Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны сүүлээр иргэдийн гадаад паспортыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор шинэчлэхээр төлөвлөжээ. Эдүгээ Монгол Улсын иргэд 2002, 2006 оны загвар бүхий гадаад паспорт ашигладаг. Түүнд чип байдаггүй, хугацааг нь сунгахдаа улсын бүртгэгчид гараар бичилт хийдэг зэргээр цаг үе, дэлхийн стандартаас хоцрогдсон гэж үзжээ. (Чип гэдэг нь тухайн иргэний тухай мэдээллийг аливаа улсын хил дээр эрх бүхий байгууллага тайлж уншиж болох нууцлал бүхий гялтганасан наалт юм). Гадаад паспортыг чиптэй болгосноор Монгол Улсын иргэд хилээр гарах, олон улсын виз мэдүүлэхэд хялбар болно гэж үзэж байгаа. Мөн хуурамчаар гадаад паспорт үйлдэх тохиолдол арилна. Гадаад пастортын шинэчлэлийн ажил хэзээ эхлэх нь тодорхой бус. Ямар ч байсан иргэдийн гадаад паспортыг дэлхийн стандартад нийцсэн гадаад паспорттай болгох нь цаг үеийн шаардлага юм. Гэхдээ өндөр нууцлалтай, чиптэй паспорт авах уу, эсвэл хуучнаа хэрэглэх үү гэдгээ иргэд өөрсдөө шийдэх боломжтой.
Иргэдийн гадаад паспортыг ингэж шинэчлэнэ
2016-03-02 12:26:00