олгогдож буй мөнгөн тоо их харагдаж байгаа хэдий ч нэг хүнд олгогдож буй тэтгэмж нь маш бага, доогуур буйд асуудал байна. Тийм ч учраас зорилтот бүлэгт чиглэсэн тэтгэмжийг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлж, хамрах хүрээг нь өргөжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр иргэдийн бие даан амьдрах, амьдралаа хэвийн хэмжээнд авч явах боломжийг нь бүрдүүлэх нөхцөл байдлыг бий болгоно гэсэн үг юм" гэв. 

Мөн манай улсын ядуурлын түвшин дорвитой буурахгүй 29.6 хувь хэвээр байсаар байгаа талаар хэлэлцүүлэгт оролцсон албаны хүмүүс онцолж байсан юм. Иймд энэхүү шинэчилсэн найруулгаар ядуу өрхөд очиж буй нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээг тухайн өрхийн сарын амьжиргааны хэрэглээнд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээг авах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулах зохицуулалтыг нэмж тусгаснаар урт хугацаандаа ядуурлыг түвшинг бууруулах зорилготой аж.

Энэ онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр:

  • 59.5 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр,
  • 59.1 мянган хүн асаргааны тэтгэмж,
  • 42.2 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж,
  • 58.8 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, тусламж,
  • 342.6 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээ,
  • 9.2 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг тус тус нийгмийн халамжийн сангаас авахаар төлөвлөгдсөн буй талаар ХНХЯ мэдээлэв.

Мөн энэ оны жилийн эцсийн байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд давхардсан тоогоор нийт 1.1 сая хүн хамрагдаж, хүүхдийн мөнгийг оролцуулан нийт 721.2 тэрбум төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ний 2.2 хувийг эзэлж байна.  Харин ирэх онд 750 гаруй тэрбум төгрөгийг нийгмийн халамжид зарцуулахаар төсөвлөсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл