Налайх дүүрэгт өчигдөр нэгэн ноцтой хүн амины хэрэг гарсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас нөхөр нь эхнэрээ хөнөөсөн хэрэг гарч олныг сэртхийлгээд байна. Талийгаач бүсгүйн ар гэрийнхний хэлж буйгаар бүсгүй олон жил нөхрийнхөө дарамтанд амьдарсан гэнэ. Талийгаач Оюунчимэг, Буяннэмэх хоёр гэр бүл болоод 17-18 жил болж байгаа бөгөөд хоёр хүүхэдтэй аж.
Хэрэг гарахын өмнөх өдөр буюу энэ сарын 14-нд Буяннэмэх эхнэрээ нүүр, нүдгүй зодож улмаар Налайх дүүргийн цагдаагийн газарт саатуулагджээ. Гэтэл цагдаа нар түүнийг 11:00 цагийн үед саатуулсан гэж байгаа ч 17:00 цагийн үед суллагдан, гудамжаар явж байсан талаар хохирогчийн ар гэрийнхэн хэлж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь цагдаагийн тэмдэглэлд Буяннэмэхийг 2015 оны аравдугаар сарын 14-ны 11 цагт саатуулаад 15-нд сулласан гэж тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хэлтэст 24 цаг байлгасан гэсэн байна.
Уг нь Буяннэмэхийг Албадан саатуулах байр руу ачуулах гэж байсан ч Налайх дүүргийн цагдаа нар нь 15000 төгрөгөөр торгоод сулласанд хохирогчийн дүү нар гомдолтой буйгаа хэллээ. Энэ талаар ЦЕГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад “Налайх дүүрэгт ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ эхнэрээ алсан гэгдэж буй нөхрийн хувьд талийгаачийг нас барахын өмнөх өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж, танхайрсаны улмаас эрүүлжүүлэгдсэн байсан.
Түүнд хуулийн дагуу арга хэмжээ аваад маргааш нь гаргасан ч тухайн өдөр нь эхнэр нь амиа хорлосон байдалтайгаар олдсон байгаа. Тэгэхээр талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан уу, амиа хорлосон уу гэдгийг Шүүх шинжилгээгээр тогтооно. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна” гэлээ.