“МАНАН бүлэглэлийн эсрэг бүх ард түмний жагсаал" өнөөдөр /2019.01.10/ Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Сүхбаатарын талбайд болж буй уг жагсаалд УИХ-ын гишүүд болон олны танил эрхэмүүд үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байна. Дөнгөж сая Ардын уран зохиолч Т.Галсан оролцож үг хэллээ. Тэрбээр “Миеэгомбын хүү Энхболд суудлаасаа огцор оо. Сайн хүн гаргасан алдаагаа давтдаггүй юм. Чи энэ мянганы замыг хардаа. Зам барих зурвасын дагуу бул чулуу байвал зайлуулдаг. Өнөөдөр ард түмэн чамайг урагшлах хөгжлийн бул боллоо гэж үзэж байгаа тул миний хүү даруйхан огцор. Түүх гэдэг шүүх чи биднийг шүүх цаг ирлээ. Сайн хүний үр чи боддоо. Ж.Батмөнх гэдэг хүн тухайн цагтаа манлайлах хоёр эдийн засагч байлаа. Тэгтэл Ж.Батмөнх ардчиллын хүүхдүүдийн анхны сануулгаар улстөрийн товчоогоор огцруулж байлаа. Миеэгомбын хүү Энхболд чи хотын дарга асан С.Батболдоос үлгэр дуурайлал аваач ээ. Улсаасаа урваагүй хүмүүс тэгж чаддаг юм. Би чамайг зөв замдаа орж сүнс чинь ариусч, цагаан замтай байгаасай гэж хүсч байна. Миеэгомбын Энхболд миний хүү огцор оо” хэмээн хэллээ. Харин одоо Хөдөлмөрийн баатар Хурц үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
УИХ-ын даргыг огцорч, МАНАН бүлэглэлийг сарнитал тэмцэнэ. МАНАН нэг өдөр сарнихгүй, олон өдөр тэмцэж байж МАНАН-г сарниулна. УИХ-ын 10 гишүүн нэгдсэн. Улс төрийн тэмцэлд бид манлайлан оролцоно
УИХ-ийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ
Монгол хилэгнэж бас дахин сэрж байна. Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө, байгалийн баялгийнхаа эзэн байхын төлөө шударга төрт ёс, авилгагүй нийгмийн төлөө, МАНАН дэглэмийн энэ цагийн төлөөлөгч М.Энхболдыг огцрохыг шаардан хоёр дахь удаагаа хуран цуглаад байна. Бидний эхний жагсаалыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд 1990 оноос хойших 2 дахь түүхэн жагсаал болсон гэж тодотгосон. Үүнээс МАНАН дэглэм үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт сандран гүйлдэж байгааг та бүхэн ажиглаж байгаа биз ээ. 60 тэрбумын хэргийг эвлүүлэг гэж гүрийгээд одоо үнэн гэж хэлээд үнэнд гүйцэгдэж байгаа шиг огт огцрохгүй гэж байсан УИХ-ын дарга маань өөрийгөө огцруулах хуулин дээр кноп дарахад хүрлээ. Энэ бол бидний хамтын ялалт байлаа. Өнөөдөр бид улам олуулаа болсоор байна. Урсдаггүй ус ширгэдэг, тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг үг байдаг. Монголчууд бид тайван замаар тамхины иш ч хаялгүйгээр тайван замаар үгээ хэлж чаддаг тэмцэгчид болж үндсэн эрхээ олж авч чадаж байна. Тийм ээ бид дахин сэрж, мөн хилэгнэн уурсаж байна. Шүд зуун тэвчсэн Монголчууд шударга ёсны хувьсгал хийхээр дахин сэрж байна. Шударга ёсны галт тэрэг айсуй. Сэрсэн Монголыг одоо юу ч зогсоож чадахгүй гэдгийг задарсан авилгач дарга нар одоо ойлгох цаг болжээ. Өнөөдөр та бид энэхүү авилгын гав гинжийг таслахаар, хувьсгалт өөрчлөлтийн түүхэн гэрч болохоор хамтдаа цуглаад байна. Өнөөдөр та бид төр улстай нь, нам эвсэлтэй нь, орд баялагтай нь, чөлөөт хэвлэлтэй нь, хууль хяналттай нь, шүүх засаглалтай нь барьцаалж иргэдийг нь зээлээр, баялаг бүтээгчдийг нь айдсаар, төрийг нь авилгаар гинжилсэн МАНАН дэглэмийг нураахаар хуран цуглаад байна. Энэ дэглэмийн хамгийн сүүлчийн албан тушаалтан М.Энхболдыг бид огцруулсан цагт дараа дараагийн олон авилгач гүзээгээ даахгүй олон дарга нар ард түмэн цуглахаас айж шударга ажиллах болно. Бас шударга ажиллах Монголын төрд хэзээ ч ойртохгүй болгох тэмцлийг өнөөдөр бид эхлүүлж байна. Монгол улс мандан бадарч Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч Азийн их хүлэг улс болохын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа.