8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Лхагважаргал: Зам тээврийн осол зөрчлийн улмаас 5 хүний амь нас хохирч, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авсан

2019-01-02 14:31:00

Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярын үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хагаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат

"ЦЕГ-аас Шинэ жил 2018 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Улсын хэмжээнд 4,028 офицер, 5,397 цагдаа, 685 сонсогч үүрэг гүйцэтгэлээ. Гэмт хэрэг зөрчлийн 8,158 дуудлага мэдээллийг хүлээн авч, гэр бүлийн хүчирхийллийн 1,110 дуудлагыг хүлээн авснаас 960-ийг хуулийн дагуу шийдвэрлэн ажилласан байна. Мөн үүнээс гадна 11 гэмт хэргийг Цагдаагийн албан хаагчид илрүүлж, согтуугаар танхайрсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1,282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 8 иргэнийг баривчилсан.

Гэр бүлийн хүчирхийллээс хохирсон байж болзошгүй 7 хүүхэд, 7 эмэгтэй, насанд хүрээгүй 11 охин нийт 25 хүнийг түр саатуулах байранд байрлуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан. Мөн орон нутагт манай цагдаагийн байгууллага нийт ажилтанууд шуурхай үүрэг гүйцэтгэж ажилласан” гэв.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал

 "Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахдаа  нийслэл хотын хэмжээнд 129 уулзвар, гудамж замын хяналтандаа авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэсэн ба эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөн ачаалал багатай хэвийн үргэлжиллээ.

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл 892 хүлээн авснаас 306 зам тээврийн ослыг бүртгэлд авч шалган шийдвэрлэлээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол зөрчлийн улмаас 5 хүний амь нас хохирч, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ. Зам тээврийн ослын улмааас амь насаа алдсан хүн өсөлт бууралт үгйү, гэмтсэн хүний тоо 12.9 хувиар өсчээ.

Хүний амь нас хохирсон осол Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймаг, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгдсэн ба хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг нь авч үзвэл 3 явган зорчигч, 1 жолооч, 1 тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.Эдгээр ослын 60 хувь нь орон нутгийн замд онхолдох хэлбэрээр гарсан. Улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 3 бүртгэгдсэн, хүний амь нас хохирсон осол бүртгэгдээгүй, 3 хүүхэд тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 57.1 хувиар буурсан статистик мэдээлэл гарсан гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment