8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.БАЯРСАЙХАН: Өсвөр үеийнхэн бие биенээ гутаан доромжлох үзэгдэл ноцтой төвшинд байгаа нь тод харагдсан

2019-01-18 10:03:09

“Цахим мэдээлэл –эрсдэл үү, боломж уу” сэдэвт хэлэлцүүлгийг Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны байгууллага, Юнескогийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” төслийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулсан байна.  Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, “БСШУСЯ-наас 2017 онд “Цахим гадуурхал цаашаа” аяныг зохион байгуулж Дэлхийн банкны тусламжтайгаар судалгаа хийхэд хаалттай группүүдэд хүүхэд, өсвөр үеийнхэн бие биенээ гутаан доромжлох, шоглох, дарамтлах үзэгдэл ноцтой төвшинд байгаа нь тод харагдсан. Тиймээс сошиалд бодолтой хандаж, үгээ цэгнэж хойч үеээ хэцүү байдлаас аврах нөлөөллийн ажлыг хийх нь нэн чухал. Бид хүүхэд байхдаа гадуурхагддаг байсан ч секундийн дотор хэдэн сая хүнд тархдаг ийм өргөн хүрээнд гадуурхагдаж, үзэн ядагдаж, ичгэвтэр байдалд орж байгаагүй. Цахим орчинд гадуурхал дарамтад өртөөд түүнийгээ даван туулна гэдэг хүүхэд өсвөр үеийнхний хувьд төсөөлшгүй бэрх. Ийм нөхцөлд өнөөдрийн дэлхийн хүүхдүүд өнөөдрийн өсвөр насны хүүхдүүд амьдарч байна. “цэнхэр халим” гэх тоглоомыг хууль хяналтын байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсны хүчинд газар авахуулалгүй зогсоож чадсан. Үүний адил цахим орчин дахь хүүхэд хамгааллын олон ажлыг маш хурдтай эрсдэлээс өрсөж хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Мөн БСШУСЯ-наас багшийн мэргэжлийг дээшлүүлэх сургалтаараа дамжуулан албан бус хөтөлбөрөөр хүүхэд өсвөр үеийнхэнд мэдээллийн суурь боловсрол олгож байна. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номонд дуртай болгоход чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлж байна гээд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллахыг уриаллаа.

Хэлэлцүүлэгт БСШУСЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Үндэсний төв номын сан зэрэг мэдээллийг бэлтгэх, хадгалах, мэдээллийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хянан зохицуулах, мэдлэг боловсрол олгох үүрэг бүхий талуудын төлөөлөл оролцож санал солилцлоо.

Цахим орчинд хүүхдийг хамгаалахын тулд мэдээллийг мэдлэгтэйгээр ашиглах аргыг заах явдал болохыг талууд онцолж байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сайд нь хэрүүлч байхад хүүхдүүд дууриах нь зүй ёсгы шахуу юм даа.
2019/01/18 202.21.127.164