Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хамт ажилладаг байсан эмэгтэйгээ зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг олныг цочироосон. Хэрэг хэргийн хамсаатан гэгдэх тус сумын Тамгын газрын дарга Г.Ариунболд өдгөө ажлаа хийж буй. Гэвч түүнийг ажилдаа эргэн орсоныг эмэгтэй гишүүд эсэргүүцэн Төрийн албаны зөвлөлд хандаад байгаа юм. Учир нь Г.Ариунболд л хохирогчийг утсаар дуудсаар байгаад хэргийн газарт авчирсан бөгөөд хэргийн гол буруутаны нэг гэж хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн үзэж байгаа. Түүнийг хуулийн байгууллагаас гэрчээр шалгаж байцаасан байдаг. Тэгвэл түүнийг эргүүлэн ажилд авсан талаар Баянчандмань сумын Засаг дарга Б.Баярнэмэх “Г.Ариунболдыг ажилд нь эргүүлэн томилохгүй байх эрх надад байхгүй. Ажилдаа орсон тэрбээр хамт олноосоо уучлалт гуйсан” гэж ярьжээ. Баянчандмань сумын хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн нь Б.Ханбаатар, Г.Ариунболд нар ганц ч удаа ирж уулзаагүй бөгөөд ар гэрийнхэн нь ярихгүй байгаа талаар ярилцлагандаа дурдсан байсан билээ.