МАН-ын Бага хурлын ирц 78 хувьтай үргэлжилж байна. Дөнгөж сая МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэлийнхээ эхэнд "М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй. Гэвч завдсан нь үнэн. Тийм учраас М.Энхболд даргыг албан тушаалаасаа халагдах өргөдлөө өгөөсэй гэж хүсэж байна.
Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан. Сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай.Гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй.
Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон. Улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 37 оны "До" яам шиг болно. Хүмүүс үүнээс айдаг болсон. Сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Ийм байдлаар цаашдаа явах уу, засаж залруулах уу?. Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёс энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ. Энэ хатуу үгүүдийг зүрх сэтгэлээ эмтлэн байж хэллээ. Намынхаа 200 гаруй гишүүд, Монголынхоо гурван сая иргэн итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм бага хурал болно гэдэгт итгэж байна" гэжээ.