8o
Улаанбаатар хот
mobile menu

2018 оны "ОНЦЛОХ НАЙМАН" үйл явдал

2018-12-24 10:16:00

Урсан өнгөрөх цаг хугацааг дурсамж, дурдатгал  дүүрэн үдэж, айсуй цагийн түрүүч айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж байна. Улиран өнгөрөгч 2018 он баяр жаргал, уйтгар гуниг, сайн муугийн ахин давтагдашгүй мөрөө үлдээж хүн төрөлхтөний түүхийг нэгэн оноор урагшлуулж  байна. Манай Chuhal.mn мэдээллийн сайт энэ онд улс төр, эдийн засаг, нийгэмд  өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна. 2018 онд улс төр болоод нийгэмд ямар  халуун үйл явдал өрнөсөн бэ, хамтдаа эргэн санацгаая. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөв

Өнгөрч буй 2018 онд улс төр болоод нийгмийн хамгийн олны анхаарал татсан үйл явдал нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаны асуудал байлаа.  Өнгөрсөн аравдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг 1.4 тэрбумыг, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Солтан, Х.Болорчулуун нар мөн МАН болон зарим Засгийн газрын гишүүд тус бүр ЖДҮ-ийн сангаас 950 сая төгрөгний зээл авсан нь ил болж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдсан. Тус мэдээлэл ил болсоны дараа  УИХ-ын нэр бүхий 27 гишүүн долоон үндэслэлээр Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод 2018 оны 11 дүгээр сарын 19-нд өргөн барьсан юм.Энэ асуудлыг УИХ-ын чуулган /2018.11.30/ хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Тодруулбал, Санал хураалтад 73 гишүүн оролцож 40 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувийн саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэж чадсан юм. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл эрх баригч намын хэрүүл дуусаагүй байна.

УИХ-ын дарга М.Энхболдыг чирж гаргах уу?

Улс төрийн хүрээнд өрнөж буй бас нэг хурц асуудал нь УИХ-ын дарга М.Энхболд суудалдаа үлдэх эсэх асуудал. Тодруулбал, УИХ-ын  дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар удаа дараа мэдээлэл хийж, УИХ-ын чуулганыг хүртэл бойкотлоод байгаа. УИХ-ын дарга М.Энхболдыг “60” тэрбумын хэрэгт нэр холбогдсон гэдэг  үндэслэлээр дээрх гишүүд болон намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл удаа дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаадраж байгаа. Сүүлдээ арга ядсан гишүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Х.НямбаатарГадаад улсад угаасаа хүчээр чирж гаргадаг юм билээ. Тэгж байж парламентийн дарга нь төвийг сахиж ажилладаг болсон жишээ байна. Бид өнөөдөр олуулаа болсон. Өнөөдөр утаа их байна үнэн, Валютын ханш чангарч, төгрөгийн ханш буурч байна үнэн. Иргэдийн орлого муудаж байна. Гэхдээ ийм байна гээд УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрвөл үүнээс дордоно. Гэнэт бүх зүйл сайхан болохгүй ч М.Энхболд даргыг огцорсны маргаашнаас эхлэн хонгилд гэрэл асна. УИХ-ын даргын, нэг хүний албан тушаал чухал юм уу, нийт Монгол улсын төрт ёсны эрх чухал уу. Өнөөдөр бүгд ёс зүйн хариуцлага хүлээж байна. Гэтэл их хурлын дарга надад хуулийн заалт гаргаж өг хэлж болохгүй" хэмээн хэлсэн. Цаашид цаг хугацаа явах тусам сонгууль дөхөж энэ тэмцэл хүчтэй өрнөнө. Эцэс сүүлд нь УИХ-ын даргад өөрийн хүсэлтээр ажлаа өгөх үү, эсвэл парламентаас чирэгдэж гарах уу гэдэг сонголт л үлдээд байна.

Авъяаслаг монголчуудад анх удаа илбэчин залуу түрүүллээ

“Монгол HD” телевизийн  бүтээл “Авьяаслаг монголчууд” шоу болон Дэлхийд алдартай ‘THE VOICE’ шоу Монголд анх удаа, албан ёсны онцгой эрхтэйгээр ‘Монгол ТВ’ телевиз зохион байгуулж, дэлхийд тархан суугаа Монголчуудыг үзэх нэвтрүүлэгтэй, ярих ярианы сэдэвтэй болгосон. Энэ жил “Авьяаслаг монголчууд” шоу  гурав дахь жилдээ үзэгч түмний хүртээл болж, ялагчаа өнгөрсөн долоо хоногт тодруулсан. Өмнө нь “Монгол HD” телевизийн “Авьяаслаг монголчууд” шоу, ‘THE VOICE’ шоунд дандаа дуулж, бүжиглэдэг авъяаслаг залуучууд тэргүүн байр эзэлж байсан. Харин энэ удаад дэлхийд илбийн үзүүлбэрээр гарах хүсэлтэй илбэчин С.Билэгт гэх залуу тэргүүн байр эзэлсэн. Түүний илбийн үзүүлбэрт шүүгч МУГЖ шоуны шүүгч Г.Ариунбаатар алтан баззер дарсанаар шууд хагас шигшээд шалгарч аялалаа эхлүүлсэн.  “Авьяаслаг монголчууд” шоуны түүхэнд анх удаа илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон юм. Илбэчин С.Билэгтийн цорын ганц  мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах гэсэн зорилготой. Түүнд мөрөөдлөө биелүүлэхийг хүсэн ерөөе.

Спортын салбарын “тод” од Угалзцэцэг

Өнгөрсөн жил түүнээс өмнөх жилүүдэд спортын салбарын оны онцлох хүмүүсийг нэрлэхдээ олимп, тив дэлхийд амжилт гаргасан бөхчүүдийг яах аргагүй онцолдог байсан. Тэгвэл энэ удаад Спортын салбарын оны эмэгтэй, дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэгийг онцолж байна.  Өнгөрсөн долоо хоногт Тайланд улсад болсон бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас оролцсон тамирчдаас Г.Угалзцэцэг 165 см өндөртэй классик болон +30 насны ангилалд дараалан түрүүлж хос алтан медаль авч Монголынхоо нэрийг дуурсгасан юм. Тэр дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байгаа нь энэ бөгөөд хамгийн олон удаа ДАШТ-д түрүүлсэн Монголдоо анхны тамирчин болсон. Хамгийн олон удаа ДАШТ-д түрүүлсэн амжилт гаргасан ч  гэсэн өмнө нь төрийн болон төрийн бус байгууллагаас ямар ч шагнал урамшуулал авч байгаагүй даруухан монгол бүсгүй юм. Харин өнгөрсөн долоо хоногт гаргасан амжилтаараа дэлхийд нэрээ дуурсгаж яваа Дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэгийг "Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-оос спортын салбарын оны онцлох эмэгтэйгээр шалгаруулж,  “Алунгоо-2018” цомын эзнээр өргөмжилсөн юм.

Геннисийн номонд орсон ихэр монгол охид

Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчин ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер /ОУИМ/ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа өнгөрсөн зургадугаар сард  гардан авсан. Эгч нь болох Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоож байсныг тэднийг уг замд хөтөлсөн Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар фэйсбүүк хуудастаа онцлон тэмдэглэсэн байдаг билээ. Нэгэн үе Монголчууд бид зөвхөн спортын төрлөөр дэлхийд гарч чадна гэсэн ойлголттой байдаг байсан бол Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид Монголчуудын оюун ухаан асар хүчтэй гэдгийг сүүлийн хэдэн жилд нотлон харуулж байгаа. Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага зэрэг оюуны спортын олон төрлөөр олон улсын 46 тэмцээнд амжилттай оролцож 760 медаль эх орондоо авч ирээд байна.

Иргэн Д.БАТМӨНХИЙН амьдралыг өөрчиллөө 

TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа иргэн Д.Батмөнхийн тухай  сурвалжлага бэлтгэн үзэгчдэд хүргэсэн. Амьдралын хүнд хэцүүг харуулсан энэ сурвалжлага Монголын ард түмний сэтгэлд хүрч бүтэн долоо хоног өрнөсөн тусламжийн аянг эхлүүлж чадсан юм. Энэ хугацаанд иргэн Д.Батмөнх орон сууцтай болж, эрүүл мэндийн үйлчилгээ авч, шинэ амьдралыг аз жаргалтайгаар эхлүүлсэн. Хэдийгээр иргэн Д.Батмөнх хайртай ханиа өвчний улмаас алдсан ч гэсэн олон мянган хүмүүсийн итгэл сэтгэлийн хандив үр хүүхдүүдтэй аз жаргалтай амьдрах боломж олгосон юм. Тус мэдээллийг бэлтгэсэн TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа телевизийн салбарын шилдэг сэтгүүлчээр шалгарсан билээ.

 “ЦАЛИНТАЙ ЭЭЖ” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Цалинтай ээж” хөтөлбөр 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэллээ. Энэ хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асран гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталж, үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. 

Монгол улс хар жагсаалтаас гарлаа

Өнгөрсөн оны эхээр Монгол Улс хар жагсаалтад орсон таагүй мэдээлэл олон түмэнд цацагдсан. Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл өнгөрсөн нэгдүгээр сард Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэсэн.

Тус Зөвлөл өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулаад байсан юм. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байна.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment