М.Энхболдыг эсэргүүцэгчид буюу УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар өнгөрсөн 12 дугаар сахын 27-ны өдөр улстөрийн жагсаал зохион байгуулсан. Уг жагсаалд 30 мянга гаруй хүн ирсэн билээ. Тэгвэл эл жагсаал энэ сарын 10-н өдөр ахиан үргэлжлэх юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэд МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн жагсаалыг энэ сарын 10-нд хийхээр төлөвлөжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "УИХ-ын дарга М.Энхболдыг ёсзүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг шаардсан. Үүнээс хойш УИХ-ын чуулганы болон Байнгын хороодын хурал хуралдахгүй өнөөдрийг хүрлээ. Дараагаар нь нэр бүхий 40 гишүүд УИХ-ыг даргыг огцруулах шаардлага тавьсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Гэвч хуулийн үндэслэл нэхээд сууж байна. Өнөөдөр Монголд ёсзүйт, олон нийтийн шаардлагыг хэрэгжүүлдэг төр хэрэгтэй.
МАНАН дэглэмийг устгая жагсаал хийсэн. Маш олон иргэд ирсэн. Харамсалтай нь МАНАН дэглэмийнхэн ард түмнээ доромжлон тохуурхаж байна. Нэгдүгээр сарын 10-ны өдөр эсэргүүцлийн тайван жагсаал, цуглаан зохион байгуулна. 21 аймгийн төв талбайд бидний нэгдсэн тэмцэл, жагсана" гэв.
УИХ-ын гишүүн Л.Болд "Өнөөдөр 30-аад төлөөлөл орж ирэх байсан ч танхим өгөөгүй учир орж ирж чадсангүй. Өвлийн хувцастай 3,000 хүн дахиж ирэн Төв талбайг дүүргэнэ. Энэ удаа талбай дээрээс тараад явахгүй. Гэр барьж улс төрийн суулт хийнэ. 200 гаруй хүн өлсгөлөн зарлах хүсэлтээ өгсөн. Гэхдээ энэ сарын 10-нд өлсгөлөн зарлах хурц хэлбэр рүү орохгүй" гэлээ.
Д.Болор