8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэт-40 жил” сэдэвт алтан марк үйлчилгээнд гаргалаа

2019-02-22 19:00:00

Монголчуудын ХХ зууны Манлай бүтээн байгуулалт,  улс орны  нийгэм, эдийн засгийн гол хүч Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойд зориулан Монгол Шуудан компани “Эрдэнэт-40 жил” сэдэвт алтан маркийг бүтээж, үйлчилгээнд гаргажээ.

Тусгай технологиор бүтээсэн алтан маркийн нээлт өчигдөр Эрдэнэт хотод болов. “Эрдэнэт 40 жил” алтан маркийн нээлтийн ажиллагаанд Эрдэнэт хотын Захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон тус үйлдвэрийн удирдлагууд, хамт олны төлөөлөл оролцсон байна. 

"Монгол Шуудан" ХК уул уурхайн сэдвээр анх 1977 онд Эрдэнэтийн овооны ордыг түшиглэсэн их бүтээн байгуулалтыг бэлгэдэн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нэртэй нэг нэрийн марк гаргаж байсан бол хоёр дахь буюу түүнээс хойш 42 жилийн дараа “Эрдэнэт 40 жил” сэдэвт өндөр технологийн алтан маркийг үйлчилгээнд нэвтрүүлж буй аж.

“Эрдэнэт 40 жил” сэдэвт маркийг 22 кратын алтан ялтсан дээр тусгай хэвээр шахаж, офсет хэвлэлийн технологийг хослуулж хийжээ. Энэхүү маркны зураачаар "Монгол шуудан"  компанийн зураач, МУСТА Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна.  Шуудангийн маркийн сэдвийн төлөвлөгөөг жил бүр Монгол Улсын Засгийн Газраас баталдаг. Энэ төлөвлөгөөний дагуу 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 119 тоот тогтоолд зааснаар бүтээсэн “Эрдэнэт-40” тусгай технологийн алтан марк нь шуудангийн үйлчилгээнд орж буй 1041 дэх сэдвийн марк болж буй.

Аливаа улс орны тусгаар тогтнолын баталгааг илэрхийлдэг марк бол дэлхий дахины түүх соёлын нэгэн үнэт өв юм. Үйлчилгээнд гарсан даруйдаа тухайн орны зан заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлж чаддаг марканд Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн хөгжил дэвшил, өнгө төрхийг багтаасан бөгөөп энэ үйлдвэрээр дамжуулан Монгол орныг дэлхийд таниулахад чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд уг алтан маркийг үнэлж байна. 

Эрдэнэт  үйлдвэр бол нийгмийн хариуцлагын хамгийн шилдэг бодлоготой компани. Тиймээс компанийнхаа үнэт баялагийг уурхайчид, ажилтнууд хэмээн тодорхойлдог. Энэхүү утга санааг алтан маркны гол хэсэгт эгэл жирийн уурхайчнаар төлөөлүүлэн дүрсэлсэн нь үйлдвэрийн үндсэн зарчим, үнэт зүйлийг тусгаж чаджээ.

“Эрдэнэт 40 жил” сэдэвт алтан марканд үйлдвэрийн өчигдөр, өнөөдрийг харьцуулан өнгөт болон хар зургийн аргаар ялгаж дүрсэлсэн нь зууны шилдэг үйлдвэрийн техник технологийн шинэчлэл, ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, үйл ажиллагааны  хөгжил дэвшлийг өгүүлсэн утга агуулга төгс шийдэлтэй бүтээл болсныг марк сонирхогчид онцолсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл