Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил Засгийн газрын хуралдаанаас аймаг, дүүрэг, сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 15-25-нд тэмдэглэх шийдвэр гарсан хэмээн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын тогтоол гаргаж, аймаг, дүүрэг, сумын баяр наадам, бүс, аймгийн хэмжээний томоохон уралдааныг 7 дугаар сарын 15-25-нд зохион байгуулахаар тогтсон байна.
Хөдөлмөрийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар нийтээр амрах хугацааг 7 дугаар сарын 11-15 гэж заасан. Энэ нь дээрх хугацаанд нийслэлийн ачааллыг зарим талаар бууруулах ач холбогдолтой бөгөөд аймаг, дүүрэг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 15-25-нд зохион байгуулах тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг энэхүү уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс гаргажээ. Дээд түвшний уулзалтын үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэсэн зорчигчдын нэн яаралтайгаас бусад урсгалыг хязгаарлах, иргэдэд тайлбарлан ойлгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгожээ.