8o
Улаанбаатар хот
mobile menu

“KFC”-гийн хоёр ажилтнаас илэрсэн Шигеллийн(Shigella) төрлийн нянгаар үүсгэгддэг "ЦУСАН СУУЛГА" өвчний аюул

2019-02-22 10:11:00

Зайсан дахь KFC салбараар үйлчлүүлсэн хүмүүс олноороо хордсон тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гол дуулиант сэдэв байлаа. Тодруулбал, НМХГ нь 2019.02.12-ны 16:56 минутад ХУД-т байрлах Таван богд ХХК-ийн “KFC-Зайсан” салбарын хоолны газарт 2019 оны 2 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд хоол идсэн 16 хүнд усархаг гүйлгэх, бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрсэн” гэх мэдээллийг хүлээн авсан байдаг. Үүнээс хойш 2019.02.18-ны өдрийн 08 цагийн байдлаар эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 247 хүн эмнэлэгт хандаж өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тус 11 хүнээс гурав нь насанд хүрсэн бусад нь  бага насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа аж.  

Зайсан дахь KFC-ээс илэрсэн ноцтой зөрчил

Тус үйл явдлын дараа НМХГ-аас тандалт, хяналтаар сэжиг бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, ундны ус, ундаа болон 2019.02.09, 10,11,12-ны өдрүүдийн бэлэн боловсруулсан хоолны 39 хяналтын дээж болон тухайн байгууллагын ажлын байр, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйтгэлийн үр дүнг үнэлэх зорилгоор эрүүл зүйн арчдас, орчны агаарын сорьц шинжлэгдэхүүн болон нийт 94 сорьцыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан байдаг. Тус шинжилгээгээр дараах ноцтой зөрчилүүд илэрсэн байна. Тодруулбал,


  1. 1. Тус салбар 35 ажилчинтай, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрийг шалгахад арьсны халдварт өвчин илрүүлэх үзлэгт хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтаны гарын үсэг, тэмдэггүй, зурган дээр тамга дарагдаагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэггүй нь ЭМС-ын 2017 оны А/145 тоот тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ыг ноцтой зөрчсөн; 
  2. Хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй, дамжлага дундын хяналт алдагдсан; 
  3. Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй, холбогдох бүртгэл хөтлөөгүй;
  4. Үйл ажиллагаандаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөгдөөгүй халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэг; 
  5. Хоол үйлдвэрлэлд оролцдог ажиллагсад нь сургалт эрхлэх эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үнэмлэхгүй;
  6. Эрүүл ахуйч эмч томилж ажиллуулаагүй, дотоодын хяналт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Лабороторийн шинжилгээний дүнгээр: 
  1. ХӨСҮТ-өөс өгсөн Эмнэл зүйн лабораторийн шинжилгээгээр 4 өвчтөн, 2 хоол үйлдвэрлэлийн хэсгийн ажилтнаас авсан нян тээгч илрүүлэх сорьцонд Шигелийн төрлийн нян илэрсэн. \Shigella spp\
  2. НМХГ-ын Төв лабороторийн сорилтын дүнгээр ундны усанд бичил биетэний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.5 дахин их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 100 мл-т 152, Klebsiella spp тус тус илэрсэн. Мөн “Seven up” нэрийн ундаанд E.coli илэрсэн. 
    Өвчний талаар /Shigella spp/: Цусан суулгын өвчний нууц үеийн хугацаа нь 6 цагаас 7 хоног байдаг тул энэ хугацаанд өвчлөл нэмж бүртгэгдэх боломжтой аж.

Өвчтэй, нян тээгч ажилтнуудын бохирдуулсан эд зүйл, хүнсээр дамжиж шигеллийн үүсгэгчээр үүсгэгдсэн хоол хүнсээр дамжсан халдварт өвчний дэгдэлт гарсан хэмээн мэргэжлийн байгууллага үзэж байгаа аж. Мөн үүнээс гадна гал тогоонд ажиллаж байсан хоёр ажилтан эхлээд шигел нянгийн халдвартай байсан бол цаашлаад хэд хэдэн ажилтан уг нянгийн халдварыг авсан байна. Нян тээж байсан ажилтнууд хэзээ халдвар авсныг тогтоохоор мэргэжлийнхэн ажиллаж байгаа. Усны хувьд 2018 онд шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнд байсан гэсэн мэдээллийг НМХГ өгсөн.

“KFC”-гийн хоёр ажилтнаас илэрсэн ЦУСАН СУУЛГА өвчний талаар та мэдэх үү?

Цусан суулга нь Шигеллийн(Shigella) төрлийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Цусан суулга өвчний үүсгэгч Shigella-ийн дөрвөн  өөр зүйл байдаг. Халдварын үүсгэгч нь: сүү, ээдэм, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг. Гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, эд юмс, ус, хоол хүнсийг бохирдуулж, ихэвчлэн ахуй хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Мөн нянгаар  бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх үед  халдварлана. Халдварын эх уурхай нь шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүн, нян тээгч байна.

Халдвар авсан хүнд 1-2 хоногийн дараа халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах шинж тэмдгээр илэрдэг. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг. Халдвар авсан зарим хүмүүст ямар ч шинж тэмдэггүй байж болно. Гэвч бусдад халдварыг дамжуулдаг. Цусан суулга өвчний тархалтыг гараа савандаж угаах, ариун цэвэр, эрүүл ахуйн бусад арга хэмжээ авснаар зогсоож болно.

Цусан суулга өвчин халдварлалт өндөртэй, жишээлбэл бохирдсон гараа амандаа хүргэх, хоол хүнсэнд хүрэх үед халдвар авах боломжтой. Маш бага (10-100) тооны нян залгихад халдварыг үүсгэдэг ба өвчин эхэлсэнээс хойшхи гурван долоо хоног халдвар тараах боломжтой байдаг. Ихэвчлэн 2-4 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Бага насны хүүхдэд  хордлого ихтэй, шингэнээ амархан алдах, бүдүүн гэдэсний шарх үүсэх зэрэг  хүндрэл  үүсдэг аж.

KFC-ийн бусад 11 салбарыг хаана гэсэн ч өнөөдрийг хүртэл ажиллаж байна

2019-02-18  Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний хурал дээр “KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлсэн. Тодруулбал,  “Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” хэмээн хэлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл бусад 11 салбар хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулахаас гадна хордлогонд орж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн гомдлыг барагдуулаагүй байгаа аж. Тус иргэдийн хохирлыг барагдуулж, бусад 11 салбарыг хэзээ хааж, шалгалт хийх вэ?.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Зайсангийн пицца хатад , нэг ажилчин залуу шал арчиж байснаа , дараа нь гүйж гал тогооны хэсэгт очингуутаа , пицца зүсээд байсан. Тэр даруйд нь өөрт нь хэлсэн.Гэтэл би гараа угаасан гэж хариулсан шүү.
2019/02/28 139.5.217.147
  • Recent
  • Most Read
  • Most Comment