8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Уужимсэтгэл: Хүн өөрөө хичээж сурч чадах юм бол аливаа амжилтыг хэн ч гаргаж чадна

2018-12-27 13:25:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Шилдэг залуу ажилчинд шагнал олгох тухай” зарлиг гаргаж:

Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд Шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо.

 Тус шагналыг хүртсэн Э.Уужимсэтгэл  "Намайг урамшуулж дэмжиж байгаа багш нар, Ерөнхийлөгч, ар гэрийнхэн болон бүх хүмүүст маш их баярлалаа. Цаашдаа улам хичээх болно. Мэргэжил эзэмшээд цаашдаа ирээдүйгээ бүтээх залуучуудыг хөтлөх болно. Манай аав надад зөвлөснөөр гагнуурчин гэдэг мэргэжлийг сонгосон. Ер нь эрэгтэй, эмэгтэй гэсэн мэргэжил байхгүй. Хүн өөрөө хичээж сурч чадах юм бол аливаа амжилтыг хэн ч гаргаж чадна. Гол нь өөртөө итгэлтэй, хичээл чармайлттай, шантрахгүй байх ёстой" хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга

 "Өнөөдөр маш их ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр иргэд “залуучуудад ажил хангалттай олдох ч ажил хийх сонирхолгүй байна” гэсэн шүүмжлэлийг олон хэлж байсан.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны эхний байдлаар зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 25 мянга орчим байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь 25-34 насны залуучууд. Гэтэл Хөдөлмөрийн бирж дээр 35 мянган ажлын байрны зар гарсан байдаг юм байна. Ажил хийх хүслээ илэрхийлж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тооноос ажлын байрны тоо даруй 10 мянгаар илүү байна.

Энд гарч байгаа гол бэрхшээл нь мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн эв дүй юм. Ажил олгогчид мэргэжилтэй ажилтан олдохгүй байгааг байнга хэлдэг. Манай боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг тооцоололгүйгээр жил бүр ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөөр байгааг өөрчлөх цаг болсон. Үүний тулд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд эрэлттэй мэргэжил эзэмшсэн хүн, дээд сургуулийг хамгийн түгээмэл мэргэжлээр төгссөн хүн хоёрын ажилд орох магадлал 99:1-ийн харьцаатай болжээ” гээд 18 настай Э.Уужимсэтгэлийн нэгэн адилаар эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун болж, ихийг хийж бүтээхийг залуучууддаа уриаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гайхсан иргэн
Нэгэн зүйлд гайхаад байна!!! Энэ охин ямар шалгуураар энэ шагналыг хүртсэн юм болоо??!!! ОУ-ын тэмцээнд оролцож, тэргүүлсэн юм уу?? Ямар учиртай шагнасан тухай ерөнхийлөгчийн үгэнд тодорхой бус?!!
2018/12/27 103.26.194.191
зочин
ёстой сайн .бас сайхан охин байна Ийм хүн сайхан амьдарнаа амжилт хүсье
2018/12/27 66.181.160.20