Булган аймгийн Бугат суманд энэ сарын 18-нд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Тус сумын иргэн Б гэртээ бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хохирогч Б нь тус сумын Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч байсан бол хэрэгт холбогдсон О, Д нар нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүд байсан талаар Ардчилсан намаас өнөөдөр мэдээллээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “АН-аас иргэдийг төлөөлж сонгогдсон, идэвхтэй гишүүн маань гэртээ бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн талийгаачийн эхнэр зодуулж, эмнэлэгт хэвтэж байна. Тухайн айлынхан гэртээ амарч байхад нь гаднаас МАН-ын гишүүд очиж, зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр энэ хэргийг үйлдсэн. Энэхүү балмад явдлыг нуугаад өнгөрч болохгүй” гэлээ.