8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Цэрэндулам : Зайсангийн "KFC" салбараар үйлчлүүлж хоолны хордлого авсан хоёр иргэн гомдол гаргасан

2019-02-20 13:19:06

Өчигдрийн байдлаар 14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам  KFC хоолны газраас үүдэлтэй хоолны хордлогын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Бүхий л үйлчилгээний байгууллага хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ өмнө тодорхой үүргүүдийг хүлээж байдаг. Гэтэл энэ сарын 09-ны өдөр Зайсан дахь KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны ходлогод орсон хэрэг гарсан. Манай газраас агентлагийн даргын өгсөн үүргийн дагуу хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэдийн хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулсан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд үйлдвэрлэгч худалдагч гүйцэтгэгч зах зээлд нийлүүлсэн бараа ажил үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас эрүүл мэнд болон хүрээлэн байгаа  орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зориулалтын шаардлагыг хангасан байна. Үйлдвэрлэгч худалдагч, гүйцэтгэгч барааны аюулгүй байдлын шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн эрүүл мэнд эд хөрөнгө хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг хуульд заасны дагуу арилгана гэж заасан байдаг.

 Ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн. Өчигдөр манай ажлын хэсэг ХӨСҮТ-д очиж ажилласан. ХӨСҮТ-д очиж ажиллахад халдвар гарснаас хойш нийт 247 хүнд хоолны хордлогын эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 44 иргэний 24 нь хүүхэд байгаа бөгөөд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Үүнээс 11 хүүхэд гурав нь насанд хүрсэн хүн байна гэсэн мэдээлэл ирсэн. KFC Зайсан салбараар үйлчлүүлж хоолны хордлого авсан хоёр хэрэглэгчээс манайд хандан “хохирлыг маань барагдуулж өгөөч” хэмээн гомдол гаргаад байгаа.

Түүнчлэн манай газрын зүгээс “Таван богд фүүдс” компани иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаатай танилцаж, тайлбар авахаар дуудаад байна. Өнөөдөр тус компанийн удирдах албан тушаалтнууд ирж тайлбар өгнө. Мөн тус салбараар үйлчлүүлээд хохирсон иргэд энэ асуудлаар манай байгууллагад гомдол гаргаж болно. Тодруулбал, нотлох баримтын хамт манай байгууллагад гомдол гаргавал холбогдох дүрэм журмын хүрээнд бид гомдолыг барагдуулахын төлөө ажиллана. Иргэдэд учирсан хохирлын хувьд харилцан адилгүй байна. Иргэд хохироод үлдчихвий гэдэг дээр манай байгууллага анхаарч ажиллаж байна” хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment