8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батбаатар: Ашигт малтмалын дотоодын тээврийг Монголчууд хийх ёстой

2019-02-19 09:03:44

“Газрын тосны салбарт монгол компани, иргэдийн оролцоог нэмэгдүүлье” сэдвийн хүрээнд энэ салбарт дотоодын тээврийн ихэнх хувийг Хятад компаниуд эзлэх болсон асуудлаар Зам тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Батбаатартай ярилцлаа.

– Газрын тосны салбарт гадны хөрөнгө оруулалттай команиуд нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Одоо үндэсний тодотголтой компаниуд энэ салбарт капитал үүсгэх цаг нь болсон юм биш үү?

-Эдийн засаг хөгжиж байгаа орнууд дэд бүтэц, тээврийн салбараа маш их анхаардаг. Тэр дундаа газрын тосны салбарт тээвэрлэлтийн асуудал нэн тэргүүнд тавигддаг. Гэтэл “Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншин” зэрэг Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд дотоод, гадаадын тээврийг бүрэн хариуцаж байгаа нь монголчуудад хаалттай, нөлөөлөх боломжгүй нөхцөл байдлыг бий болгоод байгаа юм. Энэ дээр төр засгаас бодлогын хүрээнд анхаарч монгол талаасаа ядаж тээвэрлэлтийн асуудлаа хариуцдаг болгох зайлшгүй шаардлагатай байна.

Ер нь үндэсний бүтээн байгуулалт, үндэсний капитал бий болгох гэж байгаа компаниудаа нэгдүгээрт авч үзэх талаар Газрын тосны болон Ашигт малтмалын тухай хуульд ч тусгасан байдаг.

Нөгөөтэйгүүр Хятад, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тухайн улсын нутаг дэвсгэр дээр нэг цэгээс нөгөө цэгийн хооронд өөр улсын тээврийн хэрэгсэл явахыг хориглочихсон заалт бий. Тиймээс энэ бүх хэлэлцээр, хууль журмынхаа дагуу газрын тос, ашигт малтмалынхаа дотоодын тээврийг үндэсний компаниуд бүрэн хийх боломжтой юм.

-Мэдээж тээвэрлэлт хийх тоног төхөөрөмж, автомашинаас эхлээд асуудал мундахгүй. Энэ бүхнийг монгол компаниуд хангаж чадах уу?

-“Петро Чайна Дачин Тамсаг” компанитай гэрээлж байх үед технологийн тээврийн кран л гэхэд  Монгол Улсын хэмжээнд цөөхөн байлаа шүү дээ. Дорнод аймагт хоёрхон байх жишээний.  Харин өнөөдрийн байдлаар монгол компаниуд өөрсдөө тээвэрлэлтээ хийх боломжтой болчихоод байгааг холбогдох газрууд анхааралдаа авах хэрэгтэй. Бүр бодлогын хүрээнд дэмжээд өгөх шаардлагатай байна. Мэргэжлийн байгууллагууд эсхүл гадныхан очиход эдгээр хятадын хөрөнгө оруулалттай компаниуд асуудлаа нуудаг, цаашлаад монголчуудыг ажилдаа дэмжин оролцуулдаггүй, хавчдаг, хар бор ажлаа хийлгэдэг зэрэг асуудлууд мундахгүй байгаа юм. Миний хувьд “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монголын Засгийн газар, төрийн байгууллагуудыг 13 жил хулхидсан гэж үздэг.

Дэлхийн жишгийг харж байхад, уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэлтээр нь барьдаг. “Петро Чайна Дачин Тамсаг” л гэхэд манайд оруулж байгаа бүтээгдэхүүнээдээ Хятаддаа шингээгээд тэрнээсээ ашгийн 50 хувийг Монголд өгдөг. Тэгэхээр цаашдаа Гашуун сухайт, Шивээхүрэн, Бургастай, Ярант зэрэг боомтуудаар явж байгаа ашигт малтмалын тээвэрлэлтийг яавал монголын талд болгох вэ гэдэг гарцаа эрэлхийлэх хэрэгтэй.

-Авто тээврийн хэлэлцээр хийж байсан хүний хувьд таны хувьд энэ салбарын хуулинд ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж харж байна?

-Хэлэлцээрийг хэрэгжүүлэх протокол гэж байдаг. Манайхаар бол хууль хуулийг дагасан журам гэдэгтэй адилхан. Үүн дээр энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага нь Зам тээврийн яам, эрх олгогдсон байгууллага нь Авто тээврийн газар гэж байдаг. Иймээс энэ асуудлыг Авто тээврийн үндэсний төв л шийдэх ёстой. Гэтэл сая Засгийн газар гарч ирээд уул уурхайн уурхайнуудад нь өгчихөж байгаа юм. Энэ дээр би маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Одоо манай стратегийн орд газруудын ихэнхийг гадны хөрөнгө оруулалтууд эзэлж, нөлөөлдөг. Ийм нөхцөлд бид уурхайгаар тээвэрлэлтийг шийдүүлвэл “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн бодлого хэрэгжинэ гэсэн үг. Хөшөөтийг л гэхэд цэвэр хятадууд эзэлчихсэн байгаа. Цаад худалдан авагчид нь  хятадууд байгаа учир бүх нөлөөллөө тогтоочихоод байдаг.

Нөгөөтэйгүүр газрын тос тээвэрлэж байгаа 400 гаруй тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл дан Хятадын мэдлийнх байдаг. Үүнийг ойрын хугацаанд ямар нэгэн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл өгөөд машиных нь тоог нэмээд ядаж 50, 50 хувь болгох ёстой. Одоо миний ойлгож буйгаар 400 гаруй тээврийн хэрэгслээс 10, 20 нь л монголын мэдлийнх байна. Ер нь энэ чиглэлийг зөв гольдрилд оруулах тал руу нь явах л ёстой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Одоо өөрөө нүүрс тээвэр хийдэг. Өөрөө ажиллаж бхдаа яагаад ярьж хийж болдоггүй харин өөрөө ийм бизнес хийхээрээ яриад эхэлдэг юм бэ?
2019/02/19 103.229.121.246