Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад горилогчидтой уулзсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэллээ. Тодруулбал, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад нэр дэвших хүсэлтэйгээ албан ёсоор илэрхийлсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонссон юм.
Ц.Нямдорж: Энэ асуултанд хариулт өгөхөд эрт байна
Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Энэ асуултанд одоо хариулт өгөхөд эрт байна. Бүлгийн хурал, намын удирдах зөвлөлийн хурлын үеэр ярилцаж энэ асуудлыг хэлэлцэнэ.Тэр үед би үгээ хэлнэ. Одоо УИХ-ын даргад тэр болно, энэ болно гэх зүйл ярих шаардлагагүй.
Д.Цогтбаатар: Миний зүгээс хоёр хүний нэрийг бодчихсон байгаа
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Шинээр сонгогдох УИХ-ын дарга улстөрийн хариуцлага хүлээлжгэж чаддаг, хүлээцтэй, сахилга баттай хүн байгаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл Их хурлын дарга гэдэг бол хурал удирдаж, намын эв нэгдлийг хангаад явах ёстой. Мөн үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний нэг гэдэг бол шалгуур, босго өндөртэй. Миний зүгээс хоёр хүний нэрийг бодчихсон байгаа. Хэн гэдгийг нь одоо хэлэхгүй. Шаардлагатай, хэлэх газраа хэлнэ.
Д.Тогтохсүрэн: Намын дарга парламентэд хэд хэд сонгогдсон туршлагатай хүн байгаасай
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Намын даргын асуудал Намын удирдах зөвлөл, Бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байж нэгдсэн чуулган руу орно. УИХ-ын даргыг сонгохтой холбоотой асуудлаар УИХ-ын тухай хуульд тодорхой заачихсан байдаг. УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл намын дарга дэвшүүлнэ гэж. Түүнээс өөр субект дэвшүүлэхгүй. Үүний дагуу нэр дэвшүүлнэ. Мэдээж парламентэд хэд хэдэн сонгогдсон хүн байх болов уу. Энэ миний бодол. Мөн ажлын туршлагатай хүн байх ёстой. Өмнөх Их хурлын даргыг огцруулахад манай намын гишүүд хэд хэдэн санал, шаардлага тавьсан. Нийгэмд шударга ёс тогтоох, байгалийн баялагийн тэгш бус хувиарлалт, замбраагүй олгосон лицензийн асуудлууд, хууль шүүхийн байгууллагуудын аль нэг улстөрчдийн талд орж талцдаг байдлыг зогсоох зэрэг нийгэмд тулгамдаж буй шударга бус үйлдлийг зогсоож, шударга ёс тогтоох бодлогыг хэрэгжүүлэх чадах хүн байх болов уу.
Х.Нямбаатар: Намын дарга шүүмжлэл ч авч байдаг, шийдвэр ч гаргаж чаддаг байх ёстой
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: УИХ-д олонхи суудал авсан нам эвслээс намын дарга сонгодог хуулийн заалттай. Үүний дагуу даргаа сонгох хэрэгтэй. Энэ зарчмаараа явагдана. Өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яваад байгаатай адил мэдээлэлтэй байна. Миний хувьд 5,6 хүн УИХ-ын даргад горилж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Хууль тогтоох, шүүх гүйцэтгэх засаглал энэ гурваас хамгийн их цохилт авч чаддаг засаглал нь өөрөө парламентийн засаглал, хууль тогтоох засаглал байдаг. Цохилт авна гэдэг нь намын дарга шүүмжлэл ч авч байдаг, шийдвэр ч гаргаж чаддаг байх ёстой. Өнөөдөр УИХ-ын нэр хүнд тийм ч сайн байхгүй байгаа, тэгэхээр парламентийн нэр хүндийг өсгөж чадах, хариуцлага тооцож чаддаг хүн байгаасай гэж бодож байна" гэв.
Д.Нэргүй.