8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Алтны татвар 0 болсон гэх мэдээлэл худлаа

2019-02-13 11:58:00

-Зарим сангуудыг татан буулгах санал оруулахаар бэлтгэж байна-

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар дараах асуултад тодруулга авлаа.

-ОУВС-ийн ажлын хэсэг манай улсад ажлаад явлаа. Ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэрхэн дүгнэж байна вэ? 

-ОУВС-ийн ажлын хэсэг манай улсад ажиллаад явсан. Засгийн газартай хамтарч ажилласан хөтөлбар амжилттай болсон гэж үнэлж, дүгнэж байна.

Монгол Улсын эдийн засаг 6,4-7 орчим хувийн өсөлттэй гарахаар байна. Энэ бол зөвхөн эдийн засгийн бодлогыг зөв хэрэгжүүлэхээс гадна эдийн засгийн сахилга баттай, дэг журам, хөрөнгө оруулалтыг дэмжих, энэ чиглэлийн Засгийн газрын эдийн засгийн бодлого зөв байсантай, өрийн хэмжээг 9-өөр бууруулж чадсантай холбоотой. Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-нд эзлэх хувиар өнөөгийн үнэ цэнээр 74,4 хувь байсныг 62 хувь болгож бууруулсан нь амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл гэж дүгнэсэн.

Мөн ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа орнуудтай харьцуулахад хамгийн өндөр үр дүнтэй, амжилттай ажиллаж байгаагаа онцолсон. 

-ОУВС-ын дараагийн санхүүжилт хэзээ орж ирэх вэ. Ойрын хугацаанд төлөх өр?

-Үндсэндээ 2019, 2020 онд Засгийн газрын хувьд гадаад, дотоодын өрийн дарамт багатай байгаа.

-Таван банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх асуудал юу болсон вэ?

-Энэ асуудлыг та бүхэн Монголбанкнаас асууж тодруулах хэрэгтэй байх.

-Татварын ерөнхий газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэж ярьж байсан. Чөлөөлсөн үү?

- Татварын ерөнхий газрын даргыг үүрэгт ажлаас чөлөөлчихсөн байгаа.

-27 сангийн үйл ажиллагаа шалгах ажил хэр явж байгаа вэ?

-Нийтдээ Засгийн газрын бүх санд шалгалт хийж, арга хэмжээ авна гэх саналыг Сангийн яам боловсруулж бэлтгэж дуусгасан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулах байсан боловч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гадаадад томилолттой яваа учраас дараагийн хурлаар сайдыг байх үед хэлэлцэнэ.   

-Тусгай сангуудаас зармыг нь татан буулгана гэх яриа гарч эхэлсэн. Тухайлбал ямар ямар сангуудыг татан буулгах вэ?

-Нэлээн хэдэн санг татан буулгах санал оруулахаар бэлдэж байна. Одоогоор энэ сан, тэр сан гэх зүйл байхгүй. Орсны дараагаар тодорхой мэдээлэл өгнө. Шийдэгдээгүй байгаа зүйлийг урьдчилж ярих нь өөрөө ёс зүйгүй асуудал. Татан буулгах сан, үйл ажиллагаа сайжруулах сан ч  байна. Зарчмын хувьд сангуудын үйл ажиллагааг сайжруулж, ил тод болгох шаардлагатай байна. Хамгийн гол нь олон нийтийн оролцоог сайжруулах хэрэгтэй байна. Нэг сангаас зээл авч нөгөө санд буцааж тушаасан зүйл гарч ирж байна. Тиймээс авсан бүх зээлийн мэдээллийг монголбанк дээр зээлийн мэдээллийн санд бүртгэдэг. Энд дээр оруулж ирж байж зээл олгодог байх гэх мэтийн зохион байгуулалтын ажлыг шуурхай оруулах зайлшгүй шаардага гарч ирж байна. 

-Татварын багц хуулийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх болов уу? 

-Ээлжит бус хурлын талаарх мэдээлэл өнөөдөр надад ирээгүй байна. Тэгэхээр ээлжит хуралдаан зохион байгуулж, хуралдуулах газраас асуух хэрэгтэй.

-Алтын татвар 0 байгаад байна. Төсөвт төвлөрүүлэх 70 тэрбум төгрөг дутна гэсэн үг үү. Дээр нь вальютын ханшийг алдах эрсдэл үүсэх вий гэх хардлага гарч байна?

-Алтны татвар 0 болсон гэх мэдээлэл худлаа мэдээлэл. Яагаад гэвэл Татварын хууль хэрэгжээд явж байгаа. Үүний рояалтыг 2,5 болгож өөрчилсөн хуулийн хүчинтэй хугацаа энэ оны нэгдүгээр сары 1-нээр дуусгавар болж байгаа.

Тэгэхээр Татварын тухай үндсэн хууль нь хуучин хэвээр явж байгаа. Энэ ямар агуулгатай хууль вэ гэхээр ерөнхий суурь татвар нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татвар 5 хувь үүн дээр нэмээд алтын үнэтэй холбоотой өсөн нэмэгдэх хууль орж ирдэг. 

Д.Нэргүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment