8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгохыг цахимжуулна

2019-02-14 15:52:00

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээний нээлттэй ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг нь сайжруулах, мэдээллийг ил тод байлгах талаар тусгасан. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчид яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж төрийн үйлчилгээ иргэдэд нээлттэй, ил тод хүрч байгаа эсэх, шат дамжлагыг бууруулах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Тус төвийн жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, эрх сэргээх, ангилал ахиулах, үнэмлэхний лавлагаа өгөх, тусгай дуут дохио болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгож буй үйл явц болон мэдээллийн ил тод байдалд хяналт тавьж ажиллалаа.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал цаашид хэрхэх талаар Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх ” Тухайн байгууллагын зарим үйл ажиллагаа цахимжсан, иргэдэд хүргэж буй үйлчилгээ сайжирсан байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр засч залруулах зүйл бас байна. Жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэх, дагалдах хор хэрэгслийг худалдан авахад жилд дунджаар 1.3-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг ч жил бүр л бэлдэц тасарсан гэдэг шалтгаанаар үнэмлэх хэвлэгддэггүй, түр үнэмлэх олгодог. Үүнийг дагаад иргэдэд хүнд суртал, чирэгдэл учирдаг энэ байдлыг арилгах, жолооны үнэмлэх захиалах, олгох үйл ажиллагааг цахимжуулах, нээлттэй болгох шаардлага байна.

Жолооны үнэмлэхийг цахимжуулснаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлага багасна. Мөн жолооны дамжаануудын чанар, стандартыг сайжруулж адестатчлах юм. Ингэснээр хариуцлагатай жолооч бэлтгэгдэж, зам, тээврийн осол хэргийн гаралт буурна” хэмээн ярьсан юм.

Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Бүртгэл хяналтын төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран жолоодох эрхийн үнэмлэх олгох, нөхөн олгох, солих үйл ажиллагааг цахимжуулах, олон нийтэд нээлттэй болгох талаар хэлэлцүүлэг /2019.01.30/ өрнүүлжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Бүртгэл, хяналтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд ярихдаа “Нийслэлийн иргэд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд өөрийн биеэр ирж үнэмлэх захиалж байгаа. Иргэдийн материалыг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэвлэдэг, орон нутгийн иргэд тухайн газрынхаа Цагдаагийн байгууллагаар дамжуулан захиалдаг юм. Шуудангаар дамжин ирж буй учраас хэвлэгдээд иргэнд очиход 15-20 хоног шаардагддаг. Энэ үйлчилгээг бид иргэдэд хэрхэн ойртуулах, цахимжуулах, үнэмлэхний захиалга яаж авах талаар өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд ярьж байна. Манай төв нь Монгол шуудан компанитай хамтран ажиллаж нийслэлийн иргэдийн жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж байгаа. Дараагийн шатанд орон нутаг, аймаг, сумдын иргэдийн үнэмлэх захиалах материалыг “Монгол шуудан” ХК-ийн салбаруудаар дамжуулан авах талаар ярьж байна.

Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд жолоодох эрхийн шалгалтыг туршилтын журмаар цахимаар авч эхэлсэн юм. Энэ ондоо багтаагаад улсын хэмжээнд цахимаар шалгалт авах бэлтгэл ажлыг бид ханган ажиллаж байна” хэмээв.

Хэлэлцүүлгээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, 2019 онд багтаан цахимаар жолооны үнэмлэх захиалах, нөхөн олгох ажиллагааг шат дараатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл