8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Алтны роялти 2.5 хувь байх зохицуулалт байхгүй болсноор татварын суурь ачаалал 5 хувь болно

2019-01-07 09:54:00

Тусгай зөвшөөрөлтэйгөөр алт олборлож буй аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2.5 хувийн татвар төлөх тухай Ашигт малтмалын тухай хуулийн заалтын хэрэгжилт энэ сарын 1-нээс зогссон билээ. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг  оны өмнө УИХ-д өргөн барьж алтны 2.5 хувийн татварыг хэвээр үлдээх саналаа танилцуулсан. Гэвч УИХ-ын чуулган хуралдахгүй байгаатай холбоотойгоор өргөн барьсан төслийг нь хэлэлцээгүй юм. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 1-нээс алтны татвар нэмэгдлээ, эрх зүйн зохицуулалтгүй боллоо гэсэн олон янзын байр суурь, яриа гарч эхэлсэн билээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар байр сууриа илэрийлэв.

Тэрбээр "Алтны роялти 2.5 хувь байх зохицуулалт энэ оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй байхаар хуульчлагдсан. Тэгэхээр энэ зохицуулалт байхгүй болж байгаа юм. Бидний харж байгаа өнцгөөр бол энэ хуулийн зохицуулалт байхгүй болсноор татварын суурь ачаалал таван хувь болно.

 Дээрээс нь өсөн нэмэгдэх роялти татвар гэж бий. Одоогийн байдлаар алтны ханш 1234 ам.доллар байна. 1200 ам.доллараас дээш байгаа тохиолдолд өсөн нэмэгдэх роялти татвар дөрвөн хувиар нэмэгдэж нийтдээ есөн хувьд хүрнэ гэсэн болгоомжлол байна. БНХАУ-ын алтны татвар таван хувь байгаа. Тиймээс бид алтны татвараа үүнээс доош хэмжээнд байлгаж байж Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлнэ. Хил гаалийн хяналтаа сайжруулаагүй байж алтны татвараа нэмбэл бид өмнөх үеийн эрсдэлээ дахин үүрч, олборлосон алтаа хууль бусаар алдаад дуусна. Татвараас зугтах зорилгоор хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгоод гаргахад л урсаад өнгөрнө. Тиймээс Монгол Улсаас олборлосон алтаа Монголбанкинд тушаах ёстой гэсэн бодлого баримталж байгаа.

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3.2-т зааснаар бол Монголбанк түүнээс эрх олгосон банканд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь 5 хувьтай байна гэсэн хуулийн зохицуулалттай байгаа. Энэ нь цаанаа эрх зүйн маргаан дагуулах нөхцөл бүрдчихээд байна. Алтны зохицуулалт нь яаж явах вэ гэдэг нь эрх зүйн талаасаа төвөгтэй болоод байгаа юм" гэжээ. 

Д.Болор. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ бид 2 ойлгохчгүй байгаа.
2019/01/08 202.55.188.41
Энэ
Тэнэг чиний харж байгаагаар биш автоматаар болж бн
2019/01/07 113.210.58.225