8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлжээ

2019-01-23 12:11:00

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018"-ын үр дүнг танилцуулав. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцжээ Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан онцолж мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр  "Өрсөлдөх чадварын тайланг хөгжлийн хэмжүүр гэж ойлгож болох юм. Уг тайланг удирдах албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, энгийн иргэд ч ашиглах боломжтой. Тайлангаас харахад Архангай аймаг нийлбэр оноогоор 21 аймгаас сүүл мушгиж байгаа хэдий ч эхийн эндэгдэл хамгийн бага, бага насны хүүхдүүдийн сургуульд хамрагдалт сайн гэдэг үзүүлэлтээрээ улсад тэргүүлж байгаа. Тэгэхээр тайлангаас тухайн аймаг бусдаасаа юугаараа хоцорч, юугаараа тэргүүлж байна вэ гэдгийг харж болох юм. Тайланг гаргахдаа ҮСХ-ны статистик мэдээллээс гадна тухайн аймагт бизнес эрхэлж буй хүмүүсээс нууц санал авч ашигладаг" хэмээн ярилаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг судалгааны тайлангаас онцлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тэрбээр "2018 оны судалгааны тайлангаас харвал өмнөх жилүүдийн адил Орхон аймаг өрсөлдөх чадвар хамгийн өндөртэйгөөр үнэлэгдсэн. Дараа нь Дархан, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгууд өрсөлдөх чадвар сайтай гэж үнэлэгдсэн байна. Энэ жилийн тайлангийн онцлог гэж хэлж болох нэг үзүүлэлт бол өрсөлдөх чадвар өндөртэй аймгуудын онооны зөрүү харьцангуй багассан. Өрсөлдөх чадвар дундаж аймгуудад бага зэргийн өөрчлөлт гарч, өрсөлдөх чадвар султай аймгууд хэвээрээ байна. Тухайлбал, Архангай, Говь-Алтай, Дундговь, Булган аймгууд харьцангуй сул үнэлгээ авсан.

Өмнөх жилүүдэд дэд бүтцийн хөгжил аймгуудын өрсөлдөх чадварын оноог нэмэгдүүлэх хүчин зүйл болдог байсан бол энэ жил эсрэгээрээ дэд бүтэц дээр илүү анхаарах шаардлагатай гэсэн дүр төрх харагдаж байна.

Эдийн засгийн өсөлтөөр Орхон, Өмнөговь, засаглалын үр ашгаар Сүхбаатар, бизнесийн үр ашгаар Дархан, Өмнөговь, дэд бүтцийн хөгжлөөр Орхон, Говьсүмбэр аймгууд эхэнд эрэмбэлэгдсэн.

Харин өмнөх жилийн нөхцөл байдлаасаа хамгийн сайн ахисан аймгуудад Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай нэрлэгдэж байна. Тухайлбал, Дорноговь аймаг өнгөрсөн жилийн өрсөлдөх чадварын оноогоо 12-оор ахиулсан. Үүнд нь эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна.

Аймгуудад тулгамдаж буй асуудлын талаар бизнес эрхлэгчдээс санал асуулга явуулахад,

  1. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай 
  2. Дэд бүтэц, цахилгаан дулааны асуудлыг шийдвэрлэхэд анхаарах
  3. Ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах шаардлагатайг хэлж байсан" хэмээн танилцууллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг долоо дахь жилдээ тасралтгүй гаргаж байгаа бөгөөд аймгуудын Засаг дарга, удирдлагуудын хүлээж, үр дүнг нь хардаг судалгаа болоод байгааг хэлж байсан юм. 

Тус судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох явдал юм. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж байна. Аймгуудын хөгжлийг үнэлэх энэхүү судалгаа нь тодорхой аргачлалын дагуу тогтмол буюу жил бүр боловсруулагдан гарах бөгөөд орон нутгийн өрсөлдөх чадварын ахиц, өөрчлөлтийг хянах боломж олгоно.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм. Ингэснээр ямар аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн, эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болох аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эрдэнэтийнхэн
Ажил олддоггүй, шахаа нь дэндсэн, элбэгдорж, энэ п.цагаан нарын луйварчид ард түмнээс нь уурхайн шороог нь хүртэл луйвардсан тийм хэцүү газар. Ард түмэн амьдрахад бэрх уурхайчид луйварчдад таатай даа.
2019/01/26 64.119.19.182
erdenet hudlaa
Uurhai dagasan hot orsoldoh chadvaraar undur bdg gej anh udaa l sonsoj bn ... hudaldan avalt arai deerees humuus n ihenh n zalhuu shde
2019/01/24 202.55.188.37
Any
Ajliin bair gej ectoi xobor ed boldog gazar daa erdenet
2019/01/23 202.126.89.54