8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын босгон дээр буй татварын багц хуулийн төсөл

2019-02-18 18:05:00

Сүүлийн гурван парламент дамжин яригдсан татварын өөрчлөлт энэ хаврын чуулганаар эцэслэн шийдэгдэхээр болоод байна. Тиймээс Засгийн газраас боловсруулсан татварын багц хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгээс өнөөдөр татварын багц хуулийн төсөлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн саналыг авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Шинэлэг зохицуулалтууд

Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулсан бөгөөд бусад 20 хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. Ийн өөрчлөлт оруулж байгаагийн гол зорилго нь бизнесээ дэмжих, ойлгомжгүй, хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцлэхэд чиглэж байгаа гэдгийг Сангийн сайд хэллээ. Ингэхдээ татвартай холбоотой ирсэн бүх маргаануудыг Сангийн яам судалж үзсэн байна. ААН-үүдэд хүндрэл учруулдаг татварын заалтуудыг судалж байж хуульдаа өөрчлөлт оруулж байгаа гэсэн үг. Мөн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг шинээр тусгажээ. Европын холбооноос Монгол Улсыг татварын хувьд хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтад оруулсан байдаг. Энэ нь ил тод бус байдалтай холбоотой. Татварын багц хуулийн төсөл батлагдсанаар ил тод байдал хангагдана гэж үзжээ.

Түүнчлэн хуульд орж буй өөр нэг чухал өөрчлөлт бол татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтууд. Үндэслэлгүйгээр асар том дүнтэй татварын акт тавьж, тэр нь шүүх дээр очоод ААН-ийн зөв болдог тохиолдол олон. Ингэж үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагчид хариуцлага хүлээлгэдэггүй байсныг шинэ хуулиар өөрчлөх аж. Түүнчлэн татварын албыг чадавхжуулах ерөнхий зарчмуудын хүрээнд татварын хуулийн шинэчлэлийг хийжээ.

Нөгөө талаар аж ахуйн нэгж, компаниудыг татвараас зайлсхийх боломжийг хязгаарлах зохицуулалтыг хийж өгсөн байна. Ашиг шилжүүлэх, татварын суурийг багасгахын эсрэг олон улсын байгууллагын тусгай шаардлагуудыг хуулийн төсөлд тусгасан аж. Мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон зохицуулалтыг татварын багц хуульд тусгажээ.

Татварын бүртгэл, мэдээллийн сан, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог бүрэн автоматжуулах асуудлыг ч хуульчилснаараа давуу талтай гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Сангийн яаман дээр олон систем бүрдлүүлж татварын тайлан авдаг. Гэвч техник, технологийн хувьд хуучирсан зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгардаг байна. Тиймээс мэдээллийн санг бүрэн автоматжуулах юм байна. Үнэ шилжүүлэхтэй холбоотойгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 15 үйл ажиллагаанаас есийг нь хуулийн төсөлд тусгаад байгаа гэнэ. Үүнийг НҮБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хамгийн сүүлийн үеийн зөвлөмжид тулгуурлан боловсруулсан аж. Ингэснээр мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэрэгтэй олон улсын төвшинд ажиллах боломж бүрдэж байгаа аж. Үндэстэн дамнасан том корпорациуд үнэ шилжилтийг их ашигладаг. Тиймээс энэ талаарх зохицуулалт хуульд туссанаар Монголд төлөгдөх татварын хэмжээг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна.

Цахим удирдлагатай татварын тогтолцоо

Бизнес эрхлэгчдийн хувьд татварын багц хуулийн төсөлд ам сайтай байгаа ажээ. Хуулийн төсөлд сайн өөрчлөлтүүд туссан гэдгийг тэд өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр хэлж байв. Тухайлбал том өөрчлөлтийг зоригтой хийж, татварыг бааз суурийг өргөтгөх зохицуулалтыг тусгасан, татвар төлөгчдийг гадаад, дотоодын гэж ялгалгүй нэг түвшинд аваачиж байгаа зэрэг өөрчлөлтүүдийг нэрлэж байлаа.

Татвар төлөгч аж ахуйн нэгжийг 3 тэрбум төгрөгөөс дээш орлоготой бол томоохон татвар төлөгч гэж тооцох босгыг дахин өндөрсгөх шаардлага байгаа гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байв. Мөн жилийн 1.5 тэрбум төгрөг  хүртэлх орлоготой ААН татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах зохицуулалт хуулийн төсөлд бий. Тухайлбал ийм ААН-үүд төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах юм. Ийм жижиг, дунд бизнес эрхлэгчид нийт ААН-үүдийн 80 гаруй хувь нь байдаг ажээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Төр иргэнийхээ аж ахуй эрхлэх эрхийг татварын хуулиар хамгаалах ёстой. Үндсэн хуульд туссан хүний эрхийн асуудал, эдийн засгийн болон өмчийн асуудлыг энэ хуульд хэрхэн бататгаж өгөв гэдгийг онцлох учиртай. Татварын хуулийн процесс дээр их алдаа гардаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсны дараа 33 мянган компани 34 их наяд төгрөгтэй тэнцэх ажил, үйлчилгээ, бараа борлуулсан орлогоо ил гаргасан. Энэ бол хуулиа процесс дээр хэрэгжүүлж амжаагүйнх гэж үздэг. Харин одоо бол НӨАТ-ын  хууль гарснаар 63 мянга цэг дээр компаниудын орлогыг бүртгэж байна. НӨАТ-ын хууль анх гарахад эсэргүүцэж байсан ч одоо нийтээрээ үр шимийг нь  хүртэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Татварын шинэ багц хуулийн төсөлд татвар хураах, тайлагнах үйл явцыг маш амар хялбар болгохоор тусгажээ.Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлснээр төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем дээр бусад төрийн байгууллагуудтай харилцан уялдаатай ажиллах нөхцөл бүрдэх юм байна. Тухайлбал хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлснээсээ хойш 14 хоногт багтаж татварын албанд бүртгүүлдэг. Ингэхийн тулд тодорхой материал бүрдүүлэх шаардлагатай болдог. Тэгвэл татварын удирдлагын нэгдсэн системтэй болсноор “Хур” системийг ашиглан улсын бүртгэл дээрээс нь татварын алба шууд бүртгэх боломжтой болох аж. Хувь хүний орлогын албан татварын бүртгэл дээр л гэхэд тухайн хүний регистрын дугаараар бүртгэдэг бөгөөд энэ нь хувийн мэдээллийг нь олонд ил харагдуулдаг талаар гомдол  их гардаг байв. Тиймээс хувь иргэдэд 11 оронтой дахин давтагдашгүй код үүсгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл татвар төлөгч 18 төрлийн татвараа төлөхдөө ашиглах дахин давтагдашгүй дугаартай болно гэсэн үг. Иргэний татварын орлогын суутгалыг цэнхэр дэвтэрт бүртгэхгүйгээр шууд цахимаар бүртгэнэ.

Татварын тайлан хүлээн авах үйл ажиллагааг бүрэн цахимжуулах зохицуулалт багц хуулийн төсөлд туссан байгаа аж. Ингэснээр тайлан хүлээн авахад гарч байгаа хүндрэлүүдийг бүрэн шийдэх юм байна. Тэрчлэн татвар төлөгчид жилд дөрвөн удаа буюу улирал тутам тайлангаа гаргадаг бол шинэ хуулиар татвар төлөгч аж ахуйн нэгжүүд 4 сигментэд хуваагдах бөгөөд 50 саяаас доош орлоготой ААН-үүд жилд нэг удаа л татварын албанд орлогоо тайлагнана.

Айл өрх бүрийн амьдралд тусгалаа олж хэрэгждэг, өрхийн орлогод жинхэнэ утгаараа нөлөөлдгөөрөө татварын хууль маш чухал. Тиймээс татварын хууль маш ойлгомжтой, тодорхой байх ёстой гэж үздэг. Нийгэмд хүлээлт үүссэн асуудлыг шийдэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн татварын орчныг бүрдүүлэх чиглэлээр татварын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment