8o
Улаанбаатар хот
mobile menu

ХОЁР. Хар тамхичдыг хатуухан шийтгэхгүй бол хаалга тогшоод эхэллээ, тэд

2019-02-25 09:51:02

2012 онд Монгол Улсын хар тамхи хэрэглэгчдийн тоо 60 мянга орчим гэж таамаглаж байсан. Тэгвэл энэ тоо зургаан жилийн дотор хэд болж өссөн бэ гэдэг нарийн тоо одоогоор алга. Гэхдээ л судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 130 мянга нь ямар нэг байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн гэж хариулсан нь өнөөдөр биднийг түгшээж байна. Өөрөөр хэлбэл энэ 130 мянга дотор таны миний хүүхэд, дүү явж байна гэсэн үг юм.

Тамхи л гээд байгаа болохоос биш үүний цаана татдаг, тарьдаг, зажилдаг, үнэрлэдэг гээд олон мансууруулах төрлийн бодис бий.

Нэгэн цагт үүнийг Монголчуудыг бид зурагтаар л Холливүүдийн киноноос л үздэг байсан бол одоо бидний хаалганы цаана худалдаалагддаг, хүүхэд залуус худалдан авч хэрэглэдэг эд зүйл болох хувирчихаад байна. Энэ бол бидний хар тамхины эсрэг хийсэн үйлдэл, үйл ажиллагаа маш сул байгаагийн илрэл юм. Гэхдээ өмнөх дугаарт төрийн сул хяналтын хажуугаар хар тамхи гэгч урсан орж ирж байгаа тухай дэлгэрэнгүйгээр бичсэн учраас энэ удаа дахин нуршихаас татгалзлаа.

Харин энэ удаад хар тамхитай холбогдсон хүнд ноогдох ял шийтгэлийн талаар мэдээлэл хүргэхийг зорьсон юм.

Манайд одоогоор МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн дагуу хяналт тавьж ЭРҮҮГИЙН ХУУЛЬ-аар шийтгэл ноогдуулж байна.
Эрүүгийн хуулийн ХОРЬДУГААР БҮЛЭГ 20.7, 20.8, 20.9, 20.10 дугаар зүйлд хар тамхитай холбоотой заалт, зохицуулалтууд бий.

Тухайлбал, 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан бол

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа юм. Энэ төрлийн бодис хэрэглэхэд орон байраар хангасан, завшсан, тарьж ургуулсан бол мөн л дээд хэмжээ 12 жилийн ял оногдуулах гэж заажээ. Тэгэхээр манайд хар тамхитай холбоотой гэмт хэргийн ял хөнгөдөөд байна уу гэж хардах үндэслэл байна.

Дэлхийн ихэнх улс оронд хар тамхитай холбогдсон бол бүх насаар нь хорих, эсвэл цаазаар авах ял шийтгэл үйлчилдэг. Манайд мэдээж цаазын ял байхгүй. Гэхдээ л 10-аад жил гэдэг хар тамхины наймаачин, хар тамхи хэрэглэгчдэд тун бага санагддаг бололтой юм. Тиймээс л дахин дахин хууль бус үйлдэл гаргасаар л байна.

Мөн энэ төрлийн хэрэгт холбогдогчид хууль хяналтын байгууллагад танилтай, тохиролцоотой байдаг юм уу гэж хардах үндэслэлүүд ч олон харагдах боллоо. Тухайлбал, хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад газар дээрээ баригдсан олны танил эрхмүүдийн холбогдсон хэргүүдийн талаар бид мэднэ.
Гэвч тэднийг хэрхэн шалгаж, хэрхэн шийтгэж, хариуцлага тооцсон бэ гэдэг нь тодорхойгүй хэвээр үлддэг.

Монголын Хип Хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр олон удаагийн үйлдэлтэй шоронд хоригдсон ч өөрийгөө шатаах оролдлого хийж, эх сурвалжийн мэдэгдсэнээр хэд хэдэн хүнийг матсанаар ялаас мултарсан гэх нь бий. Жил хүрэхгүй хугацаанд хоригдсон болоод суллагдсаныг олон нийт нүдээрээ харсан шүү дээ. Мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбогдсон Г.Сарангэрэл гэх охин ч хар тамхитай холбоотой хэргээр жил гаруйн хугацаанд суугаад гарч ирсэн. Гэвч удалгүй өөрийн биед хар тамхи нуун Монголын хилийг давах гэж байгаад дахин баригдаж, одоо хэрэг нь шалгагдаж байна. Эсвэл тавиад явуулчихсан уу бүү мэд. Ямартай ч ийм хэрэг болсон нь үнэн. Түүнээс гадна НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү С.Бямбацогт гэгч хэсэг нөхдийн хамт хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх хэргийн талаар хуулийн байгууллагын эх сурвалж анх мэдээлж байсан. Саяхны өдөр тэдгээр залууст холбогдох шүүх хурлын тов зарлагдсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа. Магадгүй ингэж явсаар мартагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болж, замхран алга болох вий гэсэн бодол төрж байна.

Нэр хүнд эрх мэдэлтэй хүнийг ийм төрлийн хэрэгт холбогдсон бол торгох, сануулах төдий арга хэмжээ аваад өнгөрөх нь элбэг байх. Эх сурвалжийн бичсэнээр “…хэргийг шалгаж байгаа гэсэн нэрийн дор прокурор, хууль хүчний алба хаагчид хар тамхи хэрэглэсэн, хилээр нэвтрүүлсэн, худалдан борлуулсан байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгож, торгож, батлан даалтад гаргаж, тэнсэн болгодог уламжлал нэгэнт тогтсон … Арын хаалгатай хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоход хэсэг шуугиан болж, намжсаны дараа хэргийг хэрэгсэхгүй болгож, хорьж, баривчилдаггүй…” гэжээ.

Эргээд харцгаая.

Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүст ямар ял шийтгэл ноогдуулсан талаар бидэнд мэдээлэл байна уу? Өнгөц харахад хар тамхины хэрэгт холбогдвол тэгэсгээд торгуулиад өнгөрчихдөг мэт ойлголтыг олон нийтэд өгч байна. Ийм байхад бид яаж хар тамхины хэрэглээг хязгаарлах вэ.

Харин ч эсрэгээрээ хар тамхины хэрэгт холбогдогсдыг бүх насаар хорих, ял шийтгэлийг хар, чанга болгох, энэ тухай олон нийтэд ил тодоор мэдээллэдэг байвал оновчтой мэт. Ядаж л бүх насаараа болохгүй хүмүүстэй хоригдох юм байна шүү гэдэг ойлголтыг өсвөр насныханд өгнө шүү дээ. Өөрөөр хэлбэл хар тамхийг дагаж маш хатуу, чанга ял шийтгэл явдаг юм шүү гэдэг ойлголтыг бүх нийтэд өгөх хэрэгтэй. Ингэж л аюулын харанга дэлдэгч тахлаас салах арга замыг олох байх. Түүнээс мансуурсан нэгний толгойг илж, халаасыг нь тэмтэрч байх хооронд чинь хаалга тогшоод эхэллээ, харийн гэмт бүлэглэлүүд…

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хаалга тогшоод эхэлсэн бишээ. Орж ирээд хоймор заларчихсан шүү. Аль 2000 оны дундуур энэ асуудлыг анхаарахгүй бол барьж дийлэхгүй хяналтаа алдана шүү гэж төр засагт их анхааруулсан. Даанч тоогоогүй.
2019/02/25 66.181.180.183
Zochin
Huuli huchniihen oorsdoo hergelj b gaa daa
2019/02/25 202.9.43.150
Zochin
Yag unen uls undestenee avrahiig bodvol odoohon huulia changatgaj arga hemjee av 461 duurlee shuu
2019/02/25 202.9.43.150