МАН-ын III бага хурлаараа манан бүлэглэл, шударга бусын хонгилыг задалж, олигархудын эсрэг тоймтой шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлттэй байгаа энэ өдөр эрх баригч намын анхан шатны байгууллагууд буюу үүрийн дарга нар болон намын дэргэдэх ТББ-ын төлөөллүүд мэдээлэл хийлээ.
МАН-ын дотоод асуудал даамжирсаар улс орны асуудал болж өргөжин сүүлийн гурван долоо хоног орчим УИХ хуралдаж чадаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч намын удирдлагууд тал талаас дайралцалгүй дотооддоо асуудлаа шийдэж, нэгдмэл байр суурьтай ажиллахыг МАН-ын дэргэдэх Оюутны холбооны Ерөнхийлөгч Г.Батдорж энэ үеэр шаардав. Мөн тэрбээр,
“Намын дотоод хагарал, улс орныг ямар хэмжээний хямралд хүргэснийг улс төрчид харуулж байна. Тиймээс 2018.12.19-ний өдөр болох III бага хурлаараа энэ эмх замбараагүй байдлаа ярилцаж, энэ төрийг гацаанаас гаргах хэрэгтэй. Монголын гурван сая иргэний итгэлийг авч төрд гарсан УИХ-ын гишүүд маань өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө үхэн хатан, амь тавин асуудалд хандахаа болих хэрэгтэй. МАН-ын залуу гишүүд бид харж байна. Гадны кинонд гардаг шиг мафи гэх ойлголт МАН болон АН-д хоёуланд нь байдаг юм байна. Хувийхаа бизнесийн төлөө нам харгалзахгүй хамтарч хууль баталдаг, хамтарч улс төрд нөлөөлдөг МАНАН бүлэглэл, шударга бусын хонгил гэж байдаг юм байна. Тиймээс энэ бүлэглэлүүдийг эсрэг шударга залуус, шударга дэмжигчидтэй бид нэгдэнэ. Түүнчлэн 60 тэрбумын хэрэг байна. Төрд ажиллах чадвартай өндөр боловсролтой олон залуус манай намд бий. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа ямар ч чадваргүй, сэтгэлгүй төрөл саднуудаа төрийн албанд тухайн үеийн удирдлагууд өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. Дээр суусан МАНАН бүлэглэлд байгаа дарга нар жирийн гишүүдийг үгийг сонсох чадалгүй болтлоо вакуумжжээ. Мөн 100 жилийн түүхтэй нам сүйрч байна гэж ярьж байна. Тэгвэл ҮГҮЙ. Харин ч цэвэрших үйл явц явагдаж байна. Шударга бус хүмүүс намаас шахагдан гарч байна.” Гэлээ.