УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл"эсэргүүцлийн жагсаал өнөөдөр /2018.12.26/ Сүхбаатарын талбайд 11:00-16:00 цагийн хооронд болно. Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нар тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөөд буй "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалын аюулгүй байдлыг хангах талаар ярилцсан. Тодруулбал, "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс жагсаал болж буй хэсэг рүү том цүнх, савтай хүн оруулахгүй байх, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж согтуу хүн нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн зөөврийн бие засах газар ажиллуулах юм.
Тайван жагсаалын талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, МАНАН гэх бүлэглэлийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэх энэхүү жагсаалд 100 гаруй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцоно. Цалин, хөлсний нэмэгдэл, агаарын бохирдол гээд олон асуудлаас үүдэн иргэд бухимдалтай байгаа. Тиймээс аюулгүй байдлыг сайтар хангаж, онцгой анхаарал хандуулан ажиллах нь зөв” хэмээн хэлсэн.
Жагсаалын үеэр шалган нэвтрүүлэх цэг ажиллуулж, иргэдийг хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ Цагдаагийн байгууллагын удирдлагууд хэллээ. Мөн иргэдийг өдөөн хатгах, гэмт үйлдэлд турхирах асуудал гарсан тохиолдолд жагсаал, цуглаан зохион байгуулагчдын зүгээс залруулга хийж, тайван байхыг уриалах нь чухал гэдгийг онцолж байна.