8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр нэр нь яригдаж буй УИХ-ын гишүүд ЮУ ГЭЖ ХЭЛЭВ

2019-01-10 08:50:00

 

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан нарын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д  хүргүүлсэн. Уг асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн заалттай. Энэ дагуу УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан ч дэд хороо энэ удаа эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд өнөөдөр дахин хуралдахаар болоод байгаа. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр нэр нь яригдаж буй УИХ-ын дөрвөн гишүүн ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Д.Дамба-Очир: Бүгд албан бичиг илгээсэн байхад намайг оруулж ирснийг ойлгохгүй байна

УИХ-ын гишүүдэд орон нутаг, тойргоос нь хүсэлт их ирдэг. Үүнийг цааш нь уламжлах нь УИХ-ын гишүүний үүрэг. Миний ойлгосноор УИХ-ын 30 гаруй гишүүн ЖДҮХС-д албан бичиг илгээсэн юм билээ. Би албан бичиг илгээж тухайн компанийг дэмжсэн. Түүнээс надтай холбоотой зүйл байхгүй. Бүгдийг нь АТГ-аас дуудаж, асуулт асуусан. Яагаад адилхан бүгдээрээ албан бичиг илгээсэн байтал намайг оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Би УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан 40 гишүүний нэг. МАНАН-гийн эсрэг шударга ёсны төлөө зогсож байгаа. Миний ах дүү, хамаатан садан, надтай холбоотой нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй. Энэ бол улс төрийн шалтаг, шалтгаанаар оруулж ирж байна. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг. Цаг хугацаа бүгдийг харуулна. Надад ч бас эвгүй,амаргүй байна. Өнөөдөр манай компани дээр очоод гэрээ, дансыг шалгаж байна гэсэн. Бид иргэдээ, тойргоо төлөөлж улс төрийн шийдвэр гаргадаг хүмүүс.Цаашдаа олон гишүүнийг оруулж ирэх юм шиг байна лээ. Ямар үндэслэлтэй гэдгээ Ерөнхий прокурор тайлбарлах байх.

Л.Энхболд: Би бүрэн эрхээсээ татгалзах юм бол шударга бусын хонгил цаашаа явна

Миний өөрийн хамаарал бүхий компани буюу банк бус санхүүгийн байгууллага байдаг. Энэ ББСБ-д ЖДҮХС-гаас зээл авч, санхүүжилт оруулаагүй. Үүнийгээ хариуцлагатайгаар хэлнэ. Маргааш /өнөөдөр/ улс орон даяар маргааш жагсаал болно. Прокурорын хүсэлтийг хэлэлцэх 48 цагийг маргаашийн 13:00 цагтай яагаад давхцуулж байна вэ. Өнөөдөр улсын нөхцөл байдал ямар байгаа вэ. Энэ асуудал сонирхол татаж байна. Би бүрэн эрхээсээ түдгэлзэх боломжтой. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад журмын нөхдөө сонсохоос өөр аргагүй болсон. Яагаад гэвэл УИХ-ын даргыг огцруулах асуудалд бид ажиллах ёстой. Өнөөдөр би бүрэн эрхээсээ татгалзах юм бол шударга бусын хонгил цаашаа явна. Ингэвэл олон бизнесмэн, улстөрчид хохирох нөхцөл байдал үүсэх юм.

Б.Ундармаа: Олон гишүүний асуудлыг хөндөж буйн эхлэл нь энэ юм байна

ЖДҮХС-аас зээл авахдаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригтой хамтарсан уу, үгүй юу гэдгийг лавлаж байна. Миний хувьд ЖДҮХС-аас зээл авахдаа өөрийн зүгээс нөлөөлөөгүй. Шийдвэр яаж ч гарсан би шалгуулахад бэлэн. Би ЖДҮХС-аас зээл аваад арилжааны банкаараа эргэлдүүлээгүй. Энэ нь холбогдох хууль болон санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр нотлогдсон. Уг хэрэг шалгагдаж байгаа. Олон гишүүний асуудлыг хөндөж буйн эхлэл нь энэ юм байна. Би гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна.

                                     

.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ЭЭ бурхан минь үнэн л байх болтугай
2019/01/10 66.181.160.51