8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол, Францын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2015-11-21 13:23:00

Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улсын Ерөнхийлөгч, БНФУ-ын Ерөнхийлөгч нарын  Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. Уг Хамтарсан мэдэгдэл нь Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ ирээдүйн зорилтыг тодорхойлж, улмаар хамтын ажиллагааг тодорхой чиглэл бүрээр гаргасан юм. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;

-Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;

-Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хооронд сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээр;

-Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Франц Улсын Кино дүрсний үндэсний төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

-Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хоорондын хэлэлцээр;

-Үхрийн үүлдэр угсаа сайжруулах чиглэлээр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын хамтын ажиллагааны эрмэлзэх бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл