Австрали, Тайландад суух элчин сайдаар Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцсөн ч эцсийн шийдвэр гараагүй байгаа. Тиймээс гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар эдгээр гурван хүний нэрийг эргүүлэн татах саналыг хоёр долоо хоногийн өмнө гаргасан билээ. Энэ талаар ГХЯ-ны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.
-Та нэгдүгээр сарын 14-нд зарим оронд суух элчин сайдуудыг эргүүлэн татах санал гаргасан. Улс хоорондын асуудал зогсонги байдалд орлоо гэсэн шүүмжлэл гарах боллоо?
-Улс хоорондын асуудал зогсонги байдалд орно гэж байхгүй. Элчин сайдын ажил өөрөө байнгын залгамж халаатай үргэлжилж байдаг. Тэгэхээр элчин сайдгүй газруудад түр элчин томилогдон ажиллана. Элчин сайдуудтай газруудад дараагийн элчин сайд томилогдоход өмнөх элчин сайд нь татагдаж байдаг учраас энд ямар нэгэн гацаа, улсын ажил хоцрогдоно гэсэн зүйл байхгүй. Бид элчин сайдуудын асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж, оруулахаар бэлтгэл ажлаа хийж байна.
-Намрын чуулган завсарлахаас өмнө амжих уу?
-Гурван элчин сайдын асуудал байгаа. Бид нар тодорхой хүмүүс дээр судалгаа хийж байгаа. Болж өгвөл ойрын хугацаанд оруулахаар төлөвлөж байна. Элчин сайдуудыг томилоход Ерөнхийлөгчид санал өгч Ерөнхийлөгч давхар УИХ-тай ярилцана.
-Эхлээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх үү?
-Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч дээр орж байж батлагдах ажил учраас Ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө. УИХ-иар оруулна, Засгийн хуралдаанаар зөвлөлдөнө. Гэх мэтчилэн зөвлөлдөх асуудлаа мэдээж хэлэлцэнэ. Мөн мэдээж манай яамныхаа түвшинд судалгаа, бэлтгэл ажлаа нэгтгэж байна.
Д.Нэргүй.