Урсан өнгөрөх цаг хугацааг дурсамж, дурдатгал дүүрэн үдэж, айсуй цагийн түрүүч айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж байна. Улиран өнгөрөгч 2018 он баяр жаргал, уйтгар гуниг, сайн муугийн ахин давтагдашгүй мөрөө үлдээж хүн төрөлхтөний түүхийг нэгэн оноор урагшлуулж байна. Манай Chuhal.mn мэдээллийн сайт энэ онд улс төр, эдийн засаг, нийгэмд өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна. 2018 онд улс төрболоод нийгэмд ямар халуун үйл явдал өрнөсөн бэ, хамтдаа эргэн санацгаая.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөв
Өнгөрч буй 2018 онд улс төр болоод нийгмийн хамгийн олны анхаарал татсан үйл явдал нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаны асуудал байлаа. Өнгөрсөн аравдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг 1.4 тэрбумыг, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Солтан, Х.Болорчулуун нар мөн МАН болон зарим Засгийн газрын гишүүд тус бүр ЖДҮ-ийн сангаас 950 сая төгрөгний зээл авсан нь ил болж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдсан. Тус мэдээлэл ил болсоны дараа УИХ-ын нэр бүхий 27 гишүүн долоон үндэслэлээр Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод 2018 оны 11 дүгээр сарын 19-нд өргөн барьсан юм.Энэ асуудлыг УИХ-ын чуулган /2018.11.30/ хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Тодруулбал, Санал хураалтад 73 гишүүн оролцож 40 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувийн саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэж чадсан юм. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл эрх баригч намын хэрүүл дуусаагүй байна.
УИХ-ын дарга М.Энхболдыг чирж гаргах уу?
Улс төрийн хүрээнд өрнөж буй бас нэг хурц асуудал нь УИХ-ын дарга М.Энхболд суудалдаа үлдэх эсэх асуудал. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар удаа дараа мэдээлэл хийж, УИХ-ын чуулганыг хүртэл бойкотлоод байгаа. УИХ-ын дарга М.Энхболдыг “60” тэрбумын хэрэгт нэр холбогдсон гэдэг үндэслэлээр дээрх гишүүд болон намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл удаа дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаадраж байгаа. Сүүлдээ арга ядсан гишүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Гадаад улсад угаасаа хүчээр чирж гаргадаг юм билээ. Тэгж байж парламентийн дарга нь төвийг сахиж ажилладаг болсон жишээ байна. Бид өнөөдөр олуулаа болсон. Өнөөдөр утаа их байна үнэн, Валютын ханш чангарч, төгрөгийн ханш буурч байна үнэн. Иргэдийн орлого муудаж байна. Гэхдээ ийм байна гээд УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрвөл үүнээс дордоно. Гэнэт бүх зүйл сайхан болохгүй ч М.Энхболд даргыг огцорсны маргаашнаас эхлэн хонгилд гэрэл асна. УИХ-ын даргын, нэг хүний албан тушаал чухал юм уу, нийт Монгол улсын төрт ёсны эрх чухал уу. Өнөөдөр бүгд ёс зүйн хариуцлага хүлээж байна. Гэтэл их хурлын дарга надад хуулийн заалт гаргаж өг хэлж болохгүй" хэмээн хэлсэн. Цаашид цаг хугацаа явах тусам сонгууль дөхөж энэ тэмцэл хүчтэй өрнөнө. Эцэс сүүлд нь УИХ-ын даргад өөрийн хүсэлтээр ажлаа өгөх үү, эсвэл парламентаас чирэгдэж гарах уу гэдэг сонголт л үлдээд байна.
АВЪЯАСЛАГ МОНГОЛЧУУДАД АНХ УДАА ИЛБЭЧИН ЗАЛУУ ТҮРҮҮЛЛЭЭ
“Монгол HD” телевизийн бүтээл “Авьяаслаг монголчууд” шоу болон Дэлхийд алдартай ‘THE VOICE’ шоу Монголд анх удаа, албан ёсны онцгой эрхтэйгээр ‘Монгол ТВ’ телевиз зохион байгуулж, дэлхийд тархан суугаа Монголчуудыг үзэх нэвтрүүлэгтэй, ярих ярианы сэдэвтэй болгосон. Энэ жил “Авьяаслаг монголчууд” шоу гурав дахь жилдээ үзэгч түмний хүртээл болж, ялагчаа өнгөрсөн долоо хоногт тодруулсан. Өмнө нь “Монгол HD” телевизийн “Авьяаслаг монголчууд” шоу, ‘THE VOICE’ шоунд дандаа дуулж, бүжиглэдэг авъяаслаг залуучууд тэргүүн байр эзэлж байсан. Харин энэ удаад дэлхийд илбийн үзүүлбэрээр гарах хүсэлтэй илбэчин С.Билэгт гэх залуу тэргүүн байр эзэлсэн. Түүний илбийн үзүүлбэрт шүүгч МУГЖ шоуны шүүгч Г.Ариунбаатар алтан баззер дарсанаар шууд хагас шигшээд шалгарч аялалаа эхлүүлсэн. “Авьяаслаг монголчууд” шоуны түүхэнд анх удаа илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон юм. Илбэчин С.Билэгтийн цорын ганц мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах гэсэн зорилготой. Түүнд мөрөөдлөө биелүүлэхийг хүсэн ерөөе.
Спортын салбарын “тод” од Угалзцэцэг
Өнгөрсөн жил түүнээс өмнөх жилүүдэд спортын салбарын оны онцлох хүмүүсийг нэрлэхдээ олимп, тив дэлхийд амжилт гаргасан бөхчүүдийг яах аргагүй онцолдог байсан. Тэгвэл энэ удаад Спортын салбарын оны эмэгтэй, дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэгийг онцолж байна. Өнгөрсөн долоо хоногт Тайланд улсад болсон бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас оролцсон тамирчдаас Г.Угалзцэцэг 165 см өндөртэй классик болон +30 насны ангилалд дараалан түрүүлж хос алтан медаль авч Монголынхоо нэрийг дуурсгасан юм. Тэр дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байгаа нь энэ бөгөөд хамгийн олон удаа ДАШТ-д түрүүлсэн Монголдоо анхны тамирчин болсон. Хамгийн олон удаа ДАШТ-д түрүүлсэн амжилт гаргасан ч гэсэн өмнө нь төрийн болон төрийн бус байгууллагаас ямар ч шагнал урамшуулал авч байгаагүй даруухан монгол бүсгүй юм. Харин өнгөрсөн долоо хоногт гаргасан амжилтаараа дэлхийд нэрээ дуурсгаж яваа Дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэгийг "Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-оос спортын салбарын оны онцлох эмэгтэйгээр шалгаруулж, “Алунгоо-2018” цомын эзнээр өргөмжилсөн юм.
Геннисийн номонд орсон ихэр монгол охид
Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчин ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер /ОУИМ/ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа өнгөрсөн зургадугаар сард гардан авсан. Эгч нь болох Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоож байсныг тэднийг уг замд хөтөлсөн Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар фэйсбүүк хуудастаа онцлон тэмдэглэсэн байдаг билээ. Нэгэн үе Монголчууд бид зөвхөн спортын төрлөөр дэлхийд гарч чадна гэсэн ойлголттой байдаг байсан бол Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид Монголчуудын оюун ухаан асар хүчтэй гэдгийг сүүлийн хэдэн жилд нотлон харуулж байгаа. Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага зэрэг оюуны спортын олон төрлөөр олон улсын 46 тэмцээнд амжилттай оролцож 760 медаль эх орондоо авч ирээд байна.
Иргэн Д.БАТМӨНХИЙН амьдралыг өөрчиллөө
TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа иргэн Д.Батмөнхийн тухай сурвалжлага бэлтгэн үзэгчдэд хүргэсэн. Амьдралын хүнд хэцүүг харуулсан энэ сурвалжлага Монголын ард түмний сэтгэлд хүрч бүтэн долоо хоног өрнөсөн тусламжийн аянг эхлүүлж чадсан юм. Энэ хугацаанд иргэн Д.Батмөнх орон сууцтай болж, эрүүл мэндийн үйлчилгээ авч, шинэ амьдралыг аз жаргалтайгаар эхлүүлсэн. Хэдийгээр иргэн Д.Батмөнх хайртай ханиа өвчний улмаас алдсан ч гэсэн олон мянган хүмүүсийн итгэл сэтгэлийн хандив үр хүүхдүүдтэй аз жаргалтай амьдрах боломж олгосон юм. Тус мэдээллийг бэлтгэсэн TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа телевизийн салбарын шилдэг сэтгүүлчээр шалгарсан билээ.
“ЦАЛИНТАЙ ЭЭЖ” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цалинтай ээж” хөтөлбөр 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэллээ. Энэ хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асран гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталж, үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.
Монгол улс хар жагсаалтаас гарлаа
Өнгөрсөн оны эхээр Монгол Улс хар жагсаалтад орсон таагүй мэдээлэл олон түмэнд цацагдсан. Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл өнгөрсөн нэгдүгээр сард Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэсэн.
Тус Зөвлөл өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулаад байсан юм. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байна
Турк сургуулийн захирал Вэйсэл Акчай монголоос явжээ
Монгол-Туркийн хамтарсан “Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай Монголоос бүр явсан талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн мэдээлжээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш” гээд Гадаадын иргэн харьяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч Прокуророос хоригийг цуцлах бичиг ирсний дагуу цуцалсан бөгөөд түүнийг Монголоос 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсан" гэжээ.
Вэйсэл Акчайг энэ оны долдугаар сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн машинд хүчээр суулган авч явж, хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Тэгвэл энэхүү хэрэг нууцын зэрэглэлд хуулийн байгууллагад шалгагдаж байна гэснээс өөр мэдээлэл байхгүй байсан юм.
Уг хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд хилийн хориг тавиад байсан нь ийнхүү цуцлагдаж гэр бүлийн хамт нутаг буцжээ.
СУДАЛГАА: Төрийн байгууллагууд авлигаас татгалзаж чадсан уу
Шударга байдлын үнэлгээ судалгааны 2018 оны тайлан гарчээ. ШБҮ нь тухайн байгууллагын гадаад шударга байдлын үнэлгээ (үйлчилгээ авсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийн үнэлгээ), дотоод шударга байдлын үнэлгээ (төрийн үйлчилгээг хүргэсэн төрийн албан хаагчдын үнэлгээ), бодлогод оролцогчдын үнэлгээ (шинжээчдийн үнэлгээ) гэсэн гурван дэд үнэлгээнээс бүрдсэн үнэлгээ аж.
Үнэлгээг 0-100 хүртэл оноогоор тооцох бөгөөд утга нь 100-тай тэнцүү бол шударга байдлын дээд түвшинг илэрхийлнэ. Төрийн байгууллагууд ШБҮ-ээр 100 онооноос 2018 онд дунджаар 68.7 оноо авсан нь өмнөх оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна. Харин 2015 оны үзүүлэлтээс 5.1 пунктээр буурчээ.
Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын ШБҮ-ний нийт дунджийг авч үзэхэд Засгийн газрын агентлагууд хамгийн өндөр дундаж үнэлгээтэй буюу 71.7 гэсэн үзүүлэлттэй гарсан. Яамдын ШБҮ-ний нийт дундаж 69.0 гэсэн үзүүлэлт гарсан. Харин аймаг, нийслэлийн ЗДТГ-уудын дундаж үнэлгээ 66.1 гарсан нь хамгийн бага дүн болж байна.
Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд хамгийн өндөр үнэлгээ авсан байгууллагуудыг дурдвал Соёл, урлагийн газар хамгийн өндөр буюу 83.6, Завхан аймгийн ЗДТГ 83.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 83.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 80.4, Гадаад харилцааны яам 80.2 гэсэн үнэлгээг авч эхний байруудад эрэмбэлэгдэв.
Харин Ховд аймгийн ЗДТГ 61.2, Говь-Алтай аймгийн ЗДТГ 59.3, Орхон аймгийн ЗДТГ 57.8, БаянӨлгий аймгийн ЗДТГ 55.6, Дундговь аймгийн ЗДТГ 55.5 гэсэн үнэлгээг авч бусад байгууллагатай харьцуулахад бага үнэлэгджээ.
Судалгааны дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
"БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Г.Нямдавааг баривчлаагүй"
АТГ-аас БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг улсын төсөвт хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.Харин тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг цагдан хорьсон гэх мэдээлэл байгаа.Энэ тухайд "БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдавааг цагдан хориогүй, албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа" гэсэн тайлбарыг АТГ-аас өглөө.
Тэднийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1,950,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
АТГ өнгөрсөн долоо хоногт 9 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Энэ дунд:
- Хөгжлийн банкны албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж рүү 20 тэрбум төгрөг болон 55.6 сая ам.долларын зээл олгосон
- Зар сурталчилгаа хийлгэхээр 3.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан
- Ашигт малтмалын ашиглалтын талбайг хууль бусаар нэмэгдүүлсэн
- Шунахайн сэдэлтээр нэр бүхий компанид илт давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан
- Суманд хэрэгжих төслийг сонгон шалгаруулалтгүйгээр Засаг даргын ах, дүү нарт олгосон зэрэг үйлдэл, холбогдолтой хэргүүд байгаа аж.
Б.Махбалд холбогдох хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлнэ
Зам тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн наймдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Тус яамны газрын дарга Г-г Төрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал олон удаа цохиж өшиглөсний улмаас амийг нь хохироосон гэх хэргийг шалгаж дууссаад яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт хэргийг шилжүүлсэн байсан. Тэгвэл прокуророос энэхүү хавтаст хэрэгт хяналт тавьж дуусаад өнөөдөр харьяа дүүргийн шүүхэд шилжүүлж байгаа аж. Дашрамд дуулгахад, уг хэрэгт Б.Махбалаас гадна тус газрын Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Лхагвасүрэнг мөн яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Утаа нь гамшиг болсон Улаанбаатар хотоос уур ууцаартай өвөө нь ирлээ
Баянгол дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордны зүүн хаалганы орчимд жагсаал хийлээ. Тэд "Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг /ҮАБЗ/ утааны асуудлаар хуралдуулмаар байна. Энэ тухай шаардах бичгийг ҮАБЗ-ийн гурван гишүүнд өгөх гэсэн гарч ирж авах хүн алга. Ийм эмгэнэлтэй төрд бид сүү өргөж амьдардаг юм байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн дарга танаа Хүсэлт хүргүүлэх нь:
Гамшгийн хэмжээнд хүрсэн Нийслэлийн агаарын бохирдол, хөрсний бохирдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яаралтай асуудлыг хэлэлцэж дорвитой арга хэмжээ авна уу?
Монгол эрдэмтэд, шинжлэх ухаанчид, инженерүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж агаарын бохирдол, хөрсний бохирдлын талаар зохих шийдэлд хүрч нийслэлчүүдийн тулгамдсан асуудлыг эерэгээр шийд" гэсэн юм.
Зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 594 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээллийг хүлээн авжээ.
Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн ба үүний 3 нь бага насны хүүхэд байсан байна.
Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөсөн, 34 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд өртөж, холбогдсон жолооч 5, явган зорчигч хоёр бүртгэгджээ.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, СХД-ийн нутаг Зүүн салааны замд T.Corolla маркийн автомашин нь хэн болох нь тодорхойгүй явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон ослыг шалгаж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгад явган зорчигчийн амь насыг хамгаалах зорилгоор “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” иргэн бүр, хуулийн этгээдэд үүрэг болгосон нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Иймээс байгууллага аж ахуйн нэгж, найз нөхөд, хамт олон, иргэн бүр энэхүү заалтыг хэрэгжүүлж, анхаарах шаардлагатай байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Монголын тамирчид Дакар раллид уралдахад бэлэн
XXXXI удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор техникийн үзлэгт хамрагдаж, хувийн дугааруудаа авчээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд гурван тамирчин уралдана. SxS ангилалд оролцох авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд Францын Ле Хавред уралдах машинаа өөрсдөө хүргэж өгөн техникийн үзлэгт хамруулж, уралдах эрхээ баталгаажуулсан юм. Манай тамирчид SxS ангилалд 413 дугаартай уралдахаар хувийн дугаараа аваад байна. Автомашины SxS ангилал гэдэг нь олны мэддэгээр дөрвөн дугуйт юм. Энэ ангилалд Монголын тамирчид анх удаа оролцох гэж байна. Харин 2013 онд мотоциклийн төрлөөр анх уралдаж 2015 он хүртэл оролцсон юм
Нар, сарны хиртэлт болно
Ирэх 2019 оны нэгдүгээр сард нар, сар хиртэх үзэгдэл тохионо. Тодруулбал, нэгдүгээр сарын 6-ны өдөр нар хагас хиртэх юм байна. Нар хиртэлт Улаанбаатарын цагаар 07.36 цагт эхэлж, 09.42 цагт дуусах аж. Уг үзэгдлийг Номхон далайн бүсийн хойд хэсэг, зүүн өмнөд Сибирь, Камчатка, Сахалин, зүүн өмнөд Азийн орнуудад сайн ажиглаж болно.
Мөн нэгдүгээр сарын 21-ийн өдөр сар бүтэн хиртэнэ. Америк, Африк, Европын орнууд, оросын төв болон өмнөд хэсгийн оршин суугчид байгалийн энэ үзэгдлийг ажиглах боломжтой.
2019 онд нар сар хиртэх өдрүүд
- Долдугаар сарын 2. Нар бүтэн хиртэнэ.
- Долдугаар сарын 17. Сар хагас хиртэнэ.
- Арванхоёрдугаар сарын 26. Нар цагираглан хиртэнэ.
Өвөрмонголоос 99 ширхэг эртний булш олдлоо
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны нутаг дэвсгэрээс 2000-аас дээш жилийн настай эртний 99 ширхэг булшийг археологичид илрүүлжээ. Орон нутгийн их сургуулийн археологич эрдэмтэд Жунгарын хошууны нутагт малтлага судалгаа хийж байгаад дээрх олдворыг олсон байна.
99 булш бүгд нэг газраас гарсан бөгөөд насны хувьд Хаант улсуудын дайн /МЭӨ 475-221 он/, Баруун Хань /МЭӨ 202 — МЭ 8 он/ улсын үед хамаарах булшнууд байгаа аж. Булшнуудын хэмжээ харилцан ялгаатайгаас гадна булшгүй цогцоснууд ч байсан гэдгийг эрдэмтдийн ахлагч Ху Чуньбай орон нутгийн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ онцолсон байна. Мөн бүх булшны гуравны нэг нь буюу 30 гаруйд нь хүнтэй хамт ямар нэгэн амьтан /хонь, үхэр, адуу, нохой зэрэг/ золигт гаргасан байжээ.
Хятад эзэн монгол ажилчныхаа чихийг тасалсан хэргийг шалгаж байна
“Харгиа” арьс ширний үйлдвэрийн эзэн, БНХАУ-ын иргэншилтэй, эрэгтэй 58 настай Tian Ynkuan гэгч нь үйлдвэрийн ажилтантайгаа муудалцаж, Дорнод аймгийн харъяат 29 настай Ц-ийн баруун чихийг тасалсан хэрэг гарсан байна.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдыг хэргийн газарт очих үед тус үйлдвэрийн хятад ажилчид үйлдвэрийг орхин явсан байжээ. Улмаар яаралтай эрэн сурвалжилж хятад ажилчдыг саатуулан шалгаж эхэлсэн байна.
Өв соёлоо уландаа гишгэсэн ДАРГА
Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин өөрийн цахим хуудсандаа “Ёолкны хувцаслалт бол гоёлын болон албаны. Нэг байгууллагын ах дээлтэй бүжээд байхаар нь нөхөрсөгөөр та бүжиглэхгүй зүгээр сууж байхгүй юу гэж зөвлөсөн биш хүүхнүүдэд нь барьж идүүлэх шахлаа. Хаха. Ширээндээ сууж байна биз. Соёлжих, нийгэмшихэд ахиад хэдэн арван жил хэрэгтэй бололтой. Явцыг хурдлуулах л нь бидний үүрэг. 450 зочдоо хүндэтгээд протоколын ёс зөрчихгүй байвал. Зарим аж ахуй нэгжүүд салбарынхны нэгдлийг өөрсдийн ганц нэг оролцогчоос дээгүүр тавихгүй байхыг хойшид анхаарна биз дээ. 40 мянгантын бид соёлыг түгээхэд түүчээлэх үүрэгтэй. Зарим нэг нь хараана л биз. Зарчим бол зарчим. Ёолкондоо бэлдэж гоёж ирсэн олон зуун бүсгүйчүүдийн хөдөлмөрийг жоохон ч гэсэн үнэлэх ёстой болов уу. Бусдаар бол гоё шүү” хэмээн бичсэн байв. Түүний бичсэн энэхүү пост олны нийтийн дургүйцэлийг нэлээд төрүүлсэн. Дээл өмссөнийх нь төлөө “соёлгүй, нийгэмшээгүй” хэмээн гутаах эрхэм дарга өөрөө харин ч эвгүй байдалд орлоо. Монгол үндэсний хувцас нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэй билээ. Монгол үндэсний хувцас нь дэлхийд хаана ч байхгүй Монголын өв соёл. Гэтэл Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин шинэ жилийн баяр ёслолд "дээлтэй хүн бүжиглүүлэхгүй" гэсэн хууль дүрэм баримталж ажилладаг бололтой. Дээлтэй хүн бараг л хүн биш юм байх. Ц.Энхтүвшин даргынхаар бол даашинз, костюм үгүй л бол шинэ жилийн баярт ирэх ч хэрэггүй юм байна. Монголыг зорих жуулчид монголын аж ахуй, өмсөж хэрэглэдэг эд зүйл, монгол ахуйтай танилцахаар ирдэг гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин мэддэг л байгаа даа.