8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос анх удаа салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг шалгарууллаа

2018-12-21 09:24:00

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан энэ жил анх удаа нийгмийн салбар бүрт өөрийн эзэмшсэн мэргэжил, ажил үйлс, амжилт бүтээлээрээ олон нийтэд үлгэр дуурайл үзүүлдэг онцгой бүсгүйчүүдийг шалгаруулан “АЛУНГОО ЦОМ”-ын эзнээр өргөмжиллөө. Тодруулбал,  “Алунгоо-2018” цомын эздээр шалгарсан шилдэг 13 бүсгүйг олон нийтэд танилцуулан алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 12-р сарын 20-ны өдөр буюу өчигдөр 18:00 цагт Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдлаа. Тус ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг  Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Батнасангийн Оюунгэрэл нээж үг хэлсэн юм. Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эрхэм хүндэт зочид оо, эрхэмсэг хатагтай ноёд оо, өвөг дээдсийн үлдээсэн өрлөг түүхийн гэрч, эрх танхил таван хүүгээ эвийн зангидсан нэгэн сум мэт нэгэн цул их эвтэй явахын нэрээр хайрласан "Алунгоо" эхийн нэрээр алдарших монголын нийгмийн  бүхий л  салбар бүрт манлайлж яваа шилдэг, жирийн, сайхан эмэгтэйчүүдээ хөхүүлэн шагнах “Алунгоо-2018” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэн талархал илэрхийлье. Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь улс төр нийгэм эдийн засаг, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг бүхий л салбарт дуу хоолойгоо хүргэж ирсэн иргэний нийгмийн томоохон байгууллага юм. 1924 онд "Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг" нэртэйгээр байгуулагдаж анхны даргаар нь их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам томилогдон ажиллаж эхэлснээр энэхүү  байгууллагын түүх эхэлсэн байдаг. Түүхий тодорхой үеүдэд охид эмэгтэйчүүдийг бичиг үсэг сургах, сонгох сонгогдох эрхийг бий болгож, нийгэмд соёл боловсролыг бий болгож, эх хүүхдийн боловсролд анхаарах, эрхийг хамгаалах, соён гэгээрүүлэх, соёл хүмүүжлийн ажилд манлайлан оролцож ирсэн Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага юм. Бид эмэгтэй хүн бүрт нээлттэй байж тэдний санал санаачлагыг дэмжиж цаашид гүүр нь болж ажиллахын сацуу 94 жилийн түүхтэй хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийг дахин шинээр гаргалаа. Эх орны хөгжил цэцэглэлтийн төлөө харамгүй сэтгэл зүрхээ зориулдаг Монголын эмэгтэйчүүд та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье” хэмээн хэллээ. 

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос анх удаа зохион байгуулсан "Алунгоо-2018" тэргүүн дээд шагналын эзнээр салбар бүртээ манлайлагч дараах шилдэг эмэгтэйчүүд тодорлоо.  Тодруулбал, 

  • Оны шилдэг малчин эмэгтэй –Дундговь  аймгийн харъяат МУ-ын аварга малчин  Д.Хорлоо
  • Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй – З. Цэнгэлсайхан
  • Спортын салбарын оны эмэгтэй – Дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэг
  • Уул уурхайн салбарын оны эмэгтэй – Эрдэнэт үйлдвэрт Цахилгаан усаар нэвчүүлэгч  А.Болормаа
  • Хэвлэл мэдээллийн салбарын оны эмэгтэй – Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлгийн хөтлөгч Энхцагийн Энэрэл
  • Шинжлэх ухаан, инновацын салбарын оны эмэгтэй – И.Санчир
  • Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй – Монголд төдийгүй, дэлхийд амжилт гаргасан алтан гартай эмч О.Сэргэлэн
  • Нийтийн аж ахуйн салбарын оны эмэгтэй – Нийтийн үйлчилгээний ажилтан Б.Нарантуяа
  • Иргэний нийгмийн байгууллагын оны эмэгтэй – Гал голомт хөдөлгөөний тэргүүн, МЭХ-ы Ерөнхийлөгч асан Д.Мөнхөө
  • Боловсролын салбарын оны эмэгтэй – Цэцэрлэгийн багш Ц.Тунгалаг
  • Бизнес эрхлэгч оны эмэгтэй – Зөгийн аж ахуй эрхлэгч Д.Долгормаа
  • Аж үйлдвэрийн салбарын оны эмэгтэй – “Кашмер Холдинг”-ийн ерөнхий дизайнер А.Энхмаа нар тодорч “АЛУНГОО ЦОМ” мөн 1 сая төгрөг, гадаадад гэр бүлээрээ аялах эрхийн бичгээр шагнагдлаа. 
16 наснаасаа эхлэн 39 жил тасралтгүй нийтийн үйлчилгээний салбарт хүчин зүтгэсэн Б.Нарантуяаг  “АЛУНГОО ЦОМ”-ын эзнээр өргөмжиллөө
  • Оны шилдэг малчин эмэгтэй "Алунгоо-2018" цомын эзэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын малчин Дашдаваагийн Хорлоо өдгөө 37 дахь жилдээ малллаж байгаа Монгол Улсын аварга малчин юм. Хэвийн ааруулын цуглуулга, шар сүүний агшаамал, цагаан эдийн ком зэргийг өөрийн санаачлагаар хийж улс, бүсийн үзэсгэлэн худалдаанаас тэргүүн байр эзэлж байсан шилдэг малчин аж.
  • Мөн нийтийн аж ахуйн салбарын оны эмэгтэйгээр Нийтийн үйлчилгээний ажилтан Б.Нарантуяа тодорч "Алунгоо-2018" цом хүртлээ. Б.Нарантуяа 1979 оноос хойш буюу  16 настайгаас эхлэн нийслэл Улаанбаатар хотыг өнгөтэй өөдтэй байлгахын төлөө өглөөний нар мандахаас эхлэн үдшийн бүрий хүртэл 39 жил тасралтгүй энэ салбарт хүчин зүтгэсэн шилдэг эмэгтэй юм. Түүний 39 жилийн хөдөлмөрийг үнэлж МЭХ-оос “Алунгоо-2018” цомын эзнээр ийнхүү өргөмжлсөн юм.
  • Дараагийн онцлох шилдэг эмэгтэй бол Спортын салбарын оны эмэгтэй, дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэг юм. Өнгөрсөн долоо хоногт Тайланд улсад болсон бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас оролцсон тамирчдаас Г.Угалзцэцэг 165 см өндөртэй классик болон +30 насны ангилалд дараалан түрүүлж хос алтан медаль авч Монголынхоо нэрийг дуурсгасан юм. Тэр дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байгаа нь энэ бөгөөд хамгийн олон удаа ДАШТ-д түрүүлсэн Монголдоо анхны тамирчин болсон. Хамгийн олон удаа ДАШТ-д түрүүлсэн амжилт гаргасан ч  гэсэн өмнө нь төрийн болон төрийн бус байгууллагаас ямар ч шагнал урамшуулал авч байгаагүй юм. Гаргасан амжилтаараа дэлхийд нэрээ дуурсгаж яваа даруухан энэ эмэгтэй “Алунгоо-2018” цомын эзэн боллоо.
  • Салбар, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж манлайлагчаар шалгарсан эмэгтэйчүүдийн төлөөлөл жирийн нэгэн ажилсаг бүсгүй Бизнес эрхлэгч оны эмэгтэй,Зөгийн аж ахуй эрхлэгч Д.Долгормаа мөн шилдэгээр шалгарлаа. Түүний хувьд 38 жил зөгий үржүүлсэн тууштай хөдөлмөрч нэгэн. Д.Долгормаа 60-120 зөгий маллахаас гадна төмс хүнсний ногоо тариалдаг аж. 120 гаруй хүнийг зөгийний аж ахуй эрхлэгчээр сургаж, 60 гаруй шавь төрүүлсэн байна.
  • 42 жил цэцэрлэгийн багшаар ажилласан  Ц.Тунгалаг мөн оны шилдэг эмэгтэй болсон юм. Тэрбээр сургуулийн өмнөх боловсролын арга зүйч мэргэжлээр салбартаа 30 гаруй жил ажиллажээ. Оны шилдгээр шалгарсан эмэгтэйчүүдэд нэг сая төгрөг болон гэр бүлээрээ гадаадад аялах эрхийн хамтаар шагнасан. Ц.Тунгалаг шагналынхаа 50 хувийг буюу 500 мянган төгрөгийг Налайх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг барихад хандивлаж буйгаа шагнал авах үеэрээ зарласан юм.

Мөн цаашид МЭХ жил болгон салбар бүртээ манлайлж байгаа эмэгтэйчүүдийг жил болгон шалгаруулж алдаршуулах юм байна. Мөн энэ үеэр 93 жилийн түүхтэй МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД сэтгүүлийн албан ёсны нээлтийг өчигдөр хийлээ. Тус сэтгүүлийн анхны дугаар 1925 онд “Бүсгүйчүүдийн санал” нэртэйгээр хэвлэгдэж байсан бол, 2000 онд “Гоо марал” нэртэй гарч байсан. Харин сүүлийн 18 жил гарахгүй тасраад байсан тус сэтгүүлийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Батнасангийн Оюунгэрэлийн санаачлагаар дахин "Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл уншигчдад хүрч эхэллээ. Цаашид тус сэтгүүл сар тутам гарах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zzz
heden avgai nar bie biesee shagnaad ineedtei l bna shv ...naad ugch bga heden saya tugrugnvvdee emneleg ntr zasch zasvarlaad ugsun bol arai deer sonsogdoh bailaa ...ene havtgai nair naadmaa bolio ....
2018/12/21 103.212.116.99
иргэн
Агаарын бохирдол, хүчирхийллийн төлөө эмэгтэйчүүд, хүүхдээ хамгаалж тэмц, ажил зохио, жил болгон хэдэн улиг болсон хүмүүсээ шагнах юм тэрийгээ ажил хийж байна гэчихжээ.
2018/12/21 202.9.42.37
Энэ балай цол молоо болио
Мөнгөө төлөөд л шагналын цом, бичиг авч болно, хичнээн жил ч ингэж байна, одоо болимоор юм
2018/12/21 202.21.118.138