Баян-Өлгий аймгийн Алтай, Булган, Дэлүүн, Толбо сумдын ихэнх нутаг, Цэнгэл, Сагсай сумдын зарим багуудаар 5-12 см, уулаараа 30 см хүртэл цасан бүрхүүл тогтож, малын бэлчээр хомсдож эхэлжээ.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр, дээрх нутгийн малчид бод малыг хүртэл тэжээлд оруулж эхэлсэн байна. Цаашид нэмж цас орж, хүйтэрсэн тохиолдолд зудын аюул нүүрлэж болзошгүй аж.
2018-2019 оны өвөл Баян-Өлгий аймагт 2,2 сая толгой мал өвөлжиж байгаагаас өнгөрөгч сарын 20-ны өдрөөс хойш 1000 орчим толгой мал зүй бусаар хорогджээ. Өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбогдуулан малчид болон сумдын удирдлагууд зах зээлд борлогдож байгаа өвс тэжээлийн үнийг тогтворжуулах, буулгах арга хэмжээ авах тухай хүсэлт ирүүлээд байгаа юм байна.