Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас сар бүрийн сүүлийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх болсон талаар мэдээлэл хийлээ. НИТХТ-ийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн өдрийг бий болгож, тусгайлан тэмдэглэх, тэр өдөр эцэг эхчүүд хүүхдэдээ заавал цаг гаргадаг байхаар энэ сарын 8-нд “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол баталсан байна.
Тогтоолын дагуу сар бүрийн сүүлийн 7 хоногийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх бөгөөд нийслэлийн төсвөөс ч хүүхэд, гэр бүлд зориулах хөрөнгийг нэмэгдүүлж, тэдний хамт байх орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулахаар болжээ.
Гэр бүлийн өдрийг тэмдэглэх хамгийн эхний өдөр нөгөөдөр буюу энэ сарын 28-нд болох бөгөөд энэ өдөрт зориулж “Соёмбо” кино театр, “Хүннү молл” үйлчилгээний төв зэрэг хувийн үйлчилгээний байгууллагууд гэр бүлүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх болжээ.