8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: Энэ сараас эхлэн Монгол Улсад хэд хэдэн томоохон хууль хэрэгжиж эхэлнэ

2019-01-02 08:52:00

2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хэд хэдэн томоохон хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ сараас эхлэн ямар хууль мөрдөгдөж хэрхэн өөрчлөлт орох талаар дараах мэдээллийг хүргэж байна. . 

Хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болголоо 

Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байх шинэ журам тогтоосон билээ. Уг журам өчигдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэллээ. “Өр, орлогын харьцаагаа тэнцвэржүүлэх нь өрхийн амьжиргаанд нөлөөлнө. Тиймээс ч иргэдийг хэтэрхий их өрөнд оруулахгүйн тулд бид дээрх шийдвэрийг гаргасан” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлбарлажээ. Иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлөх юм. Энэ шийдвэр одоо зээлтэй байгаа иргэдэд хамаарахгүй бөгөөд журам хэрэгжиж эхлэх өдрөөс хойш эхлэн шинээр зээл авах, зээлийн нөхцөлөө өөрчлөх иргэдэд хамаатай. Сануулахад ипотекийн зээлээс бусад зээлд дээрх шийдвэр үйлчлэх юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт зээлийн өсөлт 17.7 хувьд хүрсэн ч 11 нэгж хувийг зөвхөн хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байгаа төдийгүй сүүлийн долоон улирал дараалж хэрэглээний зээл нэмэгдсэн байна.

Нийгмийн даатгалын шимтгэл  1 хувиар нэмэгдлээ 

Дараагийн онцлох хууль бол Нийгмийн даатгалын шимтгэл энэ сараас  1 хувиар нэмэгдэх хууль. Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдох юм. 800 мянган төгрөгийн үндсэн цалинтай ажилтны төлөх даатгалын шимтгэл хэрхэн нэмэгдэхээр жишээ авъя. 2018 оны 1 сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар өссөн. Үргэлжлүүлэн ирэх оны эхний өдрөөс дахин 1 хувиар нэмэгдэхдээ ажил олгогчоос 800 мянган төгрөгийн цалингийн 12.5 хувийг буюу 100 мянган төгрөгийг НДС-д шимтгэх бол ажилтан өөрөө 11.5 хувь буюу 92 мянган төгрөг НДШ-д төлнө. Ингээд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд үлдсэн мөнгөний 10 хувийг ХХОАТ-т төлж, гар дээр 547 200 төгрөг авах нь. Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 7200 төгрөгөөр багасна гэсэн үг юм

МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг олгоно

2019 оны төсвийн төслийг өргөн барихдаа  Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг олгохоор тусгасан. Өмнө оюутан бүрт 70 мянган төгрөг олгодог байсан ч зогсоогоод байсан юм. 2017-2018 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 83 төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 нь төрийн өмчийн, 33 нь хувийн өмчийн сургууль байна. Нийт МСҮТ-ийн 49 нь бие даасан, 19 нь коллежийн, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяа байна. МСҮТ-д 2017-2018 оны хичээлийн жилд 35.8 мянган суралцагчид суралцаж байгаа нь өмнөх оноос 4.3 мянгаар буурчээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчилнэ

Өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй дараагийн хууль бол Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга. Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах асуудлыг энэ хуулиар зохицуулж байгаа юм.
Мансуурах донтой ч жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглох юм байна. Тухайн иргэнийг албадан эмчлүүлэх саналыг цагдаагийн байгууллагаас гаргах бөгөөд албандан эмчлэх эсэхийг шүүхээс шийдэх аж. Албадан эмчлүүлэгч оргон зайлсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн иргэнээс гаргуулахаар хуульд тусгажээ. “Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ” гэж тус хуульд заасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment