8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нямсүрэн: Наран туул зах дээр хорь гаруй жил гялгар уут, тор зарж байна

2016-03-01 12:23:00

Гашуун дарснаас хүртэж  хөл  нь гуйвсан нэгнийг хараад амьдралд нь бид юу тохиолдсоныг мэдэхээсээ илүү архичин гэж хэлдэг. Алдсан түрүүвчийг нь хэн нэгэнд олж өгөөд “Баярлалаа” гэх үгний оронд “Чи  авчихжээ”  гэх сэрдэлтийн үгээр чулууддаг  тийм л цөвүү нийгэмд бид  амьдарч байна. Алхаа хурдасч цаг хугацаатай уралдахын  хэрээр бид бусдын сэтгэл рүү өнгийх ч завгүй өөрсдийнхөө л төлөө амьдарч хувиа хичээсэн нийгмийг бий болгосоор...

Яг л ийм бодолд хөтлөгдсөн сэтгүүлч миний бие эгэл жирийн хэрнээ хөдөлмөрч хэн  нэгний сэтгэл рүү өнгийж бодол руу нь шагайхаар Нарантуул  ОУХТөвийг зорилоо. Худалдааны төв хэдийнээ нээгджээ. “Сайн чанарын бараа шүү хямдралтай гэх үг” чихэнд ээмэг зүүлт мэт зүүгдсээр. Барьсан цүнх, атгасан түрүүвчээ алдчихвий гэж хардалтын нүдээр бусдыг сэжиглэх харцыг наймаа хийхээр явж буй  захын хүнээс л олж харж болохоор.

Ийнхүү явсаар Нарантуул захад 20 гаруй жил гялгар уут, тор зарж амьдралаа залгуулж яваа Д.Нямсүрэн эгчтэй таарч ажлынх нь хажуугаар ийнхүү хөөрөлдөө.

- Сайн байна уу ? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

- Намайг Д.Нямсүрэн гэдэг.  Хэнтий аймгаас Улаанбаатар хотод анх 1996 онд орж ирсэнээс хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна даа. Эгч нь  одоо 62 настай  тэтгэвэрт гарсан хэдий ч гэртээ зүгээр суулгүй тор уут зарж амьдарч байна. Хорь гаруй жил гялгар уут, тор зарж байна. Эхлээд нөхрийнхөө хийсэн модон эдлэлийн зүйл зардаг байснаа сүүлдээ уут тор зардаг болсон.

-Та залуудаа хаана ажиллаж байсан бэ?

- Хэнтий аймгийн Баян-Улаанд  Сангийн Аж ахуйд ажилласнаас эхлээд угаагч цэвэрлэгч малчин гээд янз бүрийн л ажил хийж байсан

- Та хэдэн хүүхэдтэй вэ?  Ганцаараа л ажиллаж байна уу?

- Би гурван хүүхэдтэй бүгд тусдаа амьдарч байна. Хүүхдүүд маань цэвэрлэгч, хэвлэлийн компани гээд тус тусын л ажил хийж байна. Тэд нартаа илүүчилж чадахгүй юм. Өөрсдийгөө л болгож байвал болоо доо гэж боддог юм.

- Та торнуудаа хэдээр зарж байна. Өдөрт дунджаар хэдэн төгрөгийн ашиг олж байна?

- Үнэ нь янз бүр. 200 төгрөгийн торноос эхлээд дээд тал нь 7000 төгрөгийн үнэтэй тор ч байна. Давхар бас сэтгүүл зардаг. 350 төгрөгөөр аваад 500-гаар зардаг юм. Хувиараа тор оёдог хүн ирээд бөөнддөг.  Над шиг тор зарж байгаа 20 орчим хүн энд бий. Гялгар торыг бол 60,70 төгрөгөөр бөөндөж аваад 150 төгрөгөөр зардаг.

- Орлого хэр байна? Өдөрт дунджаар  хэдэн төгрөгийн ашиг олдог вэ?

- Сайн зарвал 10 мянган төгрөгтэй буудаг. Гэхдээ зарим өдөр микроны ч  мөнгөгүй алхаж харих өдөр бий. Өнөөдөр эгч нь 1600 төгрөгийн л тор зарлаа. Тэгээд 1000 төгрөгөөр аарц, 500 төгрөгөөр нь цай аваад уучихлаа. /Инээв/

Ийнхүү бид хоёрыг ярилцаж байтал Д.Нямсүрэн эгчийн сууж байсан лангууны эзэн ирж биднийг хөөв. Д.Нямсүрэн эгч инээд алдан ухасхийн босч “Жаахан амарч авлаа. Одоо явж зарахгүй бол болохгүй. Энд чинь явж л байхгүй бол хэсэг зогсчихвол байцаагч нь хөөгөөд байдаг юм. Тэрэг түрээд юм зараад байгаа хүнээс өдрийн 2000 төгрөгний татвар авдаг” хэмээгээд алхаан дундаа ярьж басчхүү бараа авсан хүнээс тор авахыг асуун цааш хамт алхлаа. Нас хэдий дээр гарсан ч хөдөлмөрт бууж өгөөгүй хөдөлмөрч эмэгтэйн хоёр хөл нь ажлын гол ачааллыг даадаг ажээ.

- Та уутаа явж зардаг гэнэ. Өдөрт ойролцоогоор хичнээн км алхдаг бол?

- Өдөрт 20-30 км алхдаг. Захыг тойроод л алхаад байдаг юм. Харин сүүлийн үед хөл жаахан өвдөх гээд байдаг болсон. Тэрнээс биш хөдөлгөөн сайн болохоор ч тэрүү өвдөх зүйл бараг байхгүй ээ. Өвөл зун жилийн 4 улирал зардаг зундаа халууцаж, өвөлдөө даарч одоо бараг дасчээ. Нарантуулын битүү зах шатаагүй байхад дотор нь явж зардаг байсан. Харин одоо оронд нь шинэ баригдсан  “Баялаг Ундраа” битүү зах рүү бидэн шиг хүмүүсийг оруулахгүй хамгаалагч нь хөөгөөд байдаг юм. Саяхан нэг хүнээс юм асуух гээд очсон чинь хашаа руу нь оронгуут хөөж байна билээ. Би ямар хулгай хийх гэж очсон биш, адилхан л хүн юм чинь. Ер нь өнөөгийн нийгэмд муу хувцастай халтар царайтай хүн л  байвал  дорд үзэх болж дээ.

- Хүмүүс ер нь тантай яаж харьцаж байна?

- Олны дунд сайн муу янз бүрийн л хүмүүс бий. Тор авъя гээд дуудаад авах хүн байхад тор авах уу гээд дөхөөд очихоор аашлаад хөөх ч хүн байна шүү дээ. Зарах тор уутаа биедээ битүү ороогоод л авч явна. Даавуу болохоор хүнд талдаа. Өдөржин алхаад ядрах үедээ лангууны булан бараадаж амарчихаад л үргэлжлүүлэн алхана  даа.

Ийнхүү Д.Нямсүрэн эгчтэй ярилцсаар Нарантуул ОУХТөвийг нэлээд хэдэн удаа тойрлоо. Тэрэг түрж худалдаа эрхэлдэг нэгэн эмэгтэй түүнтэй мэндлэхэд Д.Нямсүрэн гуай үрчлээ суусан духаа үл ялиг тэнийлгэн мишээж “Энэ эмэгтэй надаас дүү л дээ хань нь ноднин өнгөрчихсөн юм. Энд байгаа бид хэд биенээ андахгүй ээ. Нэр байхгүй ч зүс таниад мэндтэй байдаг юм. Зоос муутын зовлон нэг гэдэг дээ. Өнөөгийн нийгэм биднийг их л сорьж сэтгэлийн тэнхээгүй нэгнийг нь  шилтэй усанд живүүлж олон ч сайхан аавын хүү ээжийн охиныг нүдэн дээр  минь өвдөг шороодуулж газар мөлхүүлж байна даа”  хэмээн намуухнаар санаа алдаж  нь харцандаа сүүдэр буулгалаа.  

Нар нэлээн  хэвийх үеэр сэтгүүлч би бээр  Д.Нямсүрэн эгчтэй нийлсэн  алхаагаа салгахад түүний хорин жил алхсан хөл танил газраа тойрон үргэлжлүүлэн алхсаар хоцорлоо. Нарантуул ОУХТөвийг олон жил тамгалсан энэ эмэгтэйн ээтэн гутлын мөр цаашдаа  хэр удаан,  хэдэн километр алхахыг би мэдэхгүй ч амьдралын төлөө цөхрөлтгүй олоон жил  алхсан хүчирхэг Монгол эх хүний мөр гэдгийг би мэднэ ээ.

Б.Мөнхдалай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
62 nastai gehed mundag yuma iim saihan bodoltoi amidraliin toloo temtsdeg hvnd tusalhad haramsah zvilgvi shvv
2016/03/02 103.17.108.42
zochin
yamar huchirheg yum bee baharhaj bn shan niitlel bn
2016/03/02 103.17.108.42
mooyoo
end hvnd hun bolgon tuslaasai gj bodoj bn. saihan setgel'tei hun olon baih boltguai. oor olon iim shn hvnees suravjlaga avj tumen olondoo hurgeh boltgui aaa amjilt
2016/03/01 103.17.108.42
zochin
Uuruu bolomjt bsan bol tuslah yumsan da .hetsuu ch yuma da amidralaa gj
2016/03/01 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment