8o
Улаанбаатар хот
mobile menu

2024 он гэхэд агаарын бохирдлын улмаас нас барагчдын тоо 5200-14000-д хүрнэ гэж  эрдэмтэн судлаачид үзэж байна

2019-01-31 09:00:00

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор өчигдөр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан юм. Тус Ерөнхий хяналтын сонсголоос цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил болон хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын  хэлсэн ОНЦЛОХ 15 баримтыг хүргэж байна.
 

  1. Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчин, нийслэл болон аймгийн төвүүдэд оршин суугаа нийт иргэдийг хордуулж, амь нас, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулж байгаа агаарын бохирдол, хорт утааны асуудалтай Монгол Улс 10 гаруй жил тэмцээд үр дүнд хүрсэнгүй, нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна.
  2. Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000 д хүрнэ гэж  эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлтэндээ анхааруулсаар байна.
  3. Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жилийн турш тасралтгүй ярьж чамгүй зузаан цаас үйлдвэрлэсэн нь ямар ч үр дүнд  хүрсэнгүй.  Ихээхэн хөрөнгө мөнгийг ч үргүй зарцуулжээ.
  4. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд улсын төсвөөс  170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулжээ. “Шинэ бүтээн байгуулалт” дунд  хугацааны зорилтот хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, УИХ, Засгийн газрын тогтоол, журмууд, ҮАБЗ-ийн зөвлөмж зэрэг олон тооны цаас үйлдвэрлэж, олон сан, ажлын хэсэг байгуулж төсөв, зээл тусламжаас санхүүжүүлсэн ч бодтой нүдэнд харагдах үр дүн гарсангүйгээр барахгүй харин ч байдал улам дордсоор байна.
  5. Төсвийн мөнгөөр хувийн бизнесийг тэтгэхийн оронд энэ хөтөлбөрт хөрөнгө, зохион байгуулалтаа төвлөрүүлэн хэрэгжүүлсэн бол арваад жилд Улаанбаатарыг утаанаас салгах хангалттай хугацаа байлаа.
  6. агаар.мн сайт  нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2,4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрч хэвлэлүүдээр цацагдаж байлаа.
  7. 2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогджээ
  8. Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5,1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна.
  9.  “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн”-д хийсэн Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011- 2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтаар бүрэн нотлогдохоор байна
  10. Өсөлтгүй жирэмслэлтээр эрдмийн ажил хийх гэсэн судлаачид 2007 онд улс орон даяар 20 ийм тохиолдол олоход хүнд байсан бол одоо зөвхөн нэг төрөх эмнэлгийн статистикаар авч үзэхэд өсөлтгүй жирэмслэлт 2013 онд 470, өнөөдөр 1300 болжээ. Энэ бол нэг л эмнэлгийн статистик.
  11. Судлаачийн дурдсанаар 2013 онд нийт улс орны хэмжээнд 700 гаруй бүртгэгдсэн өсөлтгүй жирэмслэлт жил бүхэн геометр прогрессоор өссөөр 2017 онд 4400 гаруй бүртгэгдсэн байгаа нь бүрэн тоо биш гэж судлаач хэлж байна.
  12. Монгол оронд жил бүхэн 15-17 мянган хүн цаг бусаар амиа алдаж байгаа бол Монголын ирээдүй – нялхсаа мянга мянгаар нь хэвлийд нь хөнөөж байгааг онц байдал зарлах гарцаагүй нөхцөл гэж үзэж байна. Онц байдал зарлаж, төсөв, хүн хүч, төрийн бүхий л нөөц бололцоог агаарын бохирдлыг бууруулах арга  хэмжээнд нэгтгэн төвлөрүүлж, яаралтай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж богино хугацаанд үр дүнд хүрэх боломж байсаар атал хойргошин сууж болохгүй ээ.
  13. Яаралтай онц байдал зарлаж төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн, бүхий л түвшинд авч байгаа арга хэмжээгээ уялдаа  холбоо, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Миний бие өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах боломжийг судлуулах баг гарган иж бүрэн судалгаа хийлгэсэн.
  14. Гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Үүний нөгөө талд айл нүүж ороход бэлэн 30 мянга гаруй, 2018 онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байсан. Эхний ээлжид энэ нөхцөл байдлыг уялдуулах шаардлагатай байна.  
  15. Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан, улмаар ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр иргэдийг оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр борлуулалтгүй орон сууц эдийн засгийн эргэлтэд орж  газар суларна. Улаанбаатарын утаа маш богино хугацаанд наад зах нь 50 хувиар багасах боломж байна. Харин нүүсэн айлын хашаанд дараагийн утаа үйлдвэрлэгч орохгүй байх зохион байгуулалтыг давхар хийх хэрэгтэй. Үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бат
Айл өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны татвар ав өөр гарц байхгүй
2019/01/31 202.9.43.234
Иргэн хүн
Манайхан юм бүрийг утаатай холбож туйлширч бас болохгүй шүү. Өсөлтгүй жирэмслэлт их болж байгаа Бэлгийн замаар дамжих халдвар өндөр байгаатай бас холбоотой. Тэмбүү ямар их болж байна гээч.
2019/01/31 202.170.69.98