8o
Улаанбаатар хот
mobile menu

Найман улс Европын Холбооны хар жагсаалтаас хасагдлаа

2018-01-24 03:00:00

Европын холбооноос дэвшүүлсэн асуудлыг дагах амлалт авсан найман улсыг Европын Холбооны /ЕХ/ татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын “хар жагсаалт”-аас хаслаа.

Өөрөөр хэлбэл, Барбадос, Гренад, БНСУ, Макао, Монгол, Панам, Тунис, Арабын нэгдсэн Эмират улсуудыг “саарал жагсаалт” буюу татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх орнуудын шинэ жагсаалтад оруулжээ.

2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ЕХ-ны Сангийн сайд нарын Зөвлөлөөс ЕХ-ноос тодорхойлсон дутагдлуудаа шийдвэрлэхээр болоод байгаа улсуудамлалтаа хэр биелүүлсэн талаар нарийвчилсан дүгнэлт хийснийг үндэслэн, уг жагсаалтад хасалт хийхийг зөвшөөрчээ. Улс орнууд төрийн өндөр төвшинд гарын үсэг зурсан захидлаар амлалтаа өгсөн байна.

Одоогоор Зөвлөлийг удирдаж байгаа Болгар улсын Сангийн сайд хэлэхдээ, “Бидний жагсаалтад оруулах ажил аль хэдийн үр дүнгээ өгөөд эхэллээ. Дэлхийн улс орнууд татварын бодлогоо шинэчлэх амлалт авахын тулд маш шаргуу ажилласан. Бид дэлхий дахинд татварын сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх зорилготой” гэжээ.

Ингээд 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр нийтэд зарласан татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалтад 17 улсаас Америкийн Самоа, Бахрейн, Гуам, Маршаллын арлууд,  Намиб, Палау, Сент-Люси, Самоа, Тринидад ба Тобаго гэсэн есөн улс үлдэж байгаа юм. Жагсаалтаас хасагдахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг ч уг жагсаалтад хавсаргажээ.

Жагсаалтыг 2017 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан “Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”-ын үеэр боловсруулсан бөгөөд гол зорилго нь дэлхий дахинд татварын сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх, татвараас зайлсхийх гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх юм.

Жагсаалтыг жилд нэгээс доошгүй удаа засварлах бөгөөд үүнийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг нь ("ёс зүйн дүрмийн бүлэг") ямар ч үед өөрчлөлт оруулж болох ажээ.

Харин жагсаалтад үлдсэн улсуудын татварын хууль тогтоомж, явуулж буй бодлого, захиргааны арга барил нь ЕХ-ны гишүүн орнуудыг орлогын алдагдалд оруулдаг, эсвэл оруулж болзошгүй байгаа учир ЕХ-ноос тавьсан өөрчлөлтийг нэн даруй хийхийг уриалж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтүүдийг хүлээж авахгүй бол ЕХ ба түүний гишүүн орнууд хамгаалалтын арга хэмжээ авах магадлалтай байна.

 

Нэгдүгээр сарын 23-ны энэхүү шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нарын зөвлөлөөр хэлэлцэхгүйгээр, 12 дугаар сард гаргасан шийдвэртээ нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа. Найман улсыг жагсаалтын нэгдүгээр хавсралт (хамтран ажилладаггүй орнууд)-аас хоёрдугаар хавсралт болох (амлалт авсны дагуу хамтын ажиллагаатай байх орнууд)-руу оруулжээ. a

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment